Өмнөговийн малчид зам хаахаа зогсоов

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Өмнөговийн малчид зам хаахаа зогсоов

Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс, Хүрмэн, Цогтцэций сумын малчид нүүрсний тээвэрлэлт хийдэг гол шороон замуудыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хаагаад байсан юм. Тэд Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Энержи ресурс", "Тавантолгой", "Монгол алт", "Чинхуа-Мак-Нарийн сухайт", "Өмнийн говийн элс", "Оюутолгой" зэрэг компанийг эсэргүүцэн, ийн тэмцэл өрнүүлээд байгаа юм. Нүүрсний гол тээвэр дээрх сумдын нутаг дэвсгэрээр нийт 86 км замыг айрч өнгөрдөг байна. Засмал зам тавьсан ч хураамжтай гэсэн шалтгаанаар уул уурхайн хүнд даацын машины жолооч нар шороон замаар ихэвчлэн явдаг ажээ. Үүнээс үүдэж тоос шороо босох, бэлчээр талхлагдах зэрэг нь малчдад хүндрэлтэй байгаа нь мэдээж. Малчдын эсэргүүцэл үргэлжилж байгаа эсэх талаар Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагаас тодруулахад, “Нүүрс тээвэрлэх бүх замыг хаагаад байсан малчид хоёр шалтгааны улмаас эсэргүүцлээ түр зогсоогоод байгаа. Нэгдүгээрт, малчид  компаниудын удирдлагуудад шаардлага хүргүүлсний дагуу  хариугаа хүлээх хэрэгтэй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр энэ өдрүүдэд манай аймагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажиллан, “Тавантолгой”, “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцаж байгаа тул малчид зам хаахаа зогсоосон” гэлээ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж