Үнэт цаасны үнэгүйдэл

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны үнэгүйдэл

Зурагт хараад сууж байтал Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт олгох 536 ширхэг хувьцаа эзэмшиж буйг баталгаажуулан үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгасан тухай ярьж байлаа. Үүний дагуу өөрт ногдсон 536 ширхэг хувьцаагаа шалгах гэж www.schcd.mn сайт руу зочиллоо. Регистрийн дугаараа оруулаад шалгаж үзэхэд “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн иргэн бүрт олгох 536 ширхэг хувьцааг эзэмшиж байна. Та төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн байгаа учир дараах брокер, дилерийн компанид очиж үйлчлүүлнэ үү” гэсэн бичиг гарч ирэхэд ихэд гайхлаа. Юун данс, юун хувьцаа билээ гэж бодон тус брокерийн пүүсийг зорилоо. Тэнд очиход миний регистрийн дугаарыг асуугаад “Та манайд бүртгэлтэй мөн данс нээлгэсэн байна. Түүнчлэн “Өгөөмөр-Уул” ХК-ийн 196 ширхэг хувьцаа эзэмшиж байгаад 2002 онд хувьцаагаа арилжаалсан байна” гэлээ. Иймээс надад дэлгэрэнгүй мэдээлэл  бүхий материалыг хэвлэж өгөв. Энэ мэдээлэлд “1994 онд анх хувьцаа эзэмшигч болсон. 2002 онд 196 ширхэг хувьцааныхаа нэг ширхэгийг нь 10 мянган төгрөгөөр бодож, нийт 1960 төгрөгөөр арилжаалсан” гэсэн байв. Би ч гайхсаар нөгөөх ажилтанд “Уучлаарай, би өнөөдөр л вэб сайтаас энэ талаар мэдлээ. Тэгээд мэдээлэл аваад танай компани дээр ирсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрт олгох 536 ширхэг хувьцаагаа орсон эсэхийг шалгаж байгаад үүнийг олж мэдлээ. Би 196 ширхэг хувьцаа эзэмшдэг,  тэрийгээ зарж арилжсаныг ч мэдээгүй юм байна” гэхэд “Тэ энэ баримтыг сайн үз. Бүх зүйл тодорхой байгаа” хэмээв. Цэнхэр, ягаан тасалбарыг иргэдэд тарааж байхад би хүүхэд байсан. Одоогоос 10 жилийн өмнө буюу 2002 онд миний мэдлийн 196 ширхэг хувьцааг арилжаалахад  бас л хүүхэд байсан. Эцэг, эх хоёр маань мэдэж байгаа болов уу гээд асууж тодруулахад “Тийм ээ, тухайн үед ажиллаж байсан компанидаа хувьцаа эзэмшдэг байсан. “Цэнхэр, ягаан” тасалбар нь одоо хаана байгааг бүү мэд. Хожим сонсоход тэр компани дампуурсан сураг дуулдсан болохоор учрыг нь олж чадаагүй орхисон юм” гэлээ.

ХЭРЭГЛЭЖ БОЛДОГГҮЙ “ХИШИГ”

Цэргийн шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлэхээр цэргийн үүрэгтний үнэмлэхээ хайж байтал миний нэр дээр байдаг “Хөрөнгө оруулалтын эрхийн  бичиг” гэсэн хуучир­сан  баримтаа оллоо. Тэгээд “Энэ юу вэ” хэмээн ээжээсээ асуутал “1990-ээд оны эхээр өмч хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбарыг иргэн бүрт олгосон юм. Тэгэхэд чиний нэр дээр “НИК” ХХК-ийн 56 ширхэг хувьцааг нэгж бүрийн үнэ нь 125 төгрөгөөр бодож авсан юм” гэв. Лавшруулан “Энэ зүйл чинь хүчинтэй юу” гэхэд “Хүчинтэй, хүчингүйг нь мэдэхгүй юм” хэмээв. Би ч сураглаж явсаар одоогийн “Петровис” компани дээр ирэв. Тус компанийн хуульч н.Тэмүүжин гэх залуутай уулзаж, тодруулахад “2009 оны арванхоёрдугаар сард “НИК” ХХК болсон. Өнгөрсөн  оны дөрөвдүгээр сард 20 сая 950 мянга 60 ширхэг хувьцааг нэгтгэж,  мянган ширхэг хувьцааг нэг ширхэг хувьцаа болгон тус бүрийн үнийг 1181 төгрөгөөр тогтоосон. Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр  зарлан нийт хувьцаа эзэмшигчдийг  хуралдуулсан юм” гэв. Ингээд “Монголын Хөрөнгийн биржид очин дансны хуулгаа гаргуулав. Тухайн үед байсан брокер, дилерийн компани дээр хувьцаагаа ширхэгийг нь 1181 төгрөгөөр бодуулж тооцоогоо хийж болно гэж “НИК” ХХК-ийн хуулийн зөвлөх хэлсэн юм. Түүний зөвлөснөөр Монголын Хөрөнгийн бирж рүү ороход Олон нийттэй харилцах алба гэсэн хаягтай шар хаалга байв. Тэнд урт дараалал үүссэн байлаа.  Мөн л надтай адилхан “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг” барьсан хүмүүс байсан аж. Өрөөнд орж дансны хуулгаа гаргуулан авахад “Монгол секюритиес” гэсэн брокер, дилерийн пүүст харьяалалтай  болж таарав. Харин дүүгийн маань хувьцаа 1998 онд арилжаалагдсан байна. Хамгийн гайхалтай нь миний овог, нэр, регистрийн дугаартай “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”-ийг надаас асуулгүйгээр арилжаалсан байсан юм. Хорин жилийн өмнө миний хувьцааг хэн нэгэн ашигласан гэсэн үг юм. Харин одоогийн хүүхдүүдэд маань ногдож байгаа “Эрдэнэс Тавантолгойн” 536 ширхэг хувьцаа 20 жилийн дараа “цэнхэр, ягаан” тасалбар шиг үнэгүйдэх вий дээ.

Л.Баяраа, Б.Болдбаяр

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж