Ширхэг копейк ба олигархиудыг онилсон Д.Медведев

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Ширхэг копейк ба олигархиудыг онилсон Д.Медведев

Элбэгээ эрх баригч хүчний тэргүүнийг өмнөө бөхийлгөв. “Тэргүүн шадар сайд, дэд сайд нарыг шинээр томилох хэрэггүй шүү” хэмээн анхааруулсаар атал Ардын намын дарга С.Батболд генсекээ Н.Алтанхуягийн орыг залгах эрхмээр тодруулчихаад орж ирэхэд нь мань эр эгдүүцсэн биз. Улс төрийн тавцнаа нэг нэгнийхээ эсрэг ямагт сөрөг цэнэг үүсгэдэг ардчилсан Ерөнхийлөгч, Ардын намынхны дунд иймэрхүү уур амьсгал бүрдсэн нь нэг их гайхаад байх хэрэг биш. Ц.Элбэгдоржийн хувьд Төрийн тэргүүний сэнтийгээс араншингаа харуулах хувь, хувьсгалын шалтгаан ч олон бий. Харин өнөөдөр Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар Ерөнхий сайдыг айлгана. Бүр Сүхбаатарын талбайд 10 мянган хүн цуглуулж, үнийн хөөрөгдлөөр иргэдээ үе, үе “айлгадаг” Засгийн газрын тэргүүнд цочроо өгөх гэж байгаа нь тэр. Энэхүү акциа орон даяар нэг өдөр, нэг цагт эхлэхээ ч мэдэгдэв.

ОПЕК Оросыг ажиглаж, монголчууд оросуудаас болгоомжилсон хэвээр. Америк, Араб, Европ, бас Монгол дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш хэрхэн савлахаас адилхан айж байна. Яг энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев олигархиуддаа хориг тавив. “Газрын тосны салбар дахь монополь компаниуд үнэ өсгөж даврахгүй шүү” хэмээн саяхан мэдэгдлээ. Кремлийн тэргүүнийг ийм мэдэгдэл хийх зуур Оросын зах зээлд АИ-92 бензиний үнэ дунджаар 26.658 рубль, дизель түлш 24.56 рублийн үнэтэй байв. Монголчууд ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг дайн зарлачихаад байгаа энэ мөчид Ерөнхийлөгч Д.Медведев “задарсан” задгай мөнгөнүүдтэй тэмцэж эхэлсэн нь тэр. Ингэхээс ч өөр аргагүй юм. Нэг литр бензиний үнэ өнөөдөр хоёр копейкоор өснө, харин маргааш нь нэг копейкоор буурна. Ширхэг копейк иргэдийн сэтгэл зүйгээр ийн тоглож байгаа нь Кремлийн тэргүүнийг ч бухимдуулжээ. Ганцхан ко­пейкийн зөрүүгээр иргэдээ “дээрэмдээд” сурчихсан шинэ оросуудаас Монголын нефть импортлогч компаниудын эзэд хуулбарлав. Тэд шатахууны ханшийг 260 төгрөгөөр нэмснээ эсэргүүцэл, энэ тэртэй тулгармагцаа 50 төгрөгөөр бууруулчихаж байгаа юм. Оросын олигархиудаас туршлага сайн судалсан байгаа биз.

С.Батболдод ч, Д.Медведевт ч хугацаа тун бага үлджээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч тун удахгүй сэнтийгээ орхино. Тиймээс олигархиудад хандсан түүний мэдэгдэл В.Путиний дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийг бага ч атугай намжаах зорилготой юм. Харин Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч В.Путин ирэх гуравдугаар сарын 4-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулбал Д.Медведевийн мэдэгдэл түүх болон үлдэнэ. Шинэ Ерөнхийлөгчийн эрин үе ч албан ёсоор эхэлж, “Роснефть” компанийн монопольчлол үргэлжилнэ. Тэгвэл С.Батболд яах вэ. Тэрбээр шинэ сайд нарт нь хориглох тэмдэг тавьсан Төрийн тэргүүний давааг давдаг юм гэхэд үнийн өсөлтийг хязгаарлаж чадна гэж үү. Харамсалтай нь чадахгүй. Хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн Н.Алтанхуягийн араас “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” хэмээн харуусч суух зуур нь үнэ хяналтаас гарав. Тиймээс түүний хувьд үнийн өсөлттэй тэмцэнэ гэдэг үнэг хөөхөөс ч хэцүү байх нь тодорхой. Тэгээд ч Ерөнхий сайд С.Батболдын цаг дуусах дөхлөө. Харин үлдсэн хугацаанд тэрбээр хэр сайн тоглогч байхаас намынх нь, бас өөрийнх нь хувь заяа шалтгаална.

Москвагаар сонин сайхан юутай вэ. Кремлийн ноёд нефтийн экспортын татвараа дахин нэмж, Д.Медведевээс сануулга авсан газрын тосны магнатууд литр бензиний үнийг 8-10 хувиар нэмэхээр төлөвлөж байна. “Газрын тосны экспортын орлого сайн байсан нь 2011 оны улсын төсөвт эергээр нөлөөллөө” хэмээн тэд дүгнэжээ. Оросууд ийн тоо бодох зуур дэлхийн зах зээл дээр брэнт маркийн газрын тос нэг баррель нь 112 ам.доллар болж өсөв. Ажиглагчид үүнийг Америк, Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөөх тулаан, ам.долларын ханшийн уналт, Евро бүсэд нүүрлэсэн хямралтай холбон тайлбарлаж байгаа юм. Тиймээс америкчууд газрын тосны зах зээлд хориглон хамгаалалт хийж эхэллээ. АНУ энэ онд газрын тосны нөөцөө 2.8 сая баррелиар нэмэхээр болсон нь ч үүнтэй холбоотой. Харин ОПЕК-ийн зүгээс “ОХУ 2012 онд өдөрт 10.33 сая баррель газрын тос олборлох боломжтой” хэмээн үзэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч В.Путин мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр эдийн засгаа модернизацичлах тухай Д.Медведевийн төлөвлөгөөг ажил хэрэг болгохоо мэдэгдэж, Белорус, Казахстан, ер нь өрнө, дорно руу чиглэсэн геостратегийн бодлого баримтлахаа ч мэдэгдэв. Харин Ардын намын дарга С.Батболд УИХ-ын 2012 оны сонгуулиар ард түмэндээ ямар сюрприз барих вэ. Төрийн тэргүүн уржигдар Ерөнхий сайд болон сайд нарт хандаж “Засгийн ажил хийнэ гэдэг загасанд явахтай адил биш. Загасанд явсан хүн ч сонин сайхнаа хуучилдаг” хэмээн хэлсэн. Ард иргэд ч С.Батболдод ингэж хэлнэ. Тиймээс тэр бэлтгэлээ хийх цаг болжээ. Харин В.Путин Ерөнхийлөгчийн сэнтийд дахин залрахын цагт монголчуудад ямар тулгалт хийх бол. Шатахуун түгээх 100 станц байгуулах хүсэлтээ шахалт, шаардлага болгон ирүүлсэн “Роснефть”-ийнхэн дарангуйллын машинаа хэрхэн ажиллуулах нь сонирхол татна. Мэдээж хэрэг, тэдний гол барьцаа нь одоо шатахуун түгээх станц биш, Тавантолгой болж өөрчлөгдсөн. Гэвч энэ бол В.Путиний мэдэх хэрэг. Харин талхны үнэ мэддэг Сангийн сайдтай байх нь С.Батболд таны үүрэг билээ. Тиймээс Д.Хаянхярваа гишүүнийг Хонгор сум руу явуулахаасаа өмнө хүнсний захуудад ажиллуулаарай. Учир нь Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Талхны үнэ 300 төгрөг байгаа” хэмээн худлаа ярьсан шүү.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж