Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Би явлаа, баяртай. Битгий намайг дуудаарай” хэмээн дуу аялан хамтарсан Засгийн газраас өрх тусгаарласан цэнхрүүд суудлаа хэлсэн шигээ амархан тавиад өгчихгүй бололтой. Үүнийгээ Төрийн тэргүүнээр дамжуулан илэрхийллээ хэмээн улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын үүрэг гүйцэтгэгч зургаан сайд болон шинээр томилогдох хүмүүсийг хүлээн авч уулзсан. Уулзалтын эхэнд Төрийн тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн зургаан сайд нарын асуудлыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэсний дараа, шинээр томилогдох сайд нарыг асуудлыг хэлэлцэхийг сануулсан юм. Мөн “УИХ яараагүй байхад Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч миний бие юунд нь яарах билээ” гэх түүний үг уулзалтын цаашдын өнгө төрхийг тодорхой болгов.

Сайдын албан тушаалын төлөө салам зодолдоно хэмээн тооцоолж байтал МАН-ын ах нар намба зааснаар АН-ынхны төлөвлөгөө нурсан. Өөрийнх нь намын ҮЗХ-ны хурлаас өөр үзэх юмгүй болсон улс төрийн амьдралд дуулиан тарих нь Ц.Элбэгдоржийн арга барил. Иймдээ ч тэрбээр өөрийнх нь үгийг ажил хэрэг болгосонгүй хэмээн Ерөнхий сайд С.Батболдод гомдлын үг унагав. Тэрбээр “Шинээр томилогдох сайдуудыг УИХ-аас биш гаднаас гэж хэлсэн боловч, үүнийг биелүүлсэнгүй” гэв. Нэгэнт олонхийн итгэлийг хүлээсэн нам зургаахан сарын настай өөрийн танхимаа бүрдүүлэхэд Төрийн тэргүүн ингэтлээ ач холбогдол өгч, уцаарлах болсон нь хачирхалтай. Өмнөх АН-ын зургаан сайд бүгд УИХ-ын гишүүн байсан гэдгийг тэрбээр мартаагүй л байлтай. Тэр үед ингэж дуу алдаагүй хэрнээ гурван сайдыг дотроос нэр дэвшүүлэхэд юуны учир бухимдах болов. Ерөнхийлөгчийн энэхүү хачирхалтай араншин бол боломжийг ашиглан, МАН-ыг нэрийг “үнэгүйдүүлэх”- санаархал.  Ерөнхий сайд С.Батболдын “Хамтарсан Засгийн газар зорилтдоо таарсан бүтэц батлуулж ажилласан. МАН дангаараа Засаг байгуулах боллоо гээд тавьсан зорилтоосоо ухрахгүй. Хүний өөрийн амлалт гэхгүй төлөвлөсөн ажил,тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэх үг АН-ын улс төржилтийг тас цохисонтой ч холбоотой байх. Ийнхүү Ерөнхийлөгч биш Ц.Элбэгдорж гэдэг хүн л С.Батболдод уурсаж, хариу барьж байна уу гэх өнгө аяс цухалзаж байлаа.

Учир нь Ц.Элбэгдоржийн хэлээд байгаачлан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах боломжгүй. С.Батболдын танхим огцроогүй, гагцхүү замын голд хагарсан зургаан дугуйгаа нөхөөд цааш явахаар шийдвэрлэсэн. Гэтэл машины ачааг сольж, суудлыг өөрчил гэж зөрүүдэлж болохгүй талаар хашир улстөрчид хэлэх боллоо. Мөн зардал мөнгө төдийлөн хэмнэхгүй гэдгийг Сангийн сайд асан С.Баярцогт онцолсон. АН-ын сайдууд дундаас эр хүн шиг загнаж “Тэргүүн шадар, дэд сайдуудыг цомхотголоо гээд төсөв хэмнэж базаахгүй. Засгийн газрын энэ бүтэц ачаалалдаа таарсан” гэх чухам үнэнийг цөөн үгээр илэрхийлсэн. Ер нь ч, С.Баярцогт хамтарсан Засгийн газарт байхдаа намынхан нь шахаж элдвээр дарамтлахад “Би АН-ын сайд биш, Монгол Улсын сайд” гэж намын гишүүдийнхээ амыг хааж байсан удаатай гэдэг. Иймэрхүү хүн Засагт олон байсан бол “Том Засгийн газар”  улстөржилтөөс холуур ажлаа хийх боломж бүрдэх байсан бизээ.

Улс орон, ард түмнийхээ төлөө асуудалд хаширласан байр суурьнаас хандаж буй мэтээр үйлдэл хийх болсон Төрийн тэргүүний цаад санааг харвал АН Засгаас гарсан ч, сайд нараа үлдээх сонирхол бий бололтой. Тухайлбал “УИХ-аар чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн сайд нарын асуудлыг хэлэлцтэл олонхи гишүүн зарим сайдуудыг “Чөлөөлөхгүй” гэдэг шийдвэрийг гаргаж болох талтай тул сайдад нэр дэвшигчдийг хоёрдугаарт тавих ёстой гэж үзэж байна” гэх үг. Гэхдээ тэрбээр санаагаа шууд тулгаж, Тамгын газрын дарга Д.Баттулгаар дамжуулж  “Чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн зургаан сайдын асуудлыг УИХ-аар ярихыг зөвшилцлөө” гэдэг агуулгатай бичгийг хүргүүлэх болно гэдгээ мэдэгдэв.

Түүнчлэн шинээр томилох сайд нарыг ямар шалгуураар оруулж ирсэн талаар Ерөнхий сайдаас тайлбар сонсохыг хүссэн юм. Засгийн газрын тэргүүн С.Батболд “Монгол төрийн үйл ажиллагаа өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль, хууль дүрмийнхээ хүрээнд явах ёстой. Иймээс Засгийн газрын гишүүдээс чөлөөлөгдөх болон томилогдох асуудлыг хуулийн дагуу тавьсан. Цаашдаа УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд мөн УИХ, Засгийн газрын хуульд зохих хязгаарлалт өөрчлөлтийг оруулж УИХ, Засгийн газрын гишүүний давхцлыг ярилцна гэдэг асуудал цаашид бидний батлах хууль дүрмийн хүрээнд тодорхой болгох ёстой зүйлийн нэг” гэв. Сайдын үгийн хариуд “Үндсэн хууль бол бүхний хаалт биш. Хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэдэл гэж байхгүй” гэх байдлаар Ц.Элбэгдорж хандав. Мөн энэ үеэр дараагийн сайд нарыг мөд томилохгүй гэдэг санаагаа Ерөнхийлөгч дурьдаад өнгөрсөн. Уг нь АН-ын сайд нарыг бодвол тухайн салбартаа ажиллаж байсан хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Улс төрийн томилгоогоор салбараа мэдэхгүй нөхөр самраад өнгөрдөг бичигдээгүй хууль өнөөдөр халаагаа өгөх болсон байлтай. Үүний уршгаар Монгол Улс өнөөдөр ямар түвшинд байгааг гудамжны тамхи ширхэлж суугаа эмгэн ч төвөггүйхэн хэлээд өгнө.

Харин АН-ын угшилтай Ц.Элбэгдорж гэгч хүн сайд нарыг ажил, мэргэжлийнх нь онцлогоос харахыг огтхон ч хүссэнгүй. Гагцхүү нэр хүндийг унагаж, олны өмнө нүүрээ хийх газаргүй болгох байдлаар хандсан. “Фортуна” Н.Батбаяр шиг нөхөр байсан бол хүний нэр төрд халдсан хэргээр шүүх рүү гомдол бариад гүйхээр л харагдаж байлаа. Харин МАН-ын нэр дэвшигчид Төрийн тэргүүний үгийг дуулгавартай нь аргагүй сонссон. Санаагаа амартал шүүмжлэл хэлсэн тэр “Араас битгий мэдэгдэл хийгээд байгаарай. Даваа гаригийн үдээс хойш ирээд зөвшилцөл, миний хэлсэн ярьсан зүйлүүд өмнө нь байгаа сайд нарын асуудал энэ бүхнийг харна” хэмээснээр уулзалт дууссан.

“Нийгмийн толь” сонин. Л.НИНЖ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж