ММС-ийн хувьцаа өсөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

ММС-ийн хувьцаа өсөх боломжтой

Хонконгийн хөрөнгийн бирж дээр 0975 кодтойгоор арилжаалагддаг ММС компанийн хувьцааг өсөх боломжтой хэмээн хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MICC компанийн шинжээчид таамаглаж байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн хувьцаа 6,22 хонконг долларын ханшаар арилжаалагдаж байна. MICC-ийн шинжээчдийн тайлбараар бол, 74 хувиар буюу 10 HKD хүртэл өсөх боломжтой хэмээн тооцоолжээ. Энэхүү тооцооллыг энэ сарын 9-ний өдөр гаргасан бөгөөд тухайн үед компанийн хувьцаа 5.75 HKD-аар үнэлэгдэж байсан юм. ММС нь 2011 онд Ухаахудагийн уурхайгаас 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд биелэгдсэн байна. Тус компани энэ онд 10.9 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд төлөвлөснөө биелүүлж чадна гэдэгтээ компанийн удирдлагууд бүрэн итгэлтэй байгаа аж.

Харин MICC-ийн шинжээчийн үзэж байгаагаар компанийн ирээдүйн олборлолт болон борлуулалт тогтвортой байх бөгөөд нийт зах зээлийн уналтаас шалтгаалж, хувьцааны үнэ нь унажээ. Хэдийгээр Европын зах зээлд болж буй хямрал удаан хугацаагаар үргэлжлэх төлөв ажиглагдаж, үүнийг даган Хонконгийн хувьцааны зах зээл уналтад орсон ч ММС-ийн борлуулалт болон үйл ажиллагаанд нь энэ нь шууд нөлөөлөхгүй хэмээн тэд тайлбарлаж байна.

Н.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж