Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн захирал С.МАНГАЛТАЙ ярилцлаа.
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ онд багагүй ажил хийгдэж байна. Хууль нь гарчихлаа, Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс багагүй мөнгө зарцуулж байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байгаагаас ярилцлагаа эхлэх үү?
-Нийслэлийнхэн манай төслийн талаар мэддэг болсон гэдгийг эхлээд хэлье. 2011 он бол үнэхээр агаарын бохирдлыг бууруулахын төлөө цогц ажил явуулсан жил боллоо. Хуультай болсон. Дээр нь хууль хэрэгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Засгийн газар өргөн хүрээнд агаарын бохирдолтой тэмцэж байна. Олон нийтийн байгууллагууд, донор орнууд, гол нь манай хувийн хэвшлийнхэн ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. Манай төслийн хувьд гэр хорооллын иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудыг хийлээ. Нийслэлийн зургаан дүүргийн 50 хорооны иргэдийг хамруулж, эрчим хүчний хэмнэлттэй дөрвөн төрлийн бүтээгдэхүүн борлууллаа. Гэрийн дулаалга, үүдний гонх, эрчим хүчний хэмнэлттэй сууц барих, бүрэн шаталтат утаагүй зуух гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн борлуулав. 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар бид 40-өөд мянган зуухыг айл өрхөд нийлүүлжээ. Арав гаруй мянган бүрээс, 3000 гаруй үүдний гонх, 70 орчим эрчим хүчний хэмнэлттэй сууц борлуулжээ. Өөрөөр хэлбэл, 50 гаруй мянган ширхэг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулсан байна. Зөвхөн зуухны тоогоор аваад үзвэл 40 гаруй мянган айл өрхөд борлуулж, нэг айл дунджаар таван ам бүлтэй гэж тооцвол 200 мянган хүн манай төслийн үр шимийг шууд хүртлээ. Эргэн тойронд нь амьдарч байгаа хэдэн зуун мянган хүн дамаар ашиг хүртэж байгааг хэлье. Ийм л ажил хийгдлээ.
-Агаарын бохирдлыг бууруулахад “Цэвэр агаар” төслөөс хэдий хэмжээний хөрөнгө зарж байгаа вэ. 42 сая ам.доллар гэсэн мэдээлэл яваад байна. Мөн энэ мөнгийг зөвхөн утаагүй зуух авахад зарцуулж байгаа юм уу?
-Төсөл бол гэр хорооллоос үүсч байгаа утааны бохирдлыг бууруулах үндсэн зорилттой. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулахад татаас өгөхөд зориулсан 31.2 сая ам.доллар бий. Энэ хэмжээнд бүтээгдэхүүн борлогдох ёстой. Гэхдээ энэ нь зөвхөн зуух биш шүү дээ. Эрчим хүчний хэмнэлттэй сууц, үүдний гонх, гэрийн дулаалга, дээр нь зуух орж байгаа юм. Ер нь бол бүтээгдэхүүн борлуулна гэдэг чинь илбэ шид шиг айлын гадаа буучихгүй шүү дээ. Энд олон байгууллага оролцож байгаа. Нэгдүгээрт, шинжилгээ судалгааны байгууллагууд орно. Уг бүтээгдэхүүнүүд нь үнэхээр эрчим хүчний хэмнэлттэй эсэхийг судалж, шинжилж гаргах юм. Өгсөн үнэлэлтийн дагуу хэрэглэж болох зөвшөөрөл гаргадаг. Өөрөөр хэлбэл, манайхаас татаас өгч борлуулж байгаа бүх бүтээгдэхүүн баталгаатай, эрчим хүчний хэмнэлттэй гэдэг нь нотлогдсон гэсэн үг. Манайх 15 дотоодын дулаалга үйлдвэрлэгч, хоёр гонх үйлдвэрлэгч, арваад барилгын компани, мөн зуух нийлүүлж байгаа компани бий. Ийм олон байгууллага оролцож байгаа л даа. Дээр нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр борлуулж буй эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг олон нийтэд ойлгуулах ажлыг хариуцсан байгууллага хүртэл бий. Энэ компани маань олон нийтэд мэдээлэл өгөх, зан үйлийг нь өөрчлөх, муу дадал зуршлаас салгах талаар асар их үйл ажиллагаа явуулдаг. Бас том санхүүгийн байгууллага бий. Иргэдийн төлөх мөнгө, манай төслөөс очиж байгаа татаасыг өгөх хоёр банк ажиллаж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн борлуулж байгаа 50 хороонд 50 бүтээгдэхүүний төв, гэр цэг гэж байгуулж ажилласан.
Төслийн шаардлага бол айлын хэрэглэж байсан хуучин зуухыг хурааж авах ажил орж байгаа. Үүн дээр хоёр компани орж байгаа. Ингээд тооцохоор 30 гаруй компани энэ ажилд хүч, хөрөнгөө зориулан ажиллаж байна. Асар их хүч орж ажилласан. Ийм л шат дамжлагаар бүтээгдэхүүн борлуулагдаж, зуух айлуудад хүргэгдэж суурилуулагдаж байна.
Бүтээгдэхүүний үнийн 70 гаруй хувьд нь татаас өгдөг. Үлдсэн хэсгийг иргэд өөрсдөө төлдөг. Төслийн маань нэг гол шаардлага бол зах зээлийн зарчмаар ажиллах. Тиймээс ч олон компанийг сонгож, өрсөлдүүлж, иргэдэд бүтээгдэхүүний сонголт өгч байгаа юм. Дээр нь Засгийн газраас “Цэвэр агаар”-ын сан байгуулж зуух худалдан авч байгаа өрхүүдэд нэмж урамшуулал олгоод явж байна.
-“Цэвэр агаар” төслөөс энэхүү 31.2 сая ам.доллараа бүгдийг нь зарцуулчихсан уу?
-Төсөл анх хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 11 сая ам.доллар зарцуулчихаад байгаа.
-Тэгэхээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа хийгээд, дараа нь татаасаа авна гэсэн үг үү?
-Нийлүүлэгчид бол үйлдвэрлэлээ хариуцна, бүтээгдэхүүнээ авчирна. Манай төв дээр иргэд захиалга өгөөд мөнгөө төлнө. Зуухан дээр жишээ нь гэрт нь аваачиж өгч суурилуулж өгч байж гэрээ нь иж бүрэн болно. Иж бүрэн болсны дараа нь “Хас” банк манайд ийм бүтээгдэхүүнүүд борлогдлоо гэсэн нэхэмжлэх ирүүлдэг юм. Үүний дараа манайх санхүүгийн нэгж рүү явуулж, тэрний дараа үйлдвэрлэгч рүү мөнгийг нь шилжүүлдэг.
-Тэгэхээр зуух нийлүүлж байгаа “М-Си-Эс” групп, “Сэлэнгэ констракшн” компани өөрсдөө эрсдэлээ үүрч байгаа гэсэн үг үү?
-Үйлдвэрлэгч, нийлүүлэгч бүх эрсдэлийг хүлээж ажилладаг. Өндөр эрсдэл үүрч энэ ажил руу орж байгаа юм. Яагаад гэвэл, ганц ч төгрөг бид урьдчилгаа болгож төлдөггүй. Иргэд худалдаж авсан бүтээгдэхүүнд л татаас өгдөг юм, бид. Механизм нь өөрөө ийм.
-Иргэдэд бүтээгдэхүүний сонголт өгөхийн тулд олон компани сонгосон гэлээ. Бүрэн шаталтат зуухан дээр гэхэд хэдэн компани ажиллаж байгаа юм бэ?
-Хоёр компанийн дөрвөн зуух бий. “Өлзий”, “Хас”, “Дөл”, “Голомт” гэсэн зуухнууд.
-Зөвхөн зуухан дээр өгөх Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн татаас нь хэд вэ?
-Нийтдээ 41673 зуух, 11 мянган гэрийн дулаалга, 3000 орчим гонх, 68 эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдахад 11 сая ам.долларын татаас өгсөн. Энэ мөнгөнд зуух орсон байгаа.
-Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн 50 гаруй мянгыг борлуулжээ. Гарч байгаа үр дүнг нь дүгнэж, цэгнэж байна уу?
-Гол үр дүнг хэрэглэгчид хэлнэ шүү дээ. Ашиг шимийг нь иргэд, айл өрхүүд хүртэж байгаа. Бид бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүстэйгээ байнгын холбоотой байж, ярилцдаг, уулздаг. Санал бодлыг нь сонсоод байхад иргэд нэгдүгээрт, эрчим хүчний хэмнэлттэй байхын ач холбогдлыг ойлгожээ. Энгийнээр бол дулаалгаа сайжруулж, нүүрсээ бүрэн шатаадаг зуух үнэхээр сайн байна гэдэг. Тэр хүмүүс өөрсдийнхөө хэрэглээг мэдэж байгаа шүү дээ. Өнгөрсөн хэрэглээтэйгээ харьцуулж, өдөрт гурав, дөрвөн утаар түлдэг байсан бол одоо хоёрыг л хэрэглэж байна гэж хэлж байна. Хэдэн хувин үнс гаргадаг байсан бол одоо тавган дээр тавьсан юм шиг жаахан үнс асгадаг боллоо гэдэг. Гэр орон элдэв угааргүй, тохьтой, цэвэрхэн болж байна гэж байна. Утаа багаслаа гэдгийг хэлдэг. Нэгд, түлшээ хэмнэснээр багасгаж байна. Хоёрт, бүрэн шаталтат зуух маань галласнаас хойш арваад минутын дараа л утаагүй болдог. Биет үр дүнг нь иргэд өөрсдөө харж байгаа болохоор үр дүнг нь хэлэх хүмүүс нь л дээ. Дээр нь Хотын агаарын чанарын албаны явуулын станц хэмжилт судалгаа хийсэн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад агаарт байсан хорт бодисын хэмжээ 30-40 хувиар буурлаа гэж үр дүнг нь хэлж байгаа. Хоёрдугаар сард АНУ-ын мэргэжилтнүүд ирж үнэлгээ өгнө. Тэгэхэд дахин хэмжилт хийнэ. Төсөл 2013 оны есдүгээр сард дуусах болохоор явцын үр дүнг гаргах байх.
-Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг сонгогдсон 50 хороонд л өгч байгаа. Бусад дүүрэгт хүлээлт үүсчихээд байхад төсөл хэрэгжиж байгаа 50 хорооны өрхүүд алгуурлаад байгаа тал ажиглагддаг. Ер нь эрчим хүчний борлуулалттай бүтээгдэхүүнийг үргэлжлүүлээд борлуулаад байх уу, эсвэл тодорхой хугацааны дараа иргэд хамрагдаагүй байсан ч болих уу?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Засгийн газар, хотын захиргаанаас хэрэгжүүлсэн ажил бол эхлээд бүсчилэл тогтоосон явдал. Агаарын чанарын бүсэд 50 хороог хамруулсан юм. Тухайлбал, Баянгол дүүрэгт түүхий нүүрс түлэхийг хориглосон. Түлшний нөөц бүрдэхээр тэр хэсгээ тэлэх хэсэг гэж бий. Харин үлдсэн 43 хороонд эрчим хүчний хэмнэлттэй зуух хэрэглэх бүс гэж тогтоосон. Энэ бүс дээр бид ажиллаж байна. Ер нь аливаа юм хэмжээтэй, хязгаартай, хугацаатай ш дээ. Бид нэг хорооны нутаг дэвсгэрт таван сар ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн наймдугаар сараас тоолоход Чингэлтэй дүүрэгт захиалга зогссон, хэдэн төвд түгээлт үргэлжилж байна. Сүхбаатар дүүргийн төвүүд үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн. Ингэхээр энэ төвүүд хаагдаж байна. Бас нэг дор энэ төвүүд зэрэг ажиллаагүй. Цуварч ажиллаж эхэлсэн болохоор тэр хугацаагаараа цуваад хоёрдугаар сарын сүүл гэхэд бүх төв хаагдаж дуусна. Энэ нь 50 хорооны нутаг дэвсгэрт эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээ борлуулаад дуусч байна гэсэн үг. Бид АНУ-ын Мянганы сорилтын корпорацид санал дэвшүүлж, үлдэгдэл нөөц ямар байгаа вэ гээд төсөв, төлөвлөгөө баталж байж дараагийн ажил явагдана. Ер нь бол тэр мөнгө нэрлэгдээд байгаа болохоос Засгийн газрын дансанд бүхэлдээ орчихоод байгаа юм биш шүү дээ. Үүнийг манай иргэд ойлгомоор байгаа юм. Энэ ажилд нийгмийн идэвхтэй хэсэг сайн оролцлоо гэж бодож байна. Одоо бүтээгдэхүүний төвүүд хаагаад эхлэхээр “Би ажилтай байсан. Завгүй болоод авч чадсангүй. Одоо авъя” гэж байгаа. Нэгэнт л хугацаа нь дууссан бол дахин олгохгүй.
-Утааг улстөржүүлэх хандлага гараад байна. “Цэвэр агаар” төслөөс өгсөн бүх мөнгийг нэг компанид өгчихлөө, зөвхөн зуух авахад зориулж байна гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хийх вэ?
-Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл нэг ч байгууллагад урьдчилж мөнгө өгдөггүй. Яг үйл ажиллагаа хэрэгжсэний дараа бүтээгдэхүүнд оногдох татаасыг өгдөг. Бусад эрсдэлийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч өөрсдөө хариуцдаг. Тэр байтугай нийлүүлэгч нартай бид нэг жилийн гэрээ байгуулсан. Тэр хугацаанд манайд нийлүүлэх үнийг өөрчлөхгүй, валютын ханшийн зөрүүг тооцохгүй гээд хатуу гэрээ байгуулчихсан. АНУ-ын Мянганы сорилтын корпорац маш олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Тавьдаг үндсэн шаардлага нь бол улс төрөөс ангид байх ёстой гэдэг. Тэгэхээр энэ төсөл ямар нэгэн улс төргүй явж байгаа зүйл. Мэдээж Монгол Улсын Засгийн газар, төртэй нягт хамтын ажиллагаатай ажиллана. Түүнээс нэг компанийн бүтээгдэхүүнийг авахад мөнгө өгнө гэж байхгүй. Бүтээгдэхүүний сонголт хийхдээ судалгаа шинжилгээ, эдийн засгийн үнэлгээ гээд олон үе шат дамжиж байж энэ бүтээгдэхүүн сонгогддог. Сонгосон бүтээгдэхүүн дээр татаасын хэмжээг тогтоодог. Бид аливаа нэг компанид урьдчилаад мөнгө өгчихсөн юм байхгүй. Ер нь бол компани өөрсдөө эрсдэлээ даах учраас эдийн засгийн чадавхи сайтай компани л үйл ажиллагаа явуулж чадаж байгаа. Нийлүүлэгчдээс харж байхад эдийн засгийн чадавхи муутай нь гэрээнд заасан үүргээ тааруухан биелүүлж байгаа нь ч бий.