
Цомогт орсон бүжгүүдийн дүрслэл тоглолтыг байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зураг авалт хийжээ. Урын санд нь “Залуучууд” театрын бүжигчдийн 13 бүжигтэй хамт, ардын язгуур урлагийн “Гүрэн” хамтлагийн хөгжимдсөн 4 бүтээл багтсан байна. Цомог нь DVD кино концертын хэлбэртэй. “Залуус” бүжгийн чуулга нь Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдааны дэд байрын шагналыг саяхан хүртжээ. “Залуус” чуулгаас Монгол Улсын Гавьяат жүжигчин С. Соёл-Эрдэнэ, Л. Баттуул нар төрөн гарсан юм. Энэхүү шинэ цомог нь бүжгийн урлагийг олон түмэндээ зөвхөн театр, чуулгын тайзнаа тоглож үзүүлэхийн зэрэгцээ аль ч газарт дүрсжүүлсэн хэлбэрээр нь үзүүлж танилцуулах зорилгоор бүтээгдэв. Бүжгийн цомогт “Ромео Джульетта хоёр”, “Чиполино буюу сонгино хүү”, “Дурлалын дууль”, “Дон Жуан”, “Хараагийн дагина” зэрэг дэлхийн болон Монголын үндэсний сонгодог бүжгэн жүжгүүдийг үзэж сэтгэлээ баясгах боломжтой.