Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн тоо нэмэгдэв

УИХ-ын 2012 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд төрийн албанаас гарсан хүний тоо нэгээр нэмэгдэв. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүн А.Бакейг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. Тэрбээр сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 26-нд тавьсан ажээ. Ингээд хүсэлттэй холбоотой тогтоолыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулан УИХ-д шилжүүлсэн нь энэ юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Сонгуулийн тухай шинэ хуулиар төрийн өмчит компанийн захирлууд болон бусад улс төрийн албан тушаалтнууд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлбэл 2012 оны нэгдүгээр сарын 1 гэхэд чөлөөлөгдсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр чөлөөлөх асуудлыг яриад сууж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирах юм биш үү” гэсэн юм. А.Бакей хүсэлтээ өнгөрсөн сарын 26-нд тавьсан. Харин Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжээд чуулганд оруулж ирсэн нь энэ ажээ. Ингээд  тогтоолын төслөөр санал хурааж, олонх гишүүн дэмжсэнээр Санхгүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүн А.Бакейг албан тушаалаас нь чөлөөллөө. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Сонгуулийн тухай хуульд “Улс төрийн албан тушаалтан нь 2012 оны нэгдүгээр сарын 1 гэхэд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой” гэж тодорхой заасан. Түүнийгээ барихгүй бол “Би арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн” гээд  үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярих хүмүүс гарч болзошгүй” гэх гишүүн ч байлаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж