С.Баяр тансаг хаусаа худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

С.Баяр тансаг хаусаа худалджээ

“УИХ-ын гишүүн С.Баяр АНУ-ын Сиэтл муж дахь хувийн байшингаа ху­далд­жээ” гэх мэдээлэл цацагджээ. Тэр­бээр охиныхоо нэр дээр байдаг Куйн Энн хотын Кон­до дүүргийн “WA 98119” тоот байшингаа 635 мянган ам.доллароор худалдсан аж. С.Баяр гишүүн 2007 оны тав­дугаар сарын 2-нд хувийн байшингаа худал­дахаар үл хөдлөх хөрөнгө зууч­лалын “Блок Шоппер” сай­тад байршуулсан бай­на. Тодруулбал, МАХН (хууч­наар)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа АНУ дахь хувийн хаусаа зарахаар шийдсэн нь энэ аж. Тэрбээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах үеэрээ буюу 2001 онд дээдсийн хүрээнийхний амьдардаг байрыг албан ёсоор худалдаж авчээ. Түүний худалдан авсан энэхүү хаус нь АНУ-ын дээдсийн хүрээнийхэн худалдан авахаар үнийн саналаа илгээдэг гэдэг юм билээ. Баячуудын “булаацалддаг” энэхүү хаус нь зүг бүр харсан цонхтой, цонх бүр нь тагттай бөгөөд Куйн Энн хотын хамгийн тансаг гудамжинд байрладаг байна. Мөн борлуулалт, зуучлал, нэмэлт зардалтайгаа нийлээд С.Баярын тансаг хаус ойролцоогоор нэг сая ам.доллар хүрдэг гэнэ. Тэрбээр хувийн хаусаа худалдах тухай зар тавьсны дараа буюу 2010 оны тавдугаар сарын 19-нд Эми Гринбирг хэмээх эмэгтэй худалдан авчээ. АНУ-ын Сиэтл мужийн үл хөдлөх хөрөнгө зуучлах “Блок Шоппер” сайт нь үйлчлүүлэгчиддээ тодорхой хэмжээний шалгуур тавьдаг байна. Үүний нэг нь худалдах объектын үнэ доод тал нь 430 мянган ам.доллар байх ёстой  аж. Харин УИХ-ын эрхэм түшээ гантиг чулуун шалтай хаусаа 635 мянган ам.доллараар худалдаалжээ. Түүнчлэн “Блок Шоппер” сайт нь үл хөдлөх хөрөнгө худалдагчийн төдийгүй худалдан авагчийн хувийн мэдээлэл, гар утас, и-мэйл хаяг зэргийг байрлуулдаг. Гэвч УИХ-ын гишүүн С.Баяр дээд зэрэглэлийн байшингаа борлуулахдаа зураг болон зарим мэдээллээ нууцалжээ. Хувийн эзэмшлээ худалдаж байгаа хүнд уг нь нууцлаад байх зүйлгүй л баймаар. С.Баяр гишүүний тухайд нууцлах шаардлага байсан учир нууцалсан биз. Ийнхүү АНУ дахь нэг хаусаа худалдлаа. Нэг гэж хэлсний учир нь түүнийг АНУ-д гурван хаустай хэмээдэг юм билээ. Ямартай ч энэ мэдээллийг худал хэмээн бодож байгаа бол “Нүд шуудан” сониныг уншаарай.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж