Мадагаскар арлын нэгэн сонин амьтан гаран хөлт гэгдэх ай-ай (Daubentonia madagascariensis) хэрэтхий мэдрэмжтэй дунд хуруугаа ажил хийн халаадаг гэнэ. Шавьж, хорхойн авгалдайг модны холтосноос хайн түүнийг тогшсоор хуруугаа дулаацуулдаг ажээ. Энэ бяцхан нээлтийг АНУ-ын Нью-Гемпшир мужийн Дартмурын их сургуулийн (Dartmouth University) хэсэг эрдэмтэд хийж судалгаагаа International Journal of Primatology сэтгүүлийн оны эхний дугаарт нийтэлжээ. Ай-айгийн дунд хуруу нь ер бусын урт бөгөөд нарийхан. Холтос тогшсоор хөндий газрыг олоод бүх насаар нь тасралтгүй ургаж байдаг хүчтэй соёогоороо ухдаг аж. Соёоноос нь болж түүнийг нэгэн үе мэрэгч хэмээн андуурч байсан удаатай. Энэхүү амьтан нь “Бөгжний эзэн” кинонд гардаг гэрийн бугархуу царайтай бөгөөд ухсан нүхнээсээ нарийнхан хурууныхаа тусламжтайгаар шавьжийн авгалдайг гарган авч хооллодог гэнэ. Тэр гайхалтай хуруу нь өөрийн ажилд тохирсон хэлбэр хэмжээтэйгээс гадна үл ялих хөдөлгөөн хэлбэлзлийг “барих” мэдрэлийн мэдрэмжтэй төгсгөлүүдээр “дүүрэн” байдаг ажээ. Дартмурын амьтан судлаачид хэт ягаан туяагаар хийсэн зургийг судлаад дунд хуруу нь бусад хуруунуудаас хүйтэн байгаад холтос тогших цагаар 6°C хэмээр халан бусадтайгаа адил халуунтай болдог гэнэ.
“Дунд хуруу нь хэрэглэгдэхгүй үедээ бусдаасаа хүйтэн байгаад хоол хайх үеэр ямар хурдан халж байгаа нь гайхмаар” хэмээн доктор Натаниэль Доминийн (Nathaniel Dominy) удирдлагаар уг судалгааг явуулсан ахлах ангийн оюутан Жиллиан Моритц (Gillian Moritz) ярьж байна. Ай-айн организм нь хурууны мэдрэлийн төгсгөлүүд ажлаагүй үед түүнийг илүүдэл дулаанаар хангалгүй “эрчим хүчний хэмнэлт хийж байна” гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна. Үүнийг хэрхэн хийж байгаа талаар тэд хоёр хувилбар дэвшүүлжээ. Эхний хувилбараар нь амьтны судас нь агшин цусны хангалтыг нь буулгадаг байж болох талтай. Нөгөө хувилбараар, тайван байхад нь хуруугаа атгасан байдаг учраас судас нь тодорхой нэгэн хэсэгт шахагдан хаагддаг гэж мэргэжилтнүүд үзэв. Залуу сармагчин төрлөөс хамгийн гайхалтай энэ амьтны тухай Английн байгаль судлаач Жеральд Даррелл “Ай-ай ба би” (The aye-aye and I) гэсэн номондоо өгүүлсэн байдаг.
Тахианы мах ба өндөг гэх мэт В группын амин дэм ихтэй бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь хүний ой ухааныг сайжруулан тархины хөгшрөлтийн удаашруулдаг байна. Бостоны их сургуулийн Анагаахын институтын мэргэжилтнүүд энэ талаар судалгаа гаргасныг Reuters агентлаг дамжуулжээ. Хүний ой ухаан ба холины агуулга ихтэй далайн загас, элэг, тахианы мах, өндөг, сүү ба шошийн төрлийн хүнс хоорондоо уялдаатайг дээрх судалгаа баталж байна. Холин нь зөнөглөх, ухаан муудах зэргийн өвчинд нэрвэгдсэн дэлхийн 26 сая хүнд эм болохгүй гэдгийг тэд сануулж байна. Гэхдээ хүний насан туршдаа барих хоолны дэглэм нь тархины хөгшрөлтөд шууд нөлөөтэйг тэдний хийсэн судалгаа тогтоож өгөв. Дунд насныханд хоолны тэнцвэртэй дэглэм барих нь чухал гэж бид энэ судалгаагаар харуулах гэсэн хэмээн доктор Ау онцлон тэмдэглэжээ. Олон жилийн турш явуулсан судалгаануудыг нэгтгэн эрдэмтэд энэ дүгнэлтийг гаргажээ. Холины агуулга ихтэй хүнс хэрэглэж байсан эрчүүд, эмэгтэйчүүд ой санамжийн тестэд хамгийн сайн хариултыг өгсөн байлаа. Шинжээчдийн хийсэн дүгнэлтээр эрэгтэй хүнд 550 миллограмм, эмэгтэйд 425 мг холин хэрэгтэй гэжээ.
Кембрижийн их сургуулийн (University of Cambridge) эрдэмтдийн судалгааны ажил нь гадаа их тоглодог хүүхдүүдийн ойрын хараа муудах эрсдлийг багасгадаг гэж тогтоов. Америкийн Флорида муж дахь нүдний эмнэлгийн академийн жил тутмын цугларалт дээр эрдэмтэд өөрсдийн судалгааг танилцуулжээ.
Өмнө нь хийсэн найман судалгааг нэгтгэн үзээд эрдэмтэд долоо хоног тутам нэг цаг гаруй хугацаанд гудамжинд тоглох нь ойрын хараа муудах эрсдлийг хоёр хувиар буулгаж байна хэмээн дүгнэв. Ердийн гэрэл гэгээ мөн алсын зүйлийг харах боломж нь хараагаа хадгалах гол хүчин зүйлийн нэг болдог ажээ.
Алсын зүйл бүдэг, ойрын зүйл тод харагдах нүдний өвчинг ойрын хараа гэж нийтлэг нэрлэдэг байна. Эрдэмтдийн хийсэн дээрх судалгаанд 10 мянга гаруй өсвөрийн насныхныг хамруулсан гэнэ. Доктор Жастин Шервин (Justin Sherwin) ба түүний судлаачид, ойрын харааны асуудалтай хүүхдүүд ердийн болон алсын хараатай хүүхдүүдтэй харьцуулахад долоо хоногтоо гудамжинд 3,7 дахин бага цагийг өнгөрөөсөн гэдгийг тогтоожээ. Гудамжинд цаг өнгөрөөдөг хүүхдүүд ном унших, хичээл хийх эсвэл компьютерийн тоглоом зэрэгт бага цаг зарцуулдаг гэсэн үр дүнг гарах болов уу гэсэн хүлээлт эрдэмтэдэд байсан нь ийм хамраарал наймны хоёрт нь л илэрсэн байв. Гэхдээ наранд их байх нь арьсны хорт хавдар эсвэл хүүхэн харааны гэмтэл гаргах эрсдэлтэйг санах хэрэгтэй. Нөгөө талаас гадаа тоглох нь сахарын шижин, өөхлөлт ба Д амин дэмийн дутагдал болон яс шохойжилтоос хамгаалдаг.
Их Британи болон АНУ-д 5-7 насны хүүхдүүдийн 1-2 хувь нь ойрын харааны асуудалтай байна. Таван сая орчим британичууд алсын зүйлийг хардаггүй бөгөөд тэдний 200 мянга нь ойрын харааны хурц асуудалтай. Азийн хүн амын 80 хувь нь ойрын харааны гэх өвчинтэй. Хүүхэд анх төрөхдөө алсын хараа сайн байдаг бөгөөд цаашид тэр нь багассаар өсөлт нь зогсох цагт хүүхдийн хараа сайтар тогтсон байх ёстой гэнэ.
Харцаар хэмжихэд ээдрээтэй эд зүйлийг тоогоор хэмжихдээ хүмүүс тэдний биет зүүн тийш бага зэрэг явсан байгааг анзаардаггүй ажээ. Энэ хачин хэмжилтийн тухай Нидерландын Эразмусын их сургуулийн доктор Анита Ээрландын удирдсан сэтгэл зүйчдийн судалгаанд өгүүлжээ.
Psychological Science сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэд хэд хэдэн туршилтынхаа талаар гаргажээ. Тухайлбал хүмүүс Эфелийн цамхгийн жингийн тухай асуултанд хариулахдаа биет нь зүүн тийш хазайсан маягтай бол жинг нь ямагт бууруулан хэлж байсан гэнэ. Энэ гайхалтай зүйлийн талаар судлахын тулд сайн дурын 91 оюутны хэсгийг аваад тоглоомын Wii цогцолборт багтдаг, санамсаргүйгээр авсан эд зүйлийг хяналтын суурь дээр зогсоод тоон тооцоо гаргахыг гуйсан байв. Асуултад хариулахдаа тэд шулуун зогсож мониторын босоо байрлалын харах ёстой байсан гэнэ. Тэнд оролцогсод мониторын баримжаа авах шулуун шугам нь шууд биш байсныг мэдээгүй байлаа. Ямар ч тохиолдолд тэд “шулуун” шугаманд баримжаалан биеийн байдлаа өөрчилж байв. Тэдний биеийн байдал зүүн тийш хазайсан нөхцөлд тэд хэмжээг ямагт бууруулсан хариуг өгч байжээ. Зүүн тийш нь бага зэрэг хазайлгасан Эйфелийн цамхгийн өндрийг тэд шулуун зогссон эсвэл баруун тийш хайзалгасан байдлаас хариулсан хүмүүстэй харьцуулахад 12 метрээс бууруулан хэлсэн байв.
Сэтгэл зүйчид энэ сонин үзэгдэлд тодорхой тайлбар хийж чадаагүй. Гэхдээ биетийн жин болон хэмжээний “зүүн” үнэлгээнээс хүмүүсийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг дүгнэгддэг хэмээн тэд үзэж байна.
Ахимаг насанд тархины хэмжээ жижигэрэх нь хүний нас 80 хүртэл нэмэгдсэний үр дагавар байж магадгүй. АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн (George Washington University) Чет Шервудын (Chet Sherwood) толгойлсон эрдэмтэд ийм дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Шервуд хамтран зүтгэгчдийнхээ хамт 22-88 насны 87 хүн болон Атланта хотын Хүн төрөлтнийг судлах Йеркийн үндэсний төвийн (Yerkes National Primate Research Center) 10-45 насны 69 шипанзе бичний тархины соронзон долгионт зураг аван харьцуулан судалжээ. Хүн судлаачид бас дээр нь 51 насандаа үхсэн шимпанзегийн тархины судалгааг хийсэн байв. Сануулахад, зэрлэг байгальдаа шимпанзе 45 насалдаг ажээ.
Судалгааны явцад нас ахихад тархины духны ба гиппокамп гэх тархины том хагасын гүнд байрладаг ой санамж хариуцсан хоёр хэсэг агшдаг болохыг тогтоосон гэж Live Science сэтгүүлд өгүүлжээ. Харин сармагчингийн тархины тэр хэсгүүд залуудаа байсан хэмжээгээр л нас нь нэмэгдэхэд үлдсэн байлаа. Энэ нээлт нь Альцгеймерийн гэх зөнөглөх зэрэг бусад насны өвчинд хүн яагаад нэрвэгдээд байдгийн тайлбарыг хийхэд тус болох ёстой. Хөгшин хүний тархи нь анхны хэмжээнээсээ 10-15 хувиар агшдаг бол сармагчингийн тархи хувиралгүй байжээ. Гэхдээ энэ нь сармагчингийн тархи насаараа хувирдаггүй гэсэн үг биш бөгөөд өмнөх судалгаануудаар тэдний тархины эсийн бүтэц өөрчлөгддөг гэж тогтоосон юм. Хүн сармагчин хоёр 6-8 сая жилийн өмнө өөр өөр төрөл болон салжээ. Энэ байгалийн шалгаралаар том тархитай байсан хүн тэргүүлж чадсан байна. Гэхдээ үүний төлөө хүн төрөлхтөн зохих гай амсчээ. Тархи хэдий чинээ хөгжинө тэр хэрээр хүний үр төл болох хүүхэд бие даах чадвар удаан, арчаагүй болж, хүүхэд ахуй цаг нь уртассан байна. Хэрэвзээ тархи нь бага хөгжилтэй байсан бол нэгээс хоёр насандаа л бие даагаад явах боломжтой байх байлаа.
Хөхтөн амьтдын эмэгчин нь үр төл төрүүлэх чадвараа алдангуут л үхдэг. Гэтэл эмэгтэй хүн цэвэршилд орсноосоо хойш 40 гаруй жилээр илүү амьдардаг ажээ. Эрдэмтэд тэмдэглэснээр хүн үржих чадваргүй болоод урт наслаж байгаа нь түүний тархи удаан хугацааны турш ажилладгаар тайлбарлаж байна.