2012 оны 1-р сарын 18-ны өдөр (АНУ-ын цагаар) хэн бүхний өргөн хэрэглэдэг Wikipedia-ийн англи хэл дээрх вэб ажиллахгүй болов. Дээрээс нь O"Reilly Media болон Mozilla зэрэг байгууллагуудын ажиллуулдаг бүх вэбүүд, reddit гээд олон вэбүүд ажилласангүй. Google зэрэг зарим вэбүүд үйл ажиллагаагаа зогсоогоогүй ч нүүр хуудсандаа эсэргүүцэл илэрхийлсэн мэдээлэл байрлуулав. Ер нь юу болов?
АНУ-ын хууль тогтоогчид оюуны өмчийн хулгайтай тэмцэх зорилгоор Stop Online Piracy Act (SOPA) болон Protect Intelectual Property Act (PIPA) гэсэн тусдаа хоёр хууль батлахаар оролдож байгаа билээ. Оюуны өмчийг хамгаалах нь зөв гэж бодож байна уу? Мэдээж зөв гэхдээ ямар аргаар гээч…
Хулгайн програм, дуу хөгжим гээд оюуны өмчийн эрх зөрчигчид дийлэнх нь АНУ-ын хилийн гадна байдаг тул тэд шууд ямар нэг хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаа юм. Тэгэхээр эдгээр хуулиуд нь АНУ-ийн ЗГ интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаар дамжуулан оюуны өмч зөрчиж буй вэбүүдийг АНУ-ийн хилийн дотроос үзүүлэхгүй хаах эрхийг өгөх юм. Үүний тулд бүрэн хэмжээний вэб эсвэл оюуны өмчийг бүрэн хэмжээгээр тавьсан байх албагүй бөгөөд бүтээлийг бүрэн эсвэл хэсэгчлэн ашигласан ямар ч бүтээлийг байршуулсан, татаж авах болон үзэх холбоос байрлуулсан байвал тухайн вэбийг хаах эрх нээгдэж байгаа хэрэг.
Ингэж хаагдахгүйн тулд Youtube, Twitter, Facebook болон бусад вэбүүд мэдээлэл, холбоос бүрийг маш нарийн шалгаж байх, хааж байх шаардлагатай бөгөөд чадахгүй асуудал маш ойлгомжтой болж байгаа хэрэг. Энэхүү хууль нь интернэтийн, мэдээллийн технологийн хөгжлийг боомилох тул эдгээр вэбүүд ийнхүү эсэргүүцэж байгаа хэрэг. Ингэж байж л олон хүнд дуулгаж, эсэргүүцлийн цар хүрээгээ нэмэгдүүлнэ гэж найдсан байх.
Тэд оюуны өмчийг хамгаалах олон төрлийн хуультай, тэрнийхээ тусламжтайгаар олон вэбүүдийг хааж, хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа. Яагаад зөвхөн нэг тал буюу кино, хөгжим, програм хангамж үйлдвэрлэгчийн тал гарч ийм эрс шийдэл, арга хэмжээ авах болсныг ёстой ойлгохгүй юм. Интернэтийн, мэдээллийн технологийн эх өлгий, үр шимийг хамгийн их хүртэж буй улс нь өөрөө түүнийгээ боомилох, интернэтийг нарийн хянах бодлого хийж байгаа нь маш аюултай юм. Хэрэв эдгээр хуулиудаа батлаж чадаад үүнийг нь бусад орнууд дагах эсвэл тэд бусдыг нэгдэхийг шаардвал өнөөгийн байгаа интернэт маань тэс өөр дүр төрхтэй болно.
Би нэг л зүйлийг маш сайн мэдэж байна, бид үүнийг бид зөвшөөрч болохгүй, бид үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Tim O"Reilly болон бусад салбарын манлайлагчид энэ талаар юу гэж бодож байгааг эндээс уншаарай. Бас видеог үзээрэй.
http://www.dulmandakh.com/