Арвайхээр суманд таван хүүхэд тутмын нэг нь “тавиул”

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Арвайхээр суманд таван хүүхэд тутмын нэг нь “тавиул”

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хэмжээнд таван хүүхэд тутмын нэг нь “тавиул” хүүхэд байна.

Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 7494 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 5 хүүхдийн нэг нь буюу 1365  хүүхэд “тавиул” хүүхэд. Үүнээс  672 эрэгтэй, 693 нь эмэгтэй хүүхдүүд бөгөөд 459 нь өвөө, эмээгийндээ, 225 нь төрсөн ах эгчийндээ, 452 хүүхэд нь хамаатан садныхаа айлд, 229 хүүхэд нь эцэг эхийнхээ танил, нэг нутаг усныхаа айлд амьдарч байна.

Эдгээр хүүхдүүд 1-11-р ангид суралцаж байгаа бөгөөд 5-р ангид 162 хүүхэд, 11-р ангид 160 хүүхэд, 8-р ангид 148 хүүхэд суралцаж байгаа болон нэг ангийн 40 хүүхдийн  28 нь “тавиул” хүүхэд суралцаж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гарсан хүүхдийн гэмт хэргийн тухай 2011 оны эхний хагас жилийн статистик судалгаанаас харахад гэмт хэрэг үйлдсэн хорин долоон хүүхдийн арван хоёр нь айлд амьдардаг сурагчид байсан  нь дээрх нөхцлийг тодотгож байна. Иймд “тавиул” хүүхдийн нөхцөл байдлыг судалж, тэдэнд чиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь өөрөө хүүхэд хамгааллын чухал асуудлын нэг мөн.

Энэхүү тоо баримтыг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтсийн дарга С.Санчирын Төрийн удирдлагын магистрт хамгаалахдаа бичиж танилцуулсан судалгаанаас авлаа. Тэрбээр Өвөрхангай аймаг дахь “тавиул” хүүхдийн жишээн дээр тулгуурлан “Орон нутаг дахь хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр саяхан магистр зэрэг хамгаалаад ирсэн бөгөөд урьд өмнө нь хийгдэж, яригдаж байгаагүй сэдвийг хөндсөнөөрөө багш нараас ихээхэн сайшаал хүртсэн гэнэ. Түүний бичсэн дээрхи сэдвийн дагуу МҮОНТ-ийн “Гэр бүл” нэвтрүүлгийн редакциас бүтэн нэвтрүүлэг хийх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд Японы Хүүхдийн ивээх сангаас хөтөлбөрөө манай аймагт хийхээр болсон юм.

Дашрамд дурьдахад “…Янз бүрийн шалтгаанаар, тодорхой хугацаанд гэр бүлээсээ өөр тусгаар гэр бүл, хувь хүний асрамжинд амьдарч буй хүүхдийг “тавиул хүүхэд” хэмээн албан ба албан бус байдлаар нэрлэдэг аж. Өөрөөр хэлвэл “төрсөн буюу асран хамгаалуулж байгаа гэр бүлээсээ түр тусдаа амьдарч, өөр гэр бүлийн халамжинд орж  байгаа хүүхдийг “тавиул” хүүхэд гэнэ” гэж тодорхойлж болох юм. “Тавиул” хүүхдийн түр асран хамгаалагчид нь тэднийг “өвтгөхгүй, дааруулахгүй, өлсгөхгүй” гэсэн зарчмыг баримталдаг ч хүүхдүүд эцэг эхийн хайр халамж, энхрийллээр байнга дутагдаж, эцэг эхээ санаж бэтгэрэн улмаар өвдөх, хичээлдээ муудах, бусдын нөлөөнд автах нь амархан болдог. Ихэнх “тавиул” хүүхдэд тавих анхаарал, халамж, хараа хяналт сул, хайр халамж бага тул олон хүчин зүйлүүдээс шалтгаалан сэтгэл санааны хохирол амсах, гадуурхагдах, гэмт хэрэгт холбогдох, сурлагын чанар буурах, хүмүүжлийн доголдолтой болох зэрэг сөрөг үзэгдлүүд бий болоод байна” гэж С.Санчир дарга  судалгаандаа өгүүлжээ.

Б.Чимэглэн

“Таны элч” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж