Обамагийн хэлснээр АНУ Ассад ба түүний тойрон хүрээлэгчдийг дипломат арга замаар огцруулах ажиллагааг идэвхжүүлнэ гэв. Олон улсын шахалт шаардлагын тусмламжтайгаар Ассадыг огцруулна гэдгээ Обама амлажээ. “Бид Иордантай зөвлөх ажиллагааг нягтруулан өнөөгийн Сирийн дэглэмийг зайлахаас өөр аргагүй болтол нь тийм нөхцөл байдлыг бүтээн үүсгэнэ” гэж Обама Вашингтон хотноо Иорданы ван II Абдаллатай хэлэлцээр хийсний дараа тэр мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Сирийн хэрэг явдлын хариуцлагыг Башар Ассадад өгөх ёстой гэж АНУ үзэж байгааг тус орны Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Марк Тонер энэ мягмар гаригт мэдэгдсэн байв. “Ассадыг хариуцлагад татахаар, мөн түүний дэглэмд үзүүлэх шатахалтыг үргэлжлүүлэхээр тогтоол гаргахыг бид эрмэлзэж байна” хэмээн тэр хэвлэлийн бага хурал дээр онцолжээ. Аюулгүйн зөвлөлд Оросын санал болгосон тогтоолын төслийн талаар тэр хэлэхдээ “Оросууд энэ асуудлыг авч хэлэлцэхэд бэлэн байгааг харуулсанд бид сэтгэл хангалуун байна. Гэхдээ түүнд нэмэлт ажиллагаа хэрэгтэй” гэлээ.
Эсэргүүцлийн ажиллагаа ба мөргөлдөөн Сирид арав гаруй сар үргэлжилж байна. Сөрөг хүчин Ассад тэргүүтэй тус орны удирдлагыг огцор гэж шаардаж байна. Тэд шинэчлэл хийхийг бас шаардаж буй. Энгийн иргэд ба хууль журам сахиулагчдын зүгээс хүмүүс үрэгдэж байгаа мэдээ өдөр бүр Сириэс ирж байна. НҮБ-ын мэдээгээр тус оронд амиа алдагсадын тоо 5000-гаас даваад байгаа ажээ.
Сирийн идэвхтнүүдийн мэдээгээр энэ мягмар гариг гэхэд хүчирхийлэлд 32 хүн нэрвэгджээ. Тэдний ихэнх нь Хомс хотод амь үрэгдсэн байв. Уг хот нь Ассадын эсрэг эсэргүүцлийн гол төвүүдийн нэг юм.
Катар улс араб орнуудын цэргийг Сирид оруулан энгийн иргэдийг хамгаалалтад авах санаачлага гаргаад байгаа.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин