Д.Баатаржав: Бид сайдтай хамтраад дахиад ажил хиймээр байна

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Д.Баатаржав: Бид сайдтай хамтраад дахиад ажил хиймээр байна

Паралимпын анхны аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржавтай ярилцлаа.

-Удахгүй Лондонгийн олимп эхлэх гэж байна. Та эрхээ авч чадсан уу?

-197-хон хоногийн дараа зуны олимпийн наадам эхлэх гэж байна. Ирэх долдугаар сард эх олимп, наймдугаар сард паралимп эхэлнэ. Паралимпод Монгол Улсаас буудлага, байт харваа, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын төрлөөр есөн хүн эрхээ авчихаад байна. Энэ хүмүүс дээр үлдсэн хоёр сарын дотор нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа. Нийтдээ ирэх паралимпод манай улсаас 11 тамирчин оролцох болов уу гэсэн бодол бий. Эрхээ авсан тамирчид бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна. Миний хувьд яг улаан зураасан дээр л байна даа. Тивүүдийн аварга зохиогдож дууссаны дараа эрх авсан тамирчид хойшоогоо ордог. Энэ системээрээ орчих болов уу гэж бодож байна. Орохгүй байсан ч надад харамсах юм алга. Гурван олимпод орчихлоо, зохих хэмжээний амжилт гаргачихлаа. Харамсах юм байхгүй. Эрхээ авчихсан тамирчдыг дэмжих, медальд хүргэх, тэдэндээ тус, дэм хүргэх зорилгоор ажиллана даа.

-Төрөөс паралимпын тамирчдыг хэрхэн дэмждэг вэ?

-2008 оны паралимпын тоглолтоос хойш төрийн зүгээс дэмжих дэмжлэг нь ондоо болсон. Биеийн тамир спортын газар дээр паралимпын шигшээ багийг босгож, хичээллүүлж байгаа. Олимпод орох шигшээ багийн тамирчид төрөөс цалинжаад, тусгай хангамжид бэлтгэл, сургуулилтаа хийгээд явж байна.

-Одоогийн байдлаар эрх авсан тамирчдын бэлтгэлийг хэрхэн базааж байна вэ?

-Яг одоогоор бол төсөв, мөнгөний асуудал шийдэгдээгүй учраас бэлтгэл сургуулилтанд гараад, учиргүй бэлдээд байсан юм алга. Хэрвээ төсөв, хөрөнгө нь батлагдчихвал спортын төрөл тус бүр өөрсдийн гаргасан график, төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургуулилтанд хамрагдана. Хэрэглэл, материалаа ч гэсэн авна л даа.

-Байт харвааны тухайд байдал хэр зэрэг байгаа вэ? Бэлтгэл, сургуулилтаа хийх байр хүрэлцээтэй байна уу?

-Манай улс эрс, тэс уур амьгалтай учраас өвөл асуудалтай байдаг. Байт харвааны спорт бол гадаа талбайд харвадаг спортын төрөл шүү дээ. Гэхдээ зааланд харавдаг төрлүүд ч байна л даа. Одоогоор үндсэн олимпоос хоёр эрх, паралимпоос хоёр эрх авчихсан байна. Эрх авсан тамирчид болоод тивийн уралдаан тэмцээнд оролцох бусад тамирчид заалны бэлтгэлдээ гарчихсан байгаа. Төсөв мөнгөний асуудал шийдэгдчихвэл график, төлөвлөгөөний дагуу дулаан оронд очиж бэлтгэлүүдээ хийцгээнэ. Одоогоор тусгай хүчний болон техникын бэлтгэлүүдийг хийлгэж байна.

-Байт харвааны спортынхонд байрны асуудал шийдэж өгөхгүй байгаа. Газрын маргаантай байдаг юм билээ. Энэ асуудлын талаар та тодорхой мэдэх үү. Хэрхэн шийдэгдэж байгаа бол?

-Бид Байт харвааны холбоотой байнга холбоотой ажилладаг. Байт харвааны тухайд үүнийг хөгжүүл гээд тусгайлаад байр гаргаад, талбай бэлдээд өгсөн юм байхгүй. Төрийн бус байгууллага учраас холбогдох газруудад нь хандаад, байр, сав түрээсэлж бэлтгэл, сургуулилтаа базаадаг. Тусгай байргүйтэй холбогдох нэг асуудал байдаг. Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд шарилж ихээр ургадаг болж. Зуны цагт гадаа бэлтгэл хийх үнэхээр хүнд. Яахав амралт, сувилалын газарт бэлтгэл хийдэг л дээ. Тэнд гол бараадсан газраар шарилж арай гайгүй байдаг юм. Шарилжнаас болоод тамирчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг төрөл бүрийн харшил тамирчдын дунд илрээд байгаа. Харшил туссанаас шалтгаалж хамар нь битүүрдэг. Үүнээс болоод тухайн тамирчин хүчилтөрөгчийн дутагдалд ороод амжилтанд нь сөргөөр нөлөөлөх хандлагатай. Тиймээс дулаан оронд очиж бэлтгэл хийх шаардлага тулгардаг. Гэхдээ наадмаас хойш Монголд бэлтгэл хийх боломжтой. Олимпийн цикл таарсан энэ жилийн тухайд эрх авсан тамирчид зургадугаар сарыг дуустал далайн төвшнөөс дээш, өндөрлөг газар бэлтгэл сургуулилтуудаа базаах график гарсан байгаа.

-Паралимпоос эрх авсан тамирч­дыг ивээн тэтгэсэн байгууллага байгаа юу? Тухайлбал байт харваанаас ч юм уу?

-Монголын паралимпын хороо “Оюутолгой” ХХК, Хадгаламж банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан түншүүд. Энэ утгаараа зарим спортын төрлийг тухайн компаниуд ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа. Гэхдээ яг байт харвааны тамирчдыг нэг компани тусгайлан ивээн тэтгэсэн юм алга. Хэрвээ хамтран ажиллах байгууллага гараад ирвэл таатай л байх болно. Эрх авсан манай хоёр тамирчин бэлтгэл сургуулилтаа хийсэн сайн формтой байгаа. Медальд хүрэх боломж бий. Бэлтгэл сургуулилт гэдэг ганц тамирчдын ч биш хамтын хөдөлмөр байдаг. Тухайн эрх авсан тамирчинд хэрэглэл материал нь хангалттай, мөн зайлшгүй нөхөх шаардлагатай амин дэм нь шаардлага хангахуйц байгаа нөхцөлд амжилт гаргах нөхцөл нь бүрддэг учиртай.

-Англи улс Монголоос уур амьсгалын хувьд ч тэр, далай төвшний хэмжээсээр ч тэр эрс ялгаатай орон. Олимп эхлэхээс өмнө тухайн тамирчид уур амьсгал болоод цагийн зөрүүнд дасах шаардлагатай болох байх. Ивээн тэтгэгч байхгүй нөхцөлд энэ тамирчид яах вэ?

-Тамирчинд хамгийн их нөлөөлдөг зүйл нь цагийн зөрүү, уур амьсгалд дасах байдаг. Англи бол Грийнвичийн цаг эхэлдэг, бүх дэлхийн цаг тооллын эхлэл гэдэг утгаараа манайхаас цагийн зөрүүний хувьд ялгаатай. Хөрөнгө, мөнгөгүй гээд зүгээр суугаад байсан юм алга.
Өнгөрсөн онд болсон тэмцээн уралдааны үеэр тухайн улсын уур амьсгалыг судалж ямаршуухан газар хийвэл зүгээр вэ гэдгийг нь тогтоосон. Англитай уур амьсгалаараа төстэй Монголын газар нутагт бэлтгэлээ хийх графиктай байгаа. Ирэх дөрөвдүгээр сард Английн нийслэл, Лондон хотод өндөр зэрэглэлийн тамирчдын дунд тусгай тэмцээн болно. Энэ тэмцээнд оролцож байхдаа ч судалгаагаа явуулж ирэх хоёр сарын хугацаанд хэрхэн бэлтгэх вэ гэдгээ тооцоолно гэсэн үг л дээ.

-2008 онд таныг медаль аваад ирж байх тэр мөчид тухайн үеийн хотын захирагч Т.Билэгт паралимпын байт харваачдад зориулсан клуб барьж өгнө гэж амлаж байсан. Энэ амлалтандаа хүрсэн үү?

-Анх намайг медалиа авчихаад ирж байх мөчид амлалт өгч байсан. Хэлсэн амлалтыг нь хөөцөлдөөд ажил хэрэг болгох боломж нь надад байгаагүй, тухайн үед. Одоо ч гэсэн орчин нөхцөл нь хараахан бүрдээгүй байна.
Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийн нэгдсэн холбоог удирдаж байгаа учраас энэ асуудлыг аажуу, уужуу шийдэх бодол бий. Төр ч гэсэн амлалтандаа хүрэх байх. Одоо хамгийн түрүүнд эрх зүйн орчинг илүү боловсоронгуй болгох шаардлагатай байна. Тэгээд дараа нь байр, савны асуудал руу орж болно. Ингэхгүйгээр шууд хүний амласан дээр явж ороод, бүтээгүй юмыг бүтээх гээд явбал утгагүй л дээ. Хот бидэнд туслана гэдэг ч итгэлтэй байгаа.

-Хоёулаа сэдвээсээ түр хазайя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тантай хэр зэрэг холбоотой байдаг вэ?

-Миний хувьд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо гэх төрийн бус байгууллагыг удирдан ажиллаж байна. Энэ байгууллага өмнө нь сүлжээ хэлбэрээр энд, тэнд тархсан байгууллага байсан. Харин 2008 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай” конвенцид Монгол улс нэгдэн ороод 2009 оны зургадугаар сарын 13-наас  энэ конвенци нэмэлт протоколын хувьд хэрэгжиж эхэлсэн. Энэ конвенцийн үзэл баримтлалын дагуу манай холбоо ажиллахаар болж бүтэц, бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн. Тиймээс энэ конвенцийн үзэл баримтлалын дагуу манай байгууллага ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааг нэгтгэх, төр, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах, нэгдмэл бодлогоор зангидах зэрэг олон зорилгоор ажиллаж байна.

Хариуцсан яаманд нь тусгай агент­лагийн хэмжээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх тухай ч энэ конвенцид тусгасан байдаг. Тиймээс энэ асуудлыг ч гэсэн судалж байна. Сүүлийн үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ч энэ талаар анхааран, Засгийн газарт тайлан хүргүүлсэн. НХХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн тусдаа агентлаг байсан нь зүйтэй гэсэн дүгнэлтийг НҮБ рүү явуулсан байгаа. НХХ-ийн дэд сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хороог байгуулсан. Энэ хорооны даргаар дэд сайд Д.Нямхүү ажиллаж байсан. Засгаас гарлаа гэсэн асуудлаас болоод ажил маань жаахан цалгардаад байна. Тиймгүй бол бид сайдтай хамтраад өшөө ажил хийгээд явмаар байна. Д.Нямхүү дэд сайд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ил тод гаргаж ирсэн. Сонсголын болоод харааны бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн байдал, сургалтанд хамрагдах, ажиллах боломжийг бага ч атугай дээшлүүлэх талаар их юм хийсэн. Тулах эрхтэний согогтой хүмүүсийг ч цаашдаа анхаарах байх. Энэ бүх асуудлыг шийдчих гээд л зүтгэж байсан чинь засаг солигдох дээрээ туллаа. Гэхдээ дараа, дараагийн сайд нар биднийг энэ дайтай, дэмжиж, түшиж, тулж явах байх гэдэгт итгэж байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо Хүний эрхийн үндэсний комиссын хяналтын зөвлөлд байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байгаа нийтлэг асуудал нь юу байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрхэн хамгаалах талаар маш нарийн заасан байдаг. Ерөөсөө бүх л зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдөж байгаа. Энэ нь ч олон нийтэд бараг тодорхой байгаа байх. Бид бүхэн эрхийн зөрчлийг багасгах, нийгэмшүүлэх, энгийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн хоёрын хоорондын ялгааг тэгшитгэхийн тулд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүний нэгэн адил л эрхтэй байх ёстой.

-Гадаадад хөгжлийн бэрхшээл­тэй иргэдийг чөлөөтэй зорчиход нь зориулж дэд бүтэц, байшин, барилгыг өөрөөр төлөвлөсөн байдаг. Таньд хамгийн түрүүнд ийм асуудлыг шийдээсэй гэсэн бодол байдаг уу?

-Сүүлийн үед хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг гадны байгуул­лагуудтай хамтран хоёр стандартыг баталсан байгаа. Нэг нь дэд бүтэц, нөгөө нь барилгын норматив. Барилгын норматив гэдэг бол хөгжлийн бэрх­шээлтэй иргэд болон өндөр настан, балчир хүүхдүүд чөлөөтэй орж гарах шийдэл юм. Дэд бүтэц гэдэг нь бидний явж байгаа зам, машин замыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохируулсан зураг төслийг гаргасан байгаа. Бид л хөгжлийн бэрхшээлтэй гэж зааглаад мартаад байгаа болохоос энэ бүх зүйлс чинь хүний л төлөө юм шүү дээ. Нэг үеэ бодвол налуу зам гаргасан байгууллагууд их болсон. Зам харгуй нь ч гэсэн үүн рүү ойртож байна. Гэхдээ явган хүний замын боржуруудыг гөлгөр материалаар хий­сэн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байтугай жирийн хүн ч хальтирч унах магадлалтай зүйлийг хийчихсэн байгаа. Энэ нь бидэнд таалагдахгүй байна. Яагаад үүнийг аль болох барз­гар, мэдрэмжтэй, хальтрахгүй мате­риалаар хийх нь зүйтэй гэж дэлхийд үздэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамгийн сүүлд амьдралд биелэлээ олсон ямар ажил хийв?

-НХХЯ-тай хамтан манай холбоо­ноос Халамжийн тухай хуулиудад томоохон заалтуудыг орууллаа. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийсэн томоохон асуудал. НҮБ руу явуулах тайлан илтгэлүүдэд тусгайлсан зөвлөмжийг тусгасан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийн хоорондын уялдаа холбоог сайж­руулах зорилгоор цуврал уулзалтуудыг зохион байгуулж ч эхэлсэн. Ма­най холбоо хөдөө, орон нутагт сүл­жээ байгууллагатай түүгээрээ дам­жуулаад олон нийтийн цуврал ажил хийж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбогдсон хууль тогтоомжуудыг таниулах ажил их чухал юм байна. Тиймээс бид цаашид улсын халамж үйлчилгээний газартай хамтраад ажиллах бодол бий. Эдгээр байгууллагууд ч бидний ажлыг дэмжинэ гэдэгт найдаж байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах талаар олон ч байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүх байгууллагууд тал, талд өөр юм яриад байхаар олон нийтэд зөв мэдээлэл очихгүй байгаа юм шиг санагддаг?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг маш олон төрийн бус байгууллагууд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай конвенци батлагдахаас өмнө эдгээр байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд ийм л ажил зохицоно гэсэн өөрсдийн бодол, төсөөллөөр ажилладаг байсан. Одоо манайд нэгдсэн байгууллагууд тэднээс шал өөр. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөө цогц бодлоготой болохын тулд л ажиллаж байгаа. Манайх бол ашгийн байгууллага биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг бол халамж гуйгаад, мөнгө төгрөг гуйгаад байдаг хүн биш. Гагцхүү бидэнд боломж бололцоог нь гаргаад өгөх хэрэгтэй байгаа юм.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж