-Та нас барсан байна. Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдчихжээ гэсэн хариулт сонсоод юу ч хэлж чадаагүй гарсан гэнэ. Энэ тухайгаа ярихад нь эхэндээ итгэсэнгүй.Түүнд энэ үгийг сонсох ямар байсныг хэлэхэд бэрх. Гэхдээ түүнээс илүү “нас барсан” хүнтэй ярьсан иргэний бүртгэлийн ажилтан ямар их айдаст автаа бол оо. Амьд яваа хэрнээ нас барсан гээд иргэний бүртгэлээс хасагдсан хүний тухай өмнө сонсч байсангүй.
-Үгүй байлгүй. Та тэгээд овог, нэр, регистрийн дугаараа яг зөв хэлсэн юм уу? гэж асуутал,
-Үнэн. Регистрийн дугаараа мартах хүртлээ зөнөөгүй байна аа, дүү. Ах нь Архангай аймгийн Тариат сумынх. Хотод шилжиж ирээд удаагүй байтал гэр маань шатчихсан. Тэгээд л орон гэргүй, бичиг баримтгүй өдийг хүртэл тэнэж явна. Өнгөрсөн жил иргэний бүртгэлд хамрагдахаар очтол “Та нас барсан байна” гэдэг байгаа. Бичиг баримтгүй болохоор ажилд авахгүй, төрөөс янз бүрийн үйлчилгээ авах эрхгүй болчих юм.
Харин сүүлийн үед орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулж байгаа сураг гарсан. Тэр анкетийг бөглөөд өгчихсөн байгаа. Цаагуур чинь бичиг баримтгүй “цыган”-ууд зөндөө байгаа. Итгэхгүй бол 12:00-15:00 цагийн хооронд бид нарын хоол идэх үеэр асуухгүй юу гэлээ.
12:00 цаг болоход 15 минут дутуу байхаас эхлэн, шуудай барьсан, урагдаж хуучирсан хувцастай хүмүүс “Цамбагарав”-ын ард байрлах Вьетнам авто засвар гэсэн хоёр давхар байрны дэргэд цуглаж эхлэлээ. “Хэдэн цаг болж байна хө. Аан зөв. 10 минут л үлдсэн юм шив” гэж хамт яваа нөхдөдөө хэлж харагдана. Удалгүй үүд нээгдэж, тэд хоолондоо орохоор боллоо.
Монгол Улсад орон гэргүй буюу тэнэмэл иргэд бий болж, “траншейний”, “өвгөнтийн” гэх мэт нэр томъёо монгол хэлний үгийн санд томоохон байр суурь эзлэх хэмжээнд хүрэх нь. Харин 2010 онд орон гэргүй иргэдийг тооллогод хамруулж, 1100 орчим иргэн байна гэсэн дүн гарсан аж. Тэгвэл өнөөдөр тэдний тоо өссөн эсвэл буурсан гэсэн тоо, судалгаа алга. Хоёр жилийн өмнөх 1100 иргэнээрээ хоол хүнсийг бодож, төсөвт суулгадаг аж. Малаа жилдээ нэг тоолдог Монгол Улс сүүлийн 20 жилийн хугацаанд нийгэмд “бий болгосон уран бүтээлээ” ганцхан удаа тоолжээ. Тооллого явуулсныхаа дараа Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны шийдвэрээр орон гэргүй иргэдийг түр хоноглох байртай болгож, өдөр нэг удаа хооллож байхаар шийдвэрлэсэн. Харин орон гэргүй иргэд түр хоноглох газар хүрэлцдэггүй учир траншейндаа хонож, өдрийн нэг хоолыг иддэг. Чанарын хувьд боломжийн байдаг гэж ярьж байна. Нийгэмд хог ухдаг, архичин болж, түүнээс гарч чаддаггүй гэсэн ойлголтыг төрүүлдэг ч өөрийн гэсэн “бяцхан” мөрөөдлийг тээж явах аж. Одоогийн нийгмийн шаар, шавхруу мэтээр “нүд үзүүрлэгддэг” амьдралаасаа салахсан гэж бодож явдгаа ч ярилаа. Ажил хийе гэтэл бичиг баримт алга. Ажилд орохын тулд зайлшгүй хэрэгтэй иргэний үнэмлэх, ямар боловсролтой гэрчлэх диплом, гэрчилгээ нь тэдэнд алга. “Оюу толгой”-д ажиллахаар болсон мужаан залуу иргэний үнэмлэх байхгүй гэсэн үндэслэлээр ажилдаа орж чадахгүй, орон гэргүй тэнэж явна гэхээр харамсалтай биш гэж үү. Магадгүй бас цагдаагийн тодорхойлолт авахаар очиход нь “нас барсан иргэн байна” гэвэл гайхах зүйлгүй болжээ. Дээр нь хуучирч муудсан ноорхой хувцастай тэднийг тоох компани өнөөдөр бас алга. Нэгэн цагт сайхан ажил, амьдралтай байсан нь тэд архи уух дуртайдаа “цыган” /Өөрсдийгөө ийн нэрлэжээ/ болсонгүй. Эдгээр орон гэргүй иргэдийн дунд жолооч, засварчин, мужаан, өрлөгчин, барилгын инженер, цагдаа, бага эмч, сувилагчаас эхлээд эдийн засагч, брокер дилер компанид хүртэл ажиллаж байсан иргэн, бүр гадаад зургаан жил ажиллаж байсан иргэн ч байна. Ид хийж бүтээх насан дээрээ яваа олон залуус ч байна. Ажлыг хийхийг үүрч гараад, тэтгэврээ аван, төрийнхөө хишиг буяныг хүртээд сууж байх насныхан ч бас тэдний дунд бий. Тэтгэвэр авахаа байг гэхэд Батсүмбэрийн ахмадын асрах газарт очиж болдоггүй юм болов уу гэж бодож байлаа.
Тэгвэл орон гэргүй иргэд бий болсон хэний буруу юм бол… “Хойт эцэгтэйгээ таарахгүй гудманд гарсан надад буруу бий. Гэвч одоо больё. Ийм хэцүү амьдралаас гаръя гэтэл нэгэнт оройтчихсон байдаг юм билээ” гэж ШУТИС-д Архетиктерийн мэргэжлээр сурч байсан гэх залуу ярилаа. Учир нь тэднийг нийгэм хүлээж авдаггүй гэнэ. Халтар царайтай, хиртэй хувцастай тэднээс хүн бүр дөлнө. Ажилд авах гэхээсээ хар бор ажилд “зарцлах”-ыг илүүд үздэг гэнэ.
Монгол Улсын иргэн эх орондоо ийнхүү яваа нь манай төрийн буруу биш үү. Хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү гэж улстөржүүлж, тэдэнтэй жаахан хуучлав. Тэд үгүйсгэсэнгүй. Нэг өдрийн хоол биш, харин ажиллах, амьдрах орчинг нь бүрдүүлээд, эмнэлэг, эрүүл мэнд гэхчлэн төрийн үйлчилгээнд хамрагдах хэрэгцээ байгаа талаар ярьж байлаа. Хамгийн наанадаа гэхэд Монгол Улсын нутагт төрсөн хүний хувиар иргэн шиг иргэн нь байхыг хүсч явдаг нь харагдаж байлаа.
Ажил руугаа ирэх замдаа 20 жилийн ойтойгоо золгож, бөөн шагнал, баяр наадам болоод байсан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалт эдгээр иргэдэд үйлчилдэггүй огт үйлчлэхгүй байгаа юм биш үү гэж бодлоо. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхийн талаар “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Үүнийхээ доор Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж байгаад уншихад нилээн хугацаа орохоор олон эрх байгаа харагддаг даа. Зүйл заалт бүрээр бичнэ гэвэл сонины зай талбай хүрэлцэхгүй бололтой. Цухас дурдахад амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, сонгох, сонгогдох, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх гэх олон эрх байна даа, бидэнд.
Жич: Тэдний эрхийг нь хүндэтгэж, зургийг нь нийтэд харуулах болон нэрийг дурдаагүй болно.