Оюутнууд тэтгэлгээ ажлын байраар солино

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Оюутнууд тэтгэлгээ ажлын байраар солино

Оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журам батлагдаж Монгол Улсын их, дээд сургуульд суралцдаг оюутнууд тодорхой заалтыг давсан тохиолдолд 70 мянга болон түүнээс дээш мөнгөн тэтгэлэг авахаар болсон.

Тэгвэл журам батлагдахын өмнө МУИС-ийн оюутнууд сайн дураар тэтгэлэгээсээ татгалзаж эхэллээ. Сайхан сонсогдож байгаа биз. Төлбөрөө төрөөс даалгаж, автобусанд үнэгүй явдаг гэж нүд үзүүрлэгддэг оюутнуудын төлөөлөл 70 мянган төгрөгөө аваад түүгээрээ өөр зүйл хийхээр төлөвлөснөө  дуулгасан. Учир мэдэх зарим нь тэднийг сайхан санал гаргасан гэж дэмжиж байхад зарим нь төр зүгээр мөнгө өгч байхад дуугай авч л байхгүй гэх нэгэн ч бас байна. Мөнгөнөөс татгалзаж буй оюутнууд бол МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхимийнхэн. 70 мянган төгрөгийн тэтгэлгээс МУИС-ийн 23 мянган оюутан татгалзаж, хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрт мөнгөө зарцуулахаа мэдэгдээд байгаа аж.

Засгийн газрын шийдвэрээр 160 гаруй мянган оюутанд 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдөж буй. Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж  2000 гаруй төсөл  хөтөлбөрүүд байдаг аж. Тэндээс нийгэмд хамгийн хэрэгцээтэйг нь сонгон төрөөс олгож буй тэтгэлэгт хөтөлбөрийг сонгон шалгаруулж, хөрөнгө оруулахаар болжээ. Оюутнууд жижиг дунд үйлдвэрийг дэмжих, уул уурхай, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах талаар хэлэлцэж шинэ үйлдвэр бүтээн байгуулалт хийхээр болсон байна.

Энэ онд 787,1 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаас эх орны хувь хишиг болгон тараахаар төсөвт суулгасан.  Оюутнуудад 70 мянган төгрөг олгох журам анхнаасаа хэл ам дагуулж байсан.  Шоу цэнгээний гол баатрууд гэгддэг оюутнууд Эх орны хишиг 21 мянган төгрөг буусны дараа архидан согтуурч, гэмт хэрэгт холбогдох нь ихэсдэг, 21 мянган төгрөгөө үр ашиггүй зарцуулах нь ихэсч байна гэх мэтийн хэл ам дагуулсаар ирсэн билээ. Мэдээж эх орны хишиг буусны дараа баарнуудын орлого нэмэгддэг гэдгийг олон хүн мэдэх биз. Одоо 70 мянган төгрөг буухаар үүнээс илүү их баар, цэнгээний газрын ашиг орлогыг нэмэгдүүлнэ гэх мэтээр 70 мянгыг дэмжихгүй хүн олон байсан. Гэсэн ч олон хүний дургүйцлийг хүргэж байсан ч дэмжигдэж, батлагдсан. 

МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун хэлэхдээ “Манай оюутнууд өөрсдөө энэ санаачлагыг гаргаж байгаа бөгөөд үр ашиггүй бэлэн мөнгө тараах нь залуучуудыг бэлэнчлэх сэтгэлгээ, ядууралд хүргэж байна. Тиймээс залуус бид өөрсдөө үүнд цэг тавих ёстой гэж энэхүү шийдвэрийг гаргасан. Бид ч гэсэн оюутнууд маань ингэж байхад дэмжих хэрэгтэй гэж үзэн манай сургуулийн багш нар дэмжиж байгаа. Оюутнууддаа хөрөнгө оруулах зорилгоор бэлэн мөнгө тарааах, дан ганц оюутан ч гэлтгүй ард иргэдээ дэмжиж байгаа гэж бодож байгаа бол 787 тэрбум төгрөгөөр эх орныхоо бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Гэхдээ оюутнууд 70 мянгаа бүгдийг нь биш ч гэсэн өөрийн хүсэлтээр мөнгө өгөх боломжтой. Оюутнуудын санаачилсан энэ үйл ажиллагаанд бусад оюутнууд ч гэсэн дэмжиж оролцоосой гэж хүсч байна” гэлээ.
 
Тус сургуулийн оюутнууд тэтгэлэгийн мөнгөө хэрхэн зарцуулах талаар судалгаа ч мөн хийсэн байна. Судалгаагаар 22 хувь нь унааны мөнгөнд, 28 хувь нь хуримтлалдаа гэсэн бол бэлэн мөнгө тараах нь инфляци өсгөнө гэж 21 хувь нь үзсэн байна.  Энэ бол зөвхөн тус сургуулийн оюутнууд дунд хийсэн судалгаа. Тэгвэл 160 гаруй их, дээд сургуулийн оюутнуудаас энэхүү судалгаа авбал ямар тоо гарах бол.

Хамгийн их муу нэр дагуулдаг оюутнуудаас ийм сайшаалтай санал гаргаж байгаад талархах хүн олон гарах байх. Ямартай ч 160 гаруй мянган оюутан тэтгэлэгээсээ татгалзаж хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулж, хуримлуулсан мөнгөөрөө бүтээн байгуулалт хийж чадвал бэлэн мөнгө тарааснаа илүү үр дүнтэй ажил болох болно. Харин энэ санаа хэрхэн дэмжигдэж, хэний амьдралд үр дүн өгөхийг харах л үлдсэн.  160 мянган оюутан 70 мянган төгрөгөө хаидивлаж чадвал бас л их тоо гарч байгаа биз. Сайхан санаачлага гаргасан шоу цэнгээний баатар гэж хочлогсдоо дэмжээд өгөөрэй залуус аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж