
Шатахуун импортлогчид ам.долларын ханшийн өсөлтөөр далимдуулан дотоодод зарж буй нефть бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болоод байна. Энэ удаад хүмүүс цалин нэм, Засгийн газар огцор гэж шаардахаасаа илүү амьдралд нь дарамт болоод байгаа үнийн өсөлтийг барих, монополиудтай тэмцэхийг уриалж байгаа билээ. Тиймээс ч Монгол ороны өнцөг булан бүртамьдарч байгаа, үнийн дарамтыг мэдэрч яваа энгийн иргэд энэ жагсаалыг дэмжинэ, жагсаалд нэгдэнэ гэдгээ илэрхийлээд байгаа аж. Аливаа нэгэн жагсаал, цуглаан болонгуут эмх замбараагүй байдал үүсдэг. Энэ удаад ийм байдал гаргахгүйн тулд, бухимдсан олны зүгээс ямар нэгэн буруу үйлдэл гарвал таслан зогсоохоор цагдаа нартай хамтарч ажиллана гэдгээ Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос дуулгасан. Ерээд оноос хойш ийм олон хүн оролцсон жагсаал болж байгаагүй. Жагсаал орон даяар зэрэг явагдаж байгаа нь хамгийн гол онцлог гэдгийг С.Ганбаатар өчигдөр хийсэн хэвлэлийнхээ бага хурлын үеэр ярина лээ. Үнийн өсөлтөд яаралтай арга хэмжээ авч өгөхийг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Засгийн газарт хандаж хүсэлт гаргаад14 хонож буй хэдий ч өнөөдөр Засгийн газар, УИХ юун үнийн өсөлт манатай, улстөрийнхөө хэрүүл, тэмцэл, сайд нарын суудлаас өөр асуудалд анхаарлаа хандуулахгүй байна гэв. Энэхүү жагсаалыг ямар нэгэн иргэний хөдөлгөөн, энэ тэр улстөрчидтэй хамтарч хийгээгүй шүү гэдгийг ноён С.Ганбаатар анхааруулаад, энэ жагсаалаар далимдуулж, улстөржихийг үгүйсгэхгүй байгаагаа, хэрвээ хэн нэгэн улстөрчиж асуудал гарвал үүнд иргэний хөдөлгөөнийхөн өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг сануулсан. Энэ жагсаал бол улстөрийн зорилготой, улстөржсөн жагсаал биш гэнэ лээ. Монголын хүн амын нэг талд цөөн хэдэн баячууд борчуудын мөрөөдөж буй байр, машины мөнгөөр даашинз, пиджак худалдан авч, брэндээр өвчилж байхад нөгөө хэсэг нь үнийн дарамтад өртөж, өр шир тавьж, өлөн зэлмүүнхэн амьдарч байгаа нь шударга биш байна. Энэхүү үнийн өсөлтийг Монголын цөөн хэдэн бизнесийнхэн, монополиуд үүсгээд, зохиомлоор эрэлтийг нэмэгдүүлж, ахиухан ашиг олох гэсэн шударга бус үйлдэлтэй л тэмцэхийн тулд өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байгаа гэсэн. Тус холбооныхон зах, дэлгүүрээр явж шатахууны үнэ өссөнөөс хойш бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаарх судалгааг хийсэн байна. Энэхүү судалгаагаар бол сүлжээ дэлгүүрүүд шударга бусаар үнэ нэмсэн нь тогтоогдсон агаад үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авч ажиллах ёстой, хяналт тавих хэрэгтэй гэсэн.
