Гэхдээ төр миний дээр байх ёстой гэж зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэр зохицуулагч хийхийн тулд бусдаас ялимгүй давуу эрх мэдэлтэй байх учиртай гэж итгэдэг. Цэвэр, тунгалаг, шударга, зарчимч байх ёстой гэж хүсдэг. Яагаад гэвэл Төр бол улс, үндэстний аюулгүй байдлын эх сурвалж юм. Загас толгойноосоо эхэлж өмхийрдөг… Бүгдээрээ өмхий ханхалсан намганд үйж живэхийг хүсэхгүй байгаа л бол Төрийг аюулгүй байдлын эх сурвалж, цэвэр тунгалгийн эх ундарга гэдгийг нь үргэлж сануулж, хянаж байх үүрэгтэй.
…Төрийн эрх мэдлийг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс илүү дээр ардчиллыг одоохондоо бурханд хайрлагдсан АНУ-д ч олоогүй байна. Монголд “Намаар дамжин төрийн эрх мэдэлд хүрч болно” гэдэг ганцхан дүрэм цээжилсэн хэнээтнүүд эхлээд нам байгуулж тоглоно, дараа нь төрд шургаж томорно. Ямар ч үзэл баримтлал, хөгжлийн бодлогогүй, ардаа зөвхөн том компанитай нам Монголд бий болж л байсан. Парламентад суудал авч, бусдын Засгийн газарт хавчуулагдан төрийн эрхийг барилцаж л байсан.
Аль нэг “Намын гишүүн байх” гэдгээс өөр шалгуур шүүлтүүргүй, улс төрийн тохиролцоо гэдэг хуульчлагдаагүй бохир механизмаас өөр зохицуулалтгүй хамгийн бүдүүлэг орчинд бид Төрийг байгуулж байна. Үүнийг хэтрүүлэг гэж үзэвл арай зөөлрүүлээд хэлэхэд төрийн хамгийн чухал албан тушаалтан, сайдуудыг тийм л орчинд тодруулан томилж байна.
“Нам шийдсэн байхад өөр хэн юу гэх юм бэ” гэж аархсан зарим нь сайдын албанд томилогдоогүй байхдаа л эрх мэдлээ зүүдэлж, хамгийн түрүүнд хэнээс ямар өшөө авахаа тооцоолж, хаана хуруу дүрэх “бал” байгааг үнэрлэж байна. Энэ бол яг өнөөдөр стандарт бус Засгийн газрыг залруулах үйл явцын хүрээнд ажиглагдаж байгаа дүр зургийн нэг. Мөн сүүлийн хорин жил дэх үе үеийн Засгийн газарт хамаарах шүүмжлэл. Сайдууд улс төрийн томилгоо гэдгээр өөрөө цагаатгагдаад зогсохгүй, багын тоглолт нэрээр дээрээс доош чиглэсэн шатлалаар гар, хөлийн хүнээ томилж, төрийн нэрээр тонуул, дээрэм хийдэг үзэгдэл хавтгайрсан. Гудамжнаас төрд орж ирчихээд тэрбум, тэрбумаар нь танил талдаа тарааж өгчихөөд гараад явчихдаг жишээг хэн ч мэдэхгүй өнгөрдөг гэвэл худлаа. Мэдсэн нэгэн нь илчилж чаддаггүйд л учир нь бий. Өөр хоорондоо гинжин урвалаар холбогдож, нэг нэгээсээ урган гарсан үй түмэн алдаа, завхрал Монголын нийгмийг төртэй, юутай хамт гавлачихаад байгааг яаж өөрчлөх ёстой юм бол? Ядаж энэ дундаас Төрөө цэвэр,тунгалгаар авч үлдэх вэ?
Монгол төрт ёсны урт удаан түүх, уламжлалтай ард түмэн гэж омогшдог. Гэхдээ төрөө яаж хэрхэн яаж байгуулахад суралцаагүй ард түмэн. Төр чухамдаа юуны тулд байдгийг ч ойлгож амжаагүй ард иргэдтэй улс. Хөрсөнд халгайн үр суулгачихаад байхад сарнай ургахыг хүлээж хууртдаг сонгогчдод өнөөдөр боловсрол, улс төрийн намуудад нь ёс суртахуун хэрэгтэй болжээ. Тархинаасаа эхэлж өтчихөөргүй төр шиг төрийг байгуулж сурахын тулд үүнээс ч илүү зүйл хэрэгтэй биз ээ.
Төр хэврэгшиж байна. Ард түмний аюулгүй байдлын эх сурвалж болсон Төр нянтай орчинд амьсгалж байна. Тархинаасаа эхэлж өмхийрдөг амьд бие ганцхан загас биш шүү дээ.