МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өдөр 15.00 цагийн үеэс Төрийн ордонд хуралдсан юм. Төрийн ордны А танхимын гадна харуул хамгаалалт зогсоож “өндөржүүлсэн” хаалттай байдлаар хурлыг хийлээ. Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын генсекийн асуудал сөхөгджээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Засгийн газрын Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлээд буй. Хэрэв У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдаар томилогдвол орны хүнийг яаралтай сонгох асуудал гарна. Сонгууль дөхөж буй тул намын өдөр тутмын үйл ажиллагааг эмхэлж явуулдаг ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг эртнээс ярих нь зүйтэй гэж МАН-ынхан үзжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд Ерөнхий нарийн бичгийн даргаа шинэ боловсон хүчний дотроос дэвшүүлэх сонирхолтой байгаа сурагтай.
Тухайлбал, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын нэр нэлээд дээгүүр яригдаж байгаа дуулдана. Мөн УИХ-ын гишүүн С.Баяр сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж, намаа ялалтад хүргэхийн төлөө ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж сонгуулийн менежер хийх сураг гарч байна.
МАН удахгүй намын бага хурлаа хийж, ерөнхий нарийн бичгийн даргын болон сонгуульд нэр дэвшүүлэх зарчмын талаар ярилцах болсон талаар зарим эх сурвалж хэлж байна.
Д.ОЮУН