Иранд цохилт өгөхөд эрт байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Иранд цохилт өгөхөд эрт байна гэв

Израйлийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак Иранд цохилт өгөх асуудлаар шийдвэр гаргах эрт байна хэмээн мэдэгджээ. Израйлийн армийн радиогоор мэдэгдэл хийхдээ тэрбээр Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгааг нотлох баримт одоогоор байхгүй гэжээ. Тэрбээр “Зургаан сарын дотор эсвэл зургаан жилийн дараа Иранд цохилт өгөхийг би хэлж мэдэхгүй” гэсэн байна. Пентагоны төлөөлөгч өнгөрсөн ням гаригт АНУ, Израйль пуужингийн довтолгооноос хамгаалах туршилтын бэлтгэлийг 2012 оны хоёрдугаар улирал хүртэл хойшлуулах болсон гэж мэдэгдсэн юм. Харин АНУ-д суугаа Израйлийн элчин сайд Майкл Орен туршилтын бэлтгэлийг стратегийн болон санхүүгийн таагүй байдлаас болж хойшлуулсан гэж тайлбарласан байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров  АНУ холбоотон Израйль Иранд цохилт өгөх магадлал их байгаа талаар өчигдөр мэдэгдэл хийжээ.  Тэрбээр “Үүний үр дагавар маш ноцтой байх болно гэдэгт бид огт эргэлзэхгүй байна. Энэ бол сүйрэл” гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд “Иран руу халдвал хэдэн арван мянган иргэд ОХУ болон хөрш зэргэлдээх орнууд руу дүрвэн гарна” гэж ярьжээ. 

Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд эдийн засгийн хориг тавихыг Хятад, ОХУ эсэргүүцэж байгаа юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж