Монголыг ЭЗ-ийн эрх чөлөөгөө эрс сайжруулсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Монголыг ЭЗ-ийн эрх чөлөөгөө эрс сайжруулсан гэжээ

“АНУ-ын Херитеж сан, Уолл стрийт сэтгүүл хамтран 184 улсын эдийн засгийн байдалд үнэлгээ хийж, 2012 оны эдийн засгийн эрх чөлөөний индексыг гаргажээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэгт иргэдийн хөдөлмөрлөх, өмчөө хянах бүрэн эрхээ эдлэх үндсэн ойлголтыг хамруулж, улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний индексийг бизнес, худалдаа, төсөв, засгийн газрын зардал, мөнгө, хөрөнгө оруулалт, оюуны өмч, авилга, хөдөлмөр эрхлэлт гэсэн 10 зүйл ангиар тодорхойлон гаргасан байна.  

2012 оны эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 184 орноос таван улсыг буюу Хонконг, Сингапур, Австрали, Шинэ Зеланд, Швейцарийг дэлхийн  хамгийн  эрх чөлөөтэй орнуудаар нэрлэв.

Нийт 75 орны индекс сайжирсан бол 90 орны ангилал буурч, дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний 2012 оны индексын дундаж 100 оноо авахаас 59.5 болжээ. 

Манай Улс эдийн засгийн эрх чөлөө нь сайжирсан эхний 10 орны нэг болов.  Түүнчлэн, индекс нь сайжирсан 75 орны 73 нь хөгжиж буй орнууд бөгөөд  Ази-Номхон  далайн бүсээс эдийн засгийн эрх чөлөөгөө эрс сайжруулсан орны тоонд Монгол, Казахстан, Тайвань улсыг нэрлэв.

Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний 2012 оны индекс 61.5 болж,  дэлхийн 183 орноос 81 дүгээр байр эзлэв. 2011 онд манай улс 91 дүгээр байр эзэлж байжээ. Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд манай улс 41 орноос 12 дугаарт орсон нь мөн өнгөрсөн оныхоос  4 байраар   урагшлав.

Монгол Улсын Засгийн газраас  мөнгөний бодлого, Засгийн газрын зардлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ ийнхүү эдийн засгийн эрх чөлөөний индексыг нэмэгдүүлэх хүчин зүйл болжээ. Ингэснээр манай улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр анх удаа “бараг чөлөөтэй” ангилалд орсныг онцолмоор байна.  

АНУ эдийн засгийн эрх чөлөөний индексээр дэлхийн хэмэээнд 10, хөрш орнуудын тухайд  Хятад 138, ОХУ  144 дүгээр байрыг тус тус эзэлжээ” гэж Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж