Жишиг болох уу, жишээ байх уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Жишиг болох уу, жишээ байх уу?

“Ногоон сэтгүүлч” ТББ,  МУИС, ХИС-ийн багш нар болон Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран  "Жишиг болох уу, жишээ байх уу"  номын талаар мэдээлэл хийлээ. Америкийн Азийн сангаас санхүүжүүлэн, “Ногоон сэтгүүлч” ТББ-аас санаачлан гаргасан уг ном нь анхны цуврал болох байгаль орчны сэдэвт “Шоколадтай уул” цувралын дараагийн бүтээл юм. Энэ нь сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлүүдээр уул уурхайн асуудлыг хөндөн бичсэн сэтгүүлчдийн бүтээл дээр шүүмж хийсэн ажээ. Тус номын талаар “Ногоон сэтгүүлч” ТББ-ийн тэргүүн С.Ганболдоос тодрууллаа.

-"Жишиг болох уу, жишээ байх уу" номын нэрээр ямар утга санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

-Америкийн “Peabody” гээд уул уурхайн компани  Эрээний уурхай дээр нөхөн сэргээлт хийсэн юм. Тус компани 150 гаруй жилийн түүхтэй, нөхөн сэргээлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тэр нөхөн сэргээлтийнх нь үед сурвалжилсан сэтгүүлч маань нэгэн бичвэртээ "Жишиг болох уу, жишээ байх уу"   гэдэг дэд гарчиг өгч байсан юм. Мөн манай орон уул уурхайн орон болчихсоны хувьд жишээ бус, жишиг орон болохын төлөө ажиллах хэрэгтэй гэсэн санааны үндсэн дээр ийнхүү нэрийг бодож өгсөн. 

-Сэтгүүлчийн бүтээлүүд дээр шүүмж хийсэн хүмүүсийн бүрэлдэхүүнийг танилцуулна уу?

-МУИС, ХИС, “Соёл эрдэм” дээд сургуулийн сэтгүүл зүйн багш нар шүүмж хийж, ном туурвих ажилд гар бие оролцсон юм. Одоогийн байдлаар Монголд сэтгүүлзүйн чиглэлээр сургадаг 20 гаруй сургууль байна. Түүнээс экологийн сэтгүүл зүйн чиглэлээр  МУИС, “Отгонтэнгэр” их сургуулиуд хичээл орж байна. Цаашдаа асуудал хөндөн, цуврал номуудыг гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр  дээр дурдсан сургуулийн багш нар шүүмж бичигчдээр оролцоод явна гэсэн үг юм. 

-"Жишиг болох уу, жишээ байх уу" номд оруулсан сэтгүүлчийн бүтээлийг хэрхэн сонгосон бэ. Шүүмжийн цаашдын үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?

 -Бид уул уурхайн чиглэлээр бичлэгийн төрөл зүйлийн аль нэгээр бичсэн сэтгүүлчдэд хандан, бүтээлээ илгээн, энэхүү шүүмж номд оруулах санал тавьсан юм. Үүний үндсэн дээр уул уурхайн сэдэвт цогц мэдээллийг багтаасан, бичлэгийн төрөл зүйлүүдийг хамарсан  баяжмал ном болж чадлаа.  Энэхүү номыг сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг болон ажиллаж буй сэтгүүлчдэд, мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудад хүргэхийг зорьсон. Шүүмж гэдэг утгаараа алдаанаас суралцаасай, санаа авч, засаасай гэдэг үүднээс гаргалаа.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж