Үүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Хоорондоо адил зүйл нэлээд бий. Гэхдээ ялгаатай зүйлүүд бий. Тухайлбал, энэ төсөлд захиалгат мэдээлэл нийтэлсэн нөхцөлд түүнийг нь тодорхой бичдэг. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, сэтгүүлчийн асуудлыг авч хэлэлцдэг консултай болох гээд олон ялгаатай асуудал бий” гэсэн юм.
Энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Сурвалжлагч бол зарц биш, чөлөөт сурвалжлагч байх ёстой. Түүний хэлсэн, бичсэн зүйлийг цензурдаж, энэ хүний ярилцлагыг гаргаж болохгүй. Энэ өгүүлбэрийг авах ёстой, ийм агуулгаар нийтлэл бичиж болохгүй гэх мэтээр редакциас нь тухайн сурвалжлагч, сэтгүүлчийн үйл ажиллагаанд халдаж болохгүй. Энэ бол сэтгүүлчийн эрх зүйг зөрчиж байгаа асуудал юм. Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангасан хуулийг батлах ёстой тул энэ агуулга руу явах ёстой” гэсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгахад 74.9 хувь нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.