Комиссар Кондратьев үзэгчдээ үүрд орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Комиссар Кондратьев үзэгчдээ үүрд орхилоо

Өчигдөр, 1 сарын 18-нд оросын жүжигчин Евгений Жариков таалал төгслөө. Түүнийг хэн ч , хэзээ ч “агуу”, “гайхамшигт” гэж цоллож байгаагүй ч олон сая үзэгчдийн хувьд тэр хайртай жүжигчин нь байсан юм. Ийм жүжигчид хар бага наснаас л царай төрх нь дотно танил болж, залуу цагийн бол бахархах үлгэр дууриал, нас тогтох үеийн харин гэрэлт дурсамж болдог билээ.

Олон (зуун) мянган монголчууд түүнийг “Хувьсгалаар төрөгсөд” зөвлөлтийн телевизийн цувралын Николай Кондратьевын дүрээр сайн мэддэг, бас хайрладаг билээ… Тэрээр яг 70 нас хүрээд байсан юм…


“Цагдаагаар төрсөн”

Зөвлөлт засгийн үед зөвлөлтийн сэргийлэхийн тухай үзэл суртлын олон бүтээл гарч байсны дотор хэт гоёчилсон, домогчилсон, уран сайхны хувьд маапаантай олон л кино гарч байсан. Гэхдээ амьдралд ойр, сонирхолтой үйл явдалтай, жүжигчний гайхамшигт ур чадварыг харуулсан шилдэг бүтээл цөөнгүй бий. Тийм кинонуудын нэг нь “Хувьсгалаар төрөгсөд” билээ.

Евгений Жариковын амилуулсан энэ киноны гол дүр Николай Кондратьев эр зоригтой, тэсвэр хатуужилтай, мэргэжлийн ур чадвартай сонирхолтой дүр болсон билээ. Кинонд эхнэрийнх нь дүрд тоглосон жүжигчин Наталья Гвоздиковатай Евгений Жариков тун удалгүй гэр бүл болсон юм. Тэр хоёр хоёул энэ киногоороо ЗХУ-ын Төрийн шагнал хүртсэн байна.

Энэ гэр бүлийг олон жилийн турш зөвлөлтийн кино ертөнцийн хамгийн үлгэр жишээ гэр бүлд тооцсоор ирсэн билээ.

Наталья Гвоздикова, Евгений Жариков

“Тарковский” болон бусад нь

“Евгений Жариков нар мэт гэрэлтсэн, амьдрал, дуу хуур, хайраар бялхсан хүн байсан билээ. Түүнтэй анх 1961 онд А.Тарковскийн “Ивановын бага нас” кинон дээр танилцсанаас хойш тэрээр яг л тэр дүр шигээ амьдарч, тавин жилийн дараа ч гэсэн тэр хэвээрээ л байсан. Тарковскийн кинонд нэгэнт ажиллачихсан хүнийг хийх юмаа хийчихсэн гэж тооцож болно. Гэхдээ тэр цааш тоглосоор л байсан юм” гэж жүжигчин Николай Бурляев ярьж байна.

А.Тарковский ч тэр (“Ивановын бага нас”, 1962), Г.Оганесян ч тэр (“Гурав нэмэх хоёр”, 1963) анхнаасаа л Жариковын гадаад үзэмж болон хээнцэр, офицер мэт жавхаалаг, бага зэрэг хошин зантай жүжигчний төрхийг нь үнэлсэн юм. Хэрвээ тэрээр “баруунд” байсан бол дандаа язгууртан, том бизнесмэн, сод ухаант мөрдөгчдийн дүр бүтээх байсан гэж хүмүүс ярьдаг. Зарим судлаачид түүнийг Пол Ньюмэн, Марлон Брандогийн хэнтэй илүү төстэй вэ гэж ч маргадаг.


"Ивановын бага нас"

Амьдрал…

Тэрээр амьдрал дээрээ дэлгэцийн баатрууд шигээ авьяастай, тэвчээртэй, эр зоригтой хүн байсан гэж нөхөд нь дурсч байна. Жариков 1970-аад онэ эхээр зураг авалтан дээр мориноос унаж нуруугаа хугалсан байна. Бараг 30 жилийн дараа дахин хагалгаанд орж, хиймэл эрхтэн суулгуулж байжээ.

2000 он гарсаар тэрээр кинонд тоглосоор байсан юм. Түүнд бусад олон олон зөвлөлтийн жүжигчдийн адил туслах дүр л ногдож байсан. Гэвч тэр дүр болгондоо өөрийн авьяасыг шингээж, үзэгдээд өнгөрөх богинохон агшин нь ч гэсэн яг л түүнд байдаг баатарлаг, тэргүүн өндөр бодгалийн гэрэл гэгээг цацруулж байдаг билээ. Үүнийг хиймлээр бий болгож болдоггүй юм. Зөвхөн авьяас, хүн чанараар л…


РИА Новости-гийн материалаар бэлтгэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж