Ерөнхийлөгч Цогтцэций сумынхантай уулзана

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Цогтцэций сумынхантай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Ухаа худгийн нүүрсний олборлолттой танилцлаа. Энэ орд дээр “Энержи ресурс” компани үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьд нүүрс баяжуулах хоёр ч үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд гурав дахиа мөн байгуулахаар ажиллаж буй юм байна. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр “Энержи ресурс” компани нь Засгийн газартай урт хугацааны Тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байна гэх дуулиант мэдээлэл цацагдсан тул түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой хариулт өгөхийг хүслээ. МCS компанийн захирал Ж.Оджаргал, мөн “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар “Ашигт малтмалын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулагч нь 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд Засгийн газартай 30 жилийн Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар зааж өгсөн байдаг. Тийм учраас бид асуудлыг тавьсан. “Энержи ресурс” бол үндэсний компани, дээр нь хөрөнгө оруулалтаа хийчихээд байгаа. Одоогоор Ухаа худгийг түшиглэн 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалт цаашид өснө, нийтдээ 700 гаруй сая ам.долларт хүрнэ” гэлээ. Мөн “Энержи ресурс” компанийн хувьд нүүрсээ аль болох боловсруулж, экспортод тавих зорилго агуулж буй. Гэхдээ дэд бүтцийн асуудал чухал байгаа. Тиймээс төмөр зам тавихад хөрөнгө оруулах боломжтой. Үүнд 700 сая ам.долларын хөрөнгө оруулах боломж бололцоо байна гэдгээ уламжилсан юм. Хэрвээ үүнийг хүлээн зөвшөөрвөл төмөр замын 51 хувийг төр эзэмшээд явах бүрэн бололцоотой гэдгийг мөн хэллээ. УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлогыг батлах шатанд “Нарийн царигтай төмөр замыг урд хөрш рүү тавьж болохгүй. Энэ тохиолдолд үндэсний аюулгүй байдалд харшилна” гэж УИХ-ын гишүүд мэдэгдэж байлаа. Тэгвэл тус компанийн хувьд Гашуун сухайт руу тавих төмөр зам өргөн царигтай байж болно гэж хэлж буй юм.

Юутай ч уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас хамгийн томд тооцогддог “Энержи ресурс” компанийн ажил байдалтай Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаж дуусаад одоо замд гарах гэж байна. Эндээсээ Цогтцэций суманд очиж ажиллана. Тэнд сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсох юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж