З.Нарантуяа: Шат шатнаасаа дэвшүүлдэг байхаар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

З.Нарантуяа: Шат шатнаасаа дэвшүүлдэг байхаар боллоо

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд маань ямар байх ёстой юм бэ. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын гол зорилго нь намын үзэл бодол хөтөлбөрөө ард түмэн, гишүүд дэмжигчдэдээ эмэгтэй гишүүдээрээ хүргүүлдэг. Энэ утгаараа эмэгтэй гишүүдийн оролцоо хэр идэвхтэй байгаагаас намын дотоод ардчилал хамаардаг, хөгжилд хувь нэмэр оруулдаг. АЭХ-ны сүүлийн хоёр жилийн ажил нь эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэсэн. Манай холбооноос явуулсан үйл ажиллагаа бодлогын үр дүнд эмэгтэйчүүд идэвхжиж, гишүүд маань хөгжиж байна. Шийдвэр гаргах түвшинд очих, улс төрийн үйл хэрэгт оролцож дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй юм байна, улс төрд эмэгтэйчүүдийн байр суурь дутагдаж байна гэдгийг нийгэм ч ойлгож байна. Эмэгтэйчүүд улс төрд орж ирэх нь шийдлийг эрүүл саруул гаргахад нөлөөлдөг сайн талтай. Нөгөө талаас нийгэмд эмэгтэйчүүдийг дэмжих хандлага ажиглагдаж байна. Энэ бүх хүчин зүйлүүд улстөрч эмэгтэйчүүдийг шударга байх, улс төрийн соёлд сургаж байна. Үүнийг АЭХ анх мэдрээд улс төрийг яаж соёлтой болгох вэ гэж яриад Зөвлөлдөх хорооныхоо хурлаар энэ журмыг батлуулж чадсан нь хурлын үр дүн гэж би хувьдаа дүгнэж байна.

-Тэгвэл журмын гол агуулгыг тайлбарлаач?

-Олон жил улс төрд явсан эмэгтэйчүүд намд зүтгээд байдаг ч иргэдэд танигддаггүй, өөрийнхөө бодож санаж яваа үгээ түмэнд хүргэх аргаа олдоггүй. Тиймээс энэ эмэгтэйчүүдээ нийгэмд таниулахын тулд уулзалт, ярилцлагыг АЭХ-ны нэрийн өмнөөс зохион байгуулж байхаар болсон. Энэ арга хэмжээ нь удирдлагуудын хийх ажил бус жирийн гишүүд маань зохион байгуулаад, эмэгтэйчүүдээ хамруулж болох юм. Энэ бол нэгдүгээр ач холбогдол.

Хоёрдугаарт, улс төр хийхдээ эмэгтэйчүүд манлайлалдаа цензуртэй байя гэж байгаа юм. Нэгийгээ үг хэлээр доромжлохгүй, уламжилж ирсэн зүйр цэцэн үгээ эмэгтэйчүүдийнхээ эсрэг хэрэглэхгүй, олон улсын конвенцийг няцаасан зүйл хийхгүй, улс төрийн өндөр албан тушаалд томилогдсон бол албан тушаалаа иргэдийн эсрэг ашиглахгүй гэх мэт хэдэн үүрэг, ухамсрыг өөртөө шингээж байж улстөрч болох юм гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ шаардлагыг хангасан улстөрчидтэй манай холбоо нээлттэй ажиллана.

Гуравдугаарт,
шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийг намын удирдлагууд л харж томилох бус анхан болон дунд шатнаасаа нэр дэвшүүлдэг байхыг зорьсон. Бид шат шатандаа шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийг тухайн шатны АЭХ нь нэр дэвшүүлээд, тодорхойлж намынхаа удирдлагад хүргүүлэх юм.

-Хэрхэн тодорхойлох вэ. Шалгуур нь дээр дурьдсан зүйл байх уу?

-Тухайн хүний намтар түүхээс гадна, мэргэжил, боловсрол, туршлага байх ёстой. Мөн ардчилалд оруулсан хувь нэмрийг нь харж үзье гэдгийг журамдаа тусгаад байна. 2012 оны сонгуульд энэ журмаа дотооддоо баримталъя гэж тохиролцсон.  

Б.Марал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж