Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “А.Бакейн хувьд 2011 оны арванхоёрдугаар сарын 26-нд өргөдөл гаргаж өгсөн. Байнгын хорооны хувьд тогтоолыг 28-нд боловсруулсан, улмаар 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр асуудлыг хэлэлцээд дэмжин, чуулганд оруулж ирсэн нь энэ” гэсэн хариулт өглөө.
Мөн энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Сонгуулийн тухай хуульд улстөрийн албан тушаалтан нь 2012 оны нэгдүгээр сарын 1 гэхэд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тодорхой заасан. Түүнийгээ барихгүй бол “Би арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй юмнууд зөндөө гарч ирж болзошгүй” гэв.
Гэвч тогтоолын төслөөр санал хурааж, олонх гишүүн дэмжсэнээр Санхгүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн гишүүн А.Бакейг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, шийдвэрлэлээ.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, анхны хэлэлцүүлгээр нь баталсан юм. Уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарч дэмжлэг хүлээсэн байсныг УИХ-аар ийнхүү ёсчлон дэмжлээ.