Халамжийн хууль долдугаар сарын 1-нд хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Халамжийн хууль долдугаар сарын 1-нд хэрэгжинэ

УИХ-аас Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбоотойгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Д.Дондог, С.Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засийн газраас тус төслийг 2010 онд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Төсөлд халамжийг өрхийн амьжиргааны төвшинг харгалзан олгоно гэж тусгасан байсныг УИХ-аар хэлэлцэх шатанд иргэн болгож өөрчилж өгчээ. Ингэснээр хавтгайрсан халамжийг хязгарлаж жинхэнэ очих ёстой халамж хүрнэ гэж талууд мэдэгдлээ. Харин хуулийн хэрэгжих хугацааг ирэх долдугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн байна. Энэ нь дээрх сараас эхлэн иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөг зогсох тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийгээд, харж хандах хүнгүй, өөрөө орлого олох чадваргүй иргэдийн хувьд амьжиргаа нь хүндэрнэ гэж үзсэнтэй холбоотой аж.

Мөн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд, шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, согтуурах мансуурах донтой иргэн, хамгийн орлого, хэрэглээ багатай ядуу хэсэг, хорихоос суллагдсан иргэн зэргийг нийгэмшүүлэх үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн олон нийтийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр болгож, хэмжээг нь нэмэгдүүлсэн байна. Батсүмбэрийн асрамжийн төвд амьдардаг иргэдийн хувьд халамжийн тэтгэврээ 100 хувь гар дээрээ авах шаардлага байна гэсэн саналыг илэрхийлдэг байсан. Тиймээс саналыг нь авч үзэн, халамжийн тэтгэврийн 70 хувийг нь олгох. Одоо үйлчилж буй хуулиар халамжийн тэтгэврийнх нь 50 хувийг авдаг байна. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөг олгодог байсныг сар тутамд тогтмол олгож байхаар заажээ. Халамжийн тухай хуульд оруулсан бас нэг томоохон өөрчлөлтөд олон хүүхэдтэй, орлого багатай өрхүүдэд мөнгөн тусламж олгох аж. Судалгааны төвшинд 130 мянга гаруй өрхөд 31 тэрбум олгохоор заасан байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж