Блиц асуулт, хариулт
Төрсөн газар: Мандалговь хот,
Нас: 29,
Ам бүл: Эхнэр, хүүхдийн хамт
Төгссөн сургууль: МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургууль, Улс төрийн боловсролын академи, МИУС-ийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль
Боловсрол: Дээд, Хэл шинжлэлийн ухааны болон төрийн удирдлагын магистр
Мэргэжил: Орон судлаач, багш, нягтлан бодогч
Мэргэжил дээшлүүлсэн нь: АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн дэргэдэх Америк судлалын сангийн “Эрх чөлөө, ардчилал” сэдэвт сургалт, мөн улсын Эйн Рэнд хүрээлэнгийн”Хүний эрх” сэдэвт сургалт, АНУ-ын Leadership институтын “Олон улсын удирдлага” сургалт, БНСУ-ын Данкоокын их сургуульд гадаад харилцааны чиглэлээр суралцсан
Эрхэлсэн ажил: Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, “Дундговь-Мөнхболор” сангийн тэргүүн
Туршлага: Нийслэлийн хүүхэд, залуучуудын газарт хэлтэс, газрын орлогч дарга, Барилга хот байгуулалтын сайдын зөвлөх
Сонгуульт ажил: Монголын залуучууд, оюутны мэдээллийн төвийн захирал, Монгол, Солонгосын залуучуудын соёлын харилцааны нийгэмлэгийн захирал, Улаанбаатар хот дахь “Дундговь” нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Байлдааны самбын ерөнхийлөгч, “Элбэгдорж” хүрээлэнгийн гишүүн
Шагнал: Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, МОХ-ны “Манлайлагч оюутан” алтан медаль, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль
-Таны бага насны тухай дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Миний бага нас нутаг оронтой минь холбоотой. Айлын зургаан хүүхдийн дундах нь. Тийм болохоор олуулаа бужигнаж өссөн. Мандалговийн гэр хороололд үеийнхэнтэйгээ бужигнаж, элстэй гудамжинд бөмбөг тоглож, спорт, урлагаар хөөцөлдөж явсан үе сонин сайхан дурсамж үлдээж дээ. Аав маань аймгийнхаа МТХУГ-т ажиллаж байлаа. Зах зээлийн үе эхлэхэд аймагтаа анхны хувийн “Хөх тэнгэр” авто жолооны сургууль байгуулсныг тэр үеийн хүмүүс андахгүй дээ. Сүүлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын харилцаа, геодези зураг зүйн газар ахлах мэргэжилтнээр арав гаруй жил ажилласан. Одоо хувийн салбарт ажиллаж байна. Ээж Д.Сарантуяа маань аймгийнхаа эмнэлэгт олон жил сувилагчаар ажилласан, Манай нутгийхан андахгүй ээ. Харин намайг зургадугаар ангид ордог жил манайх Улаанбаатар хотод шилжсэн. Ингэж говийн хүүхэд хотын өвөрмөц амьдралтай хутгалдсан ч төрсөн нутгаа сэтгэл зүрхэндээ тээж байнга л аймгаа зорьдог. Очилгүй хэдэн сар алгассан үе бараг байхгүй дээ. Нутгаа санахад “Тэр зүгийн тэнгэр нь хүртэл сайхан” гэж үг байдаг даа.
-Танай удам судрынхан улс орныхоо түүхэнд мөнхөрсөн түүхт хүмүүс гэж сонссон юм байна?
-Миний дээд өвөг Гадинбалын Чагдаржав Богдхаант Монгол Улсын анхны таван яамны нэг Сангийн яамны сайдаар ажиллаж байсан, Түшээт гүн байлаа. Энэ жил түүний гавьяаг мөнхжүүлэх эрдэм шинжилгээний хурал болж, ном судар хэвлэгдэж, морьт хөшөөг төрөлх аймагт нь босголоо. Миний өвөө Дундговь аймгийн хэд хэдэн сумын анхны барилгыг барилцсан, англи, орос, япон хэлтэй нэгэн байж. Дэлгэрхангайхан бол “Со инженер” гээд жигтэйхэн хүндэтгэдэг Сосорбурам гэж байлаа. Эмээ маань Өлзийт сумын нэгдлийн даргаар ажиллаж байсан, анхны эмэгтэй дарга Гүнсэндарь гэж хүн сумынхаа хүндэт дэвтэрт бичигдсэн байдаг юм. Яах аргагүй миний төрсөн эх, эцгийн дээдцүүл. Эцгийн тал маань Дэлгэрхангай сумын, эхийн тал Өлзийт сумын гаралтай улс даа.
-Та Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн хувьд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа нэрлэх үү?
-Миний ажил хөдөлмөр хийж эхэлснээс хойших бүх л үйл ажиллагаа нутаг орон луугаа хандаж байсан гэж үзэж болно. “Наранцацралт” сангийн гүйцэтгэх захирлаар ажилласан үеийн бүх үйл ажиллагаа аймгийнхаа хөгжилд чиглэж байсан. Сургууль, эмнэлэг, соёлын байгууллагад гол хөрөнгө оруулалтыг хандуулж эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн хувьд аймгийнхаа 70 жилийн ой, тэмдэглэлт үйл явдал, нийтийг хамарсан арга хэмжээнд санхүүгийн хандив, дэмжлэг тогтмол үзүүлж ирлээ. Үүнийг мөнгө төгрөг гэхээсээ илүү миний нутгаа гэсэн сэтгэлийн илэрхийлэл гэж би ойлгодог. Мөнгөөр үнэлэх аргагүй зүйл бол хүний сэтгэл юм даа. Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцаралт агсны зөвлөхөөр ажиллаж байхдаа ч, дараа нь Ц.Цолмон, Х.Баттулга сайдын зөвлөх байхдаа нутаг руу хандсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хөрөнгө оруулалтын томоохон ажлууд шийдэгдсэн. Улаанбаатар-Мандалговийн хатуу хучилттай зам гэхэд л хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй байсан нь Х.Баттулга сайдын үед эхэлсэн л дээ. Сайд шууд л концесийн гэрээгээр олон жил яригдсан тэр замын ажлыг эхлүүлж байлаа. Анх сургуулиа төгсөөд Нийслэлийн хүүхэд, залуучуудын газар ажиллаж байхад талийгаач сайд маань намайг олж хараад “Миний дүү ах дээрээ ирж ажиллаа” гэсэн. Тэгээд Сайдын зөвлөх гэж нэр хүндтэй, хариуцлагатай ажилд томилоход би их айж бас урам орж байлаа. Залуучуудад итгэл өгч, өөрийн нь санал санаачилга, идэвхид түшиглэн ажилладаг сайдаасаа маш их зүйлийг сурсан даа. Ялангуяа нутаг амьтай түүний үйл ажиллагаа над сайхан сэтгэгдэл, үлгэр дууриал үлдээсэн. Би тэгээд “Дундговь-Мөнхболор” гэсэн сан байгуулсан. Сангийн төлөөлөгч сум бүрд ажиллаж байгаа. Сангийн үйл ажиллагаа говь нутгаа цөлжилтаас аврах, “Архигүй Дундговийн төлөө” бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, тэмээг хамгаалах, өрхийн амжиргааг дээшлүүлэх гэсэн дөрвөн чиглэлтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ. Манай энэ сан үйл ажиллагаагаа илүү олон талтай, цар хүрээтэй болгон өргөтгөнөө.
-Намтраас тань харахад их л олон сонгуульт үүрэг хүлээдэг, нийгмийн идэвх сайтай хүн юм гэж ажиглагдаж байна?
-МУИС-ийн гадаад харилцааны сургуулийн нэгдүгээр дамжаандбайхдаа л сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар сонгогдчихсон. Гурван жил хийсэн байх шүү. Ерөөсөө л багынхаа идэвхитэй хүүхэд байсан нь сургуулийнхаа удирдлага, оюутнуудад олзлогдсон юм шиг билээ. Тийм сонгуульт ажил хийсэн туршлагад түшиглэсэн юмуу төгсөхөд маань Нийслэлийн хүүхэд, залуучуудын газар шууд л хэлтсийн даргаар томилчихсон. Одоо гэхэд энэ олон сонгуульт ажлыг алийг ч гэлээ эн тэнцүү хийсэн, сонгосон хамт олны итгэлийг даахсан гэж цаг наргүй зүтгэсээр л явна. Ажил их, завгүй явах тусам завчилж амжуулах овсгоо сүйхээ их шаардагдах юм. Залуу хүнд ажил сурах их сургууль юм даа.
-Та одоо “Хадаг” сониныг эрхлэн гаргаж байна. Энэ санаа анх танд хэрхэн төрөв?
-Хүүхэд байхын л сонин хэвлэлтэй нөхөрлөдөг байлаа. “Хадаг” гээд цэнхэр толгойтой сонин айл айлаар тардаг байв даа. Хамгийн ойр хэвлэл байлаа. Аймаг орноосоо хол байхад нутаг оронд юү болж байгаа бол, ямар мэдээлэл байна гэж байнга чих тавьж явдаг. Санасан зоргоор олоод үзчих мэдээлэл ховордчихож. Нутгийнхан маань нийтийн захиалгад орсон, тогтмол хэвлэлгүй болчихож. Ерээд оны одоотой харьцуулахад хүнд үед аймгийн сонин тогтмол гарч байсан, одоо яагаад больчихож вэ гэж судалж үзлээ. Нутаг орныхноосоо асууж сураглалаа. Гэтэл урьд гарч байсан “Хадаг” сонин гэхэд л санхүүгийн хүндрэлээс болоод гарахгүй байгаа гэнэ. Аймгийн төр, захиргааны байгууллагын дэмжлэг ч үгүйлэгддэг бололтой. Тэгэхлээр аймгаа сонинтой байлгая, иргэдээ мэдээллээр хангая. Өргөн олон нийтээр захиалуулах менежмент хийгээд үзье гэсэн санаа төрсөн. Тэгэхдээ аймгийнхаа хувьд “Бренд” болсон “Хадаг” сониныг сэргээн үргэлжлүүлж гаргах нь уншигчдын сэтгэлд ойр юм гэж үзсэн. Сумд, албан газрын удирдлагатай өргөн харилццаа тогтооно. Орон нутгийн иргэдээ өдөр дутмын үйл амьдралын болон бизнес мэдээллийн индэр болсон сонинтой болгохыг зорьж байна. Манай сонин “Хөгжлийн хурдаа нэмье” гэсэн уриатай. Нутаг орон маань одооныхоос ч илүү хурдтай хөгжих боломж бий. Хамгийн гол нь өргөн олон нийтэд хүрэх ёстой. Энэ бол урт удаан хугацааны үйл ажиллагааны үр дүн болж илрэх биз. Манай “Дундговь-Мөнхболор” сангийн төлөөлөгчдийн үйл ажиллагаа ч сониноо шинэ сэргэг мэдээ, мэдээллээр хангах, иргэд, сонин хоёрыг холбох, захиалуулах, түгээх, борлуулахад чиглэх болно.
– Уншигчдад, иргэдэд нэмж хэлэх санаа юу байна вэ?
-Миний нутгийхан тал шигээ уужим сэтгэлтэй, ажилч хичээнгүй хүмүүс. Та бүхэнтэйгээ сэтгэл зүтгэлээ нэгтгэж, аймаг орныхоо, говь нутгийнхаа хөгжлийн төлөө, хүн ардын элбэг баян, сайн сайхан амьдралын төлөө сурч мэдэж, хийж бүтээж, бүтээн байгуулж хамтдаа хөгжицгөөе.