“Дэлхийн шашны өдөр”-ийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

“Дэлхийн шашны өдөр”-ийг тэмдэглэв

Монголын Бахайчуудын Үндэсний оюун санааны чуулгаас өнгөрсөн бямба гаригт “Дэлхийн шашны өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээг “Бурханыг шүтэх хүмүүний хэрэгцээ” сэдвийн дор “Чингис Хаан” Зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Бурхан Шашныг төлөөлж Дашчойлин хийд, Исламын шашны төлөөлөл Монголын Мусульманы Нийгэмлэг, Христийн шашныг төлөөлж Ватиканы төлөөлөгчийн Газрын Католик Шашны Сүм, Хинди шашны төлөөлөл Брахма Кумарис Нийгэмлэгийн Монгол дах Төлөөлөгчийн газар, Иудейн шашны төлөөлөл Монголын Худалдаа аж үйлдвэрийн Танхим дах Израил Улсын Төлөөлөгч Ноён Яаир Яхоб Порат, Бахайчуудын нийгэмлэг зэрэг шашны байгууллагуудын төлөөлөл оролцож, өөрсдийн Ариун залбирал мөргөлөөс уншиж, дээрх сэдэвтэй холбогдсон сургаал номлолоосоо хуваалцав. Мөн энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, НҮБ-ын Суурин Зохицуулагч Хатагтай Сезин Синаноглуг төлөөлж НҮБ-ын Хабитат Хөтөлбөрийн Менежер Хатагтай Идэн Гарде, Боловсролын Хүрээлэнгийн Захирал Др.Н.Бэгз, Монгол Улсын Гавъяат багш, Хүүхэд гэр бүлийн Зөвлөх Ц.Түвшинтөгс, Дэлхийн яруу найрагчдийн Поэт Лауриат шагналт СГЗ, Яруу найрагч Г. Мэнд Ооёо, бусад төр, төрийн бус олон улсын байгууллагуудын төлөөлөл ,хувь хүмүүс оролцлоо.

Дэлхийн Шашны Өдрийг тэмдэглэхийн эрхэм зорилго нь шашин шүтлэг хоорондын ойлголцол болон эв эеийг тогтоохын төлөө бүхий л шашны нийтлэг шинж чанарыг тэмдэглэн, хамтын хүчээр хүн төрөлхтөн, ард түмнүүдийн эв нэгдэл, энх тайван, сайн сайхны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулахад оршино. Дэлхийн Шашны Өдрийг анх АНУ-ын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга 1950 онд санаачлан зохион байгуулснаас хойш жил бүрийн Нэгдүгээр сард дэлхийн 100 гаруй улс оронд уламжлал болгон тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээг Монголд Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга 1999 оноос эхлэн санаачлан зохион байгуулж ирлээ. Энэ үйл ажиллагаа нь бид хоорондоо ялгаатай ч эвсэн амьдарч, бүх л дэлхийг нэгэн улс орон, хүн төрөлхтөнийг түүний иргэд юм гэдгийг бүгд ойлгон ухаарах явдал биеллээ олж байгааг харуулж байна.  

Бахай Шүтлэг нь дэлхий нийтийн, биеэ даасан, хамгийн залуу шашин бөгөөд эрхэм зорилго нь Бурханы нэг нэгдмэл Шүтлэг, сургаалаар бүхий л хүн төрөлхтөн, ард түмнүүдийн эв нэгдлийг хангахад оршдог. Энэхүү Шүтлэг нь арван есдүгээр зууны дунд үед үүссэн хэдий ч даруй тив дэлхийн бараг бүх улс оронд тархан дэлгэрч, эдүгээ өөрийн удирдах дээд байгууллага Даян Дэлхийн Шударга Ёсны Ордоны удирдамжин доор хоёр зуу гаруй тусгаар тогтносон улс орон, нутаг дэвсгэрт засаг захиргааны удирдах байгууллагууд болох Оюун санааны чуулгуудтай, бүх үндэстэн ястан, анги давхарга, ажил мэргэжлийн хүмүүсийг эгнээндээ нэгтгэжээ.

“Ямар ч үндэстэн, ястан байсан, ямар ч шашин шүтлэг байсан бүгд Нэг л Тэнгэрийн Эх үүсвэрээс онгод шавхан, нэг л Бурханы доор оршиж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээн Бурханы манай эрин үеийн Тодруулагч Бахаулла айлдсан дагуу Бахайчууд мөргөлийн цуглаан, оюун санааны боловсрол олгох шаталсан сургалтын дугуйлангууд, хүүхдийн хичээл, өсвөр насныхны бүлгийн үйл ажиллагаануудаа нийтэд нээлттэй зохион байгуулж Дэлхийн шинэ соёл иргэншлийг бүтээн босгох үйл явцад хувь нэмрээ оруулж байгаа хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж