
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон бусад албаны хүмүүс өнөөдөр Баянгол дүүргийн Ган Зам цогцолбор буюу 20-р сургууль, 157 дугаар цэцэрлэгээр орж нөхцөл байдалтай танилцлаа. Уг хоёр сургууль цэцэрлэг 1985 онд ашиглалтад орсон. Дээвэр болон сантехникийн асуудалтай. 20 дугаар сургуулийн хувьд жилдээ төсөвлөдөг мөнгө нь шал ханаа будахаас цааш хэтэрдэггүй, өрөөний тааз цан цохиж мөөгөнцөртсөн, хүйтэн учраас хичээл явуулахад улам л хүндрэлтэй болж байгаа аж. Яг ийм асуудалтай олон сургууль байгааг ч энэ үеэр сургуулийн удирдлага дуулгасан. Харин 157 дуаар цэцэрлэгийн хувьд дээвэр болон бохирын хоолой нь гэмтэснээс болж цэцэрлэгийн ойр орчмоос эвгүй үнэр үнэртдэг болжээ. Хэдий цэцэрлэгийн удирдлагууд өөрийн боломж нөхцөлд тохируулан гадна орчноо тохижуулдаг ч эвгүй үнэрийг дарж чадахгүй байгаагаа учирлав. Энэ асуудлыг бүрэн шийдэхэд 20 дугаар дунд сургуульд 100 сая, цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд 80 гаруй сая төгрөг шаардлагатай ажээ. Шаардлагатай хөрөнгө мөнгийг аль болох боломжтой хувилбараар шийдэж өгөхийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч хэллээ.