Бид ”Торгуулийн суман”-д амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Бид ”Торгуулийн суман”-д амьдарч байна

Хөдөлмөрийн хортой нөх­цөлд ажиллаж байгаа хү­мүүст нэмэгдэл цалингаас гадна эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэж олгодог жишиг дэлхийн хаана ч байдаг. Манайд бол ийм төрлийн нэмэгдэл цалинг химийн үйлдвэр, дулаан, цахилгаан станц, уурхай, шатахуун түгээх станцуудад ажиллаж байгаа хүмүүст л олгодог юм билээ. Үнэхээр ч иймэрхүү газарт ажиллах орчин нөхцөл нь хүнд. Хордоод хэвтэхэд хэзээд бэлэн. Тэгвэл Монгол Улсад ирж ажиллаж, амьдарч байгаа гадныхан ч гэсэн ийм шалтгаанаар нэмэгдэл цалин авдаг гэнэ. Тэдний нэмэгдэл цалин нь Монголын өвлийн улиралд хэд дахин өсдөг аж. Учир нь нөгөө л утаанаас болоод шүү дээ. Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч, төслийн мэргэжилтнүүд ч яах вэ. Иймэрхүү маягаар нэмэгдэл цалин аваад сайн дураараа Монгол Улсад ажиллахаар ирдэг гэх. Гэтэл нөгөө ал­дарт дипломатчид хариуцлага алдаж шийтгүүлсэн үедээ л Монголд ажиллахаар цөлөгддөг гэнэ шүү. Гэтэл манайхан “Монгол Улсад суух Онц бөгөөд бү­рэн эрхэт Элчин сайд” гэж ирээд л ямар их хүндэтгэл үзүүлж угтаж авдаг билээ. Бодит байдал дээр тэдгээр нөхөд чинь шийтгүүлчихээд л аргагүйн эрхэнд Монгол Улсад хөл тавьдаг байх нь. Аягүй бол хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэртээ нэлээд эрт суудаг ч байж мэдэх юм. Ингээд бодохоор монголчууд бид үнэхээр л уужуу тайван, тэсвэр хатуужилтай хүмүүс юм аа. Гадныхны цөллөгийн нөхцөл гэж үздэг орчинд юу ч болоогүй юм шиг л амар тайван амьдарч байдаг. Гэхдээ залуус маань ямар орчинд амьдарч байгаагаа мэдэрдэг болсон юм шиг ээ. Сав л хийвэл “Гадаад руу гарч хар бор ч болтугай ажил олж хийе” гээд л зүтгээд байдаг болж. Үнэхээр л ямар орчинд ажиллаж, амьдарч байгаагаа мэдэрч байгаа бол хортой нөхцөлд ажиллаж, амьдарсны мөнгөө төрөөс нэхэцгээе. “Сиймхий ч гэсэн гэр минь. Сэгсгэр ч гэсэн ээж минь” гэдэг байх аа. Ямар ч байсан “Торгуулын суман”  гэсэн ч хамаагүй эх орондоо л амьдрах юм шүү.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж