Монголын улс төрийг фейсбүүк, твиттер өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Монголын улс төрийг фейсбүүк, твиттер өөрчлөх үү?

Улстөрчид
“Фэйсбүүк”, “Твит­тер”, “You­Tube”-ээр дам­жуулан тө­рийн эргэлт хийж,
эрх мэдлийн тавцанд гарах гүүр болгон ашиглаж эхэлжээ. Монголчууд
тэднээс юу дутах вэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Сөүл
хотын дар­гын сонгуульд улс төрд ямар ч туршлагагүй Пак Вон Сун
“Твиттер”-ийн хуудсыг ашиглан ялалт байгуулсан тухай нэг хэсэгтээ
шуугисан. Уг нь Пак Вон Сун бие даан нэр дэвшигч байв. Түүний өрсөлдөгч
нь эрх баригч Ардчилсан намын нэр дэвш­сэн На Кён Вон. Тэрбээр өөрийн
давуу талаа ашиглаж, Сөүлийн сонин, сэтгүүл, телевизүүдээр Пак Вон Суны
эсрэг хар пиарыг хүчтэй хийж, түүнтэй холбоотой үнэн худал нь
мэдэгдэхгүй олон баримтыг цацсан байна. Сөүл хотын ирээдүйн даргад
кампанит ажлаа дорвитойхон хийх ямар ч боломж байсангүй. Эцэст нь
тэрбээр гэрийнхээ ойролцоох кафед суухдаа “Твиттер”-ын хуудсаа
идэвхжүүлснээр бүх зүйл эхэлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигчийн
рей­тинг 40 хувьтай байв. Харин түүний гол өрсөлдөгч, ердөө 50 хувийн
рейтингтэй байсан Ан Чол Су нэрээ татаж, их сургуулийн профессор Пак Вон
Сунг дэмжихээ мэдэгдсэн юм.

Тэр үед Пакын рейтинг ердөө таван
хувьтай байжээ. Эцэст нь сонин хэвлэл, телевизээр сурталчилгаагаа хийх
боломжгүй болсон Пак Вон Сун өрсөлдөгчийнхөө хууль бус үйл ажиллагааг
илчилсэн мэдээллүүдийг “Твиттер”-ийн хуудсаараа дам­жуу­лан цацсан
байна. “Твиттер”, “Фэйсбүүк”-ийн нэг гол онцлог бол залуус тэднийг
идэвхтэй ашигладагт байгаа юм. Тиймээс Пак Вон Суны “Твиттер”-ийн
хуудсыг дагагчдын тоо богино хугацаанд залуусаар хүрээгээ тэлжээ. Үр
дүнд нь Пак Вон Сун 53.4 хувийн санал авч, ялалт байгуулсан юм. Ийнхүү
Өмнөд Солонгост зөвхөн “Твиттер”-ийг ашиглаж сонгуульд ялсан анхны
тохиолдол болов.

“Social Network” буюу олон нийтийн сүлжээ
сайтуудыг Б.Обама ч идэвхтэй ашигласан. АНУ-ын 2008 оны Ерөнхийлөгчийн
сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж байсан Х.Клинтон,
Б.Обама нар хоёулаа ялах магадлалтай байв. Нэг нь анхны хар арьст
Ерөнхийлөгч, нөгөөдөх нь анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно гэж бодохоор
тэдний хооронд хүчтэй өрсөлдөөн явагдаж байсан нь тодорхой. Харин
Б.Обама “Твиттер”, “Фэйсбүүк”, “YouTube”-ийг өрсөл­дөгчөөсөө илүү
ашиглажээ. Түүний 37 минут үргэлжлэх илтгэлийн би­члэгийг “YouTube”-д
тавьсны дараа таван сая хүн үзсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын
байдлаар Б.Обамагийн “Твиттер”-ийн хуудсыг дэмжсэн хүмүүсийн тоо 10 саяд
хүрчээ. Гэтэл “Твиттер”-ийн нийт хэрэглэгчийн тоо 14 сая юм.

Мэдээллийн
хэрэгслийг төрөл жанрын хувьд ангилбал төдий л урт жагсаалт гарахгүй.
Сонин, сэт­гүүл, радио, телевиз, интернэт гэх мэт. Гэхдээ мэдээллийн
хэрэгсэл шинээр бий болох бүрт улстөрчид түүнийг соргогоор анзаарч,
овжноор ашигладаг. Тухайлбал, радио бүх нийтийн хэрэглээ болж дөнгөж
эхлэх үед Гитлер урт долгионы шугамыг ашиглан уран илтгэлүүдээ олон хүнд
хүргэсэн. Үр дүнд нь германчууд Нацист намд нэгдэж, Гитлерийн фашизмыг
дэмжицгээжээ. Телевизийн түүх бас л сонирхолтой. Америкчууд телевизийг
ид сонирхож эхлэх үед эх оронд нь Ерөнхийлөгчийн сонгууль болж байж.
Сонгуулийн санал хураалт болохын өмнөхөн хийсэн судалгаагаар нэр
хүндтэй, хашир улстөрч Ричард Никсоны рейтинг өндөр гарчээ. Энэ үед
залуухан, туршлагагүй, хүмүүст төдийлөн танигдаагүй ч Р.Никсоны гол
өрсөлдөгчөөр тодроод байсан хүн бол Жон Кеннеди байв. Тэрбээр гэнэтхэн л
Р.Никсоныг телевизийн халз ярилцлагад урьсан байна. Одоо бол жирийн
үзэгдэл мэт боловч тухайн үед өрсөлдөгчид халз ярилцагад оролцсон анхны
тохиолдол байв. Ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан Р.Никсон хар
хослолоо өмсөж, телевизийн камерын урд зогсчээ. Харин үүнийг л хүлээж
байсан Ж.Кеннедигийн хүмүүс даргадаа цагаан хүрэм өмсгөж, эфирийн
өрөөний арын фоныг хар болгон сольсон байна.  Халз ярилцлага орон даяар
шууд цацагдах үед үзэгчид ээрч муурсан яриатай, хөгшин, царай муутай
Р.Никсоны дэргэд залуухан, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, телевизийн
дэлгэцэн дээр тодрох царайлаг Ж.Кеннедиг олж харсан гэдэг. Гайхалтай нь
дөнгөж маргааш нь болсон санал хураалтаар Ж.Кеннеди ялалт байгуулж,
АНУ-ын Ерөнхийлөгч болсон юм. Тэгэхээр улстөрчид мэдээллийн хэрэгсэл
шинээр гарч ирэх бүрт түүний давуу талыг хамгийн түрүүнд мэдэрч чадвал
ялалт байгуулдаг байх нь. Харин өнөө үед мэдээллийн хэрэгслийн нэгэн
шинэ төрөл бий болсон нь “Social Network” буюу олон нийтийн сүлжээ
сайтууд. Үүнд “Твиттер”, “Фэйсбүүк”, тэр ч байтугай “YouTube”-ийг ч
ха­мааруулж болох юм. Энэ бол зүгээр нэг мэдээллийн сайт биш, харин үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түүнийгээ хамгаалах, дэмжигчдээр
хүрээлүүлэх талбар.

Оросын Төрийн Думын сонгууль өнгөрсөн сард
болсон. Харин санал хураалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө В.Путин руу
уурсан зангаж, гутлаа шидэж байгаа залуусын бичлэг “YouTube”-д
тавигджээ. Үр дүнд нь дэмжигчдийн тоо нь эрс буурсан Нэгдсэн Орос нам
хуучин амжилтаа давтаж чадаагүй юм. Оросын сонин, телевизээр мэдээлэхийг
хориглочихоод бай­сан энэхүү бичлэгээс болж ийм амжилтад хүрсэн гэдгийг
олон улсын ажиглагчид нотолж байна. Арабын хавар, Хятадад цэцэглэх
дөхөөд больсон “Мэлрэг цэцгийн хувьсгал”-ын эзэд “Фэйсбүүк”, “Твиттер”
ашиглан хүмүүсийг тэмцэлд хэрхэн уриалж байсныг энд дахин нурших нь
илүүц биз.

Харин Монголд юу болж байна вэ. Удахгүй болох УИХ-ын
сонгуулийн үеэр улстөрчид “Фэйсбүүк”, “Твиттер”-ийн хуудсаа
идэвхжүүлснээр үр дүнд хүрч чадах уу. Эдгээр асуултын хариултыг олохын
тулд хэд хэдэн статистик тоо баримт хэрэг болж байна. Интернэт идэвхтэй
хэрэглэдэг монголчуудын тоо ойролцоогоор 315 мянгад хүрчээ. Нэлээд хэдэн
сарын өмнөх судалгаагаар ийм дүн гарсан. Тиймээс өнөөдөр энэ тоо
нэмэгдсэн нь гарцаагүй. Учир нь ганцхан жилийн дотор интернэт хэрэглэгч
монголчуудын тоо 88.5 хувиар өссөн гэж байгаа. Түүнчлэн өнгөрсөн сарын
байдлаар “Фэйсбүүк” идэвхтэй ашигладаг 285 мянган хүн байгаа аж.
Монголын нийт хүн амын 9.25 хувь нь. Харин “Твиттер”-ийн хэрэглэгчдийн
тоог одоохондоо тодорхойлох боломжгүй байна. Гэхдээ л төдий л олон биш
болов уу. Хэдхэн жилийн өмнө интернэт орж, зөвхөн мессенжэрээ шалгадаг
байсан хүмүүс дийлэнх нь байсантай харьцуулахад одоо тэс өөр болжээ.
“Хувьсгал хийнэ” хэмээн цээжээ дэлддэг зарим хүн “Фэйсбүүк”,
“Твиттер”-ийн хуудсыг нь дэмжсэн хүний тоо 5000 хүрсэн гэдгээр гайхуулж
байна.  Ардчилсан намынхан энэ сарын 6-нд өөрсдийн “Фэйсбүүк”-ийн
хуудсаа нээжээ. Түүнээс хойш тэднийг 3000 гаруй хүн дэмжсэн байна. Ардын
намын “Фэйсбүүк”-ын хуудсыг 5000 орчим хүн дэмжжээ. Гэхдээ албан ёсных
эсэхийг нь тодорхойлж мэдэхгүй байна. Харин “Фэйсбүүк”, “Твиттер”-ийн
эрин үе эхэлж байгааг Монголын улстөрчид анзаарч эхэлсэн нь нэгэнт
тодорхой болоод байна. Гэхдээ УИХ-ын энэ удаагийн сонгуулиар үр дүн нь
гарах болов уу.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж