Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг ”байранд нь тавилаа”

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг ”байранд нь тавилаа”

Монгол Улсын Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболдын тавьсан хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газраас гарч байгаа Ардчилсан намын сайд нар болон орон гарсан сайд нарын оронд нэрийг нь дэвшүүлсэн Ардын намын гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр зарим хүний аман дээр хариугүй гарч ирсэн ч буцааж залгичихаад байсан үгийг Ерөнхийлөгч хэлсэн юм. Тодруулбал, “УИХ-ын гишүүнийхээ ажлыг дийлэхгүй шахам байгаа мөртлөө “Засгийн газрын гишүүн болно” гээд орж ирж байгааг зогсооё” гэв.

Уулзалтын өрөөнд ороход ширээний нэг талд Засгийн газраас гарахаа мэдэгдсэн Ардчилсан намын сайд нар, нөгөө талд нь орон гарсан сайд нарын оронд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын намын гишүүд эгнэн сууж байсан юм. Ардын намынхан Засгийн газрын хуучин, шинэ сайд нарыг суулгаж байгаад Ерөнхийлөгчөөс зөвшөөрсөн хариу сонсох хү­сэлтэй байсан бололтой. Учир нь Ерөнхийлөгчтэй уулзахаасаа өмнө Засгийн газрын гишүүд хуучин бүрэлдэхүүнээрээ цугларч зургаа даруулцгааж байсан юм. Харин Ерөнхийлөгч тэдний бодсоноос огт зүйл ярьсан нь энэ. Тэрбээр хамгийн эхэнд Ерөнхий сайдтай өнгөрсөн долоо хоногт уулзах үеэрээ УИХ-ын гишүүдээс шинэ сайд нарыг сонгохгүй байх талаар ярьснаа сануулсан юм. Мөн “Эхний ээлжинд Ардчилсан намын сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх ёстой. Чөлөөлдөг УИХ яараагүй байхад, томилж зөвшилцөх гэж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр яараад яах вэ.  Чөлөөлөгдөх гэж байгаа хүмүүс төрд ажлаа тайлагна. Засагт орж ажилласан хүмүүс шүү, та нар. Загасанд яваад ирж байгаа юм биш” хэмээв. Түүний Засгийн газраас гарах гэж байгаа Ардчилсан намын сайд нарт хандаж хэлсэн үг энэ. Харин дараа нь Ерөнхий сайдаас “Энэ зургаан хүнээ ямар шалгуураар сонгосон бэ” гэсэн асуултад хариулт авахыг хүсэв.  Ерөнхий сайд С.Батболд “Монгол төрийн үйл ажиллагаа одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль, хууль, дүрмийнхээ хүрээнд явах учиртай. Засгийн газрын гишүүдийг чө­лөө­лөх, томилох асуудал өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагаа шийдэгдэх ёстой. Хуулийн дагуу оруулж ирсэн” гэсэн. Гэсэн ч Ерөнхийлөгч “Өнгөрсөн долоо хоногт уулзах үеэрээ ярьсан зүйл бий. УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдгоо болимоор байна. Одоогийн хуулиар бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно. Эсвэл байхгүй ч байж болно. УИХ, Засгийн газрын хоорондох хариуцлага, хяналтын тогтолцоо бүрэн алдагдсан” хэмээн өөрийнх нь саналыг хүлээж аваагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Харин дараа нь Батлан хамгаалахын сайдад нэрээ дэвшүүлж байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайдад нэрээ дэвшүүлсэн Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэрээ дэвшүүлсэн Ц.Дашдорж нарын талаарх өөрийн бодлоо хэлсэн юм. Тэрбээр Ц.Дашдорж гишүүнд хандаж “Энэ ажил чинь чөлөөт цагаараа хийдэг ажил биш шүү дээ,  Ц.Дашдорж оо. Барилга, хот байгуулалтын дэд сайдын ажлыг 2004-2006 онд хийж байсан билүү. Би тэр үед Ерөнхий сайд байсан. Би өөрийг чинь Барилга, хот байгуулалтын дэд сайд гэж танихгүй шахам байж байгаад ажлаа өгч байсан. Одоо наад ажил дээр чинь зам, тээвэр нэмэгдсэн байгаа, Ц.Дашдорж оо. Төмөр зам, зам, онгоц гээд маш олон асуудал нэмэгдсэн. Үнэхээр ажиллах гээд байгаа бол надтай хамт Тавантолгой руу яв. Ажлаа үз. Хүмүүстэй уулз. Өмнөх сайд нартайгаа уулзсан уу. Хийсэн ажлыг нь авч үзсэн үү. Энэ ажлыг хийсэн байх ёстой шүү, Ц.Дашдорж оо. Ямар ид шидээр олонхийн санал авч гарсан чинь хамаагүй” гэсэн юм. Мөн Д.Хаянхярваа гишүүнд  Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллахыг зөвлөлөө. Учир нь түүний нэрийг Сангийн сайдад дэвшүүлсэн өдрөөс эхлэн Хонгор сумын иргэдээс Ерөнхийлөгчид санал ирсэн аж. Харин дараа нь Ерөнхийлөгч “Батлан хамгаалахын сайдаар “зангарагтай” хүнийг томилох ёстой байсан юм” гэлээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгс Ардын намынхны хувьд гэнэтийн зүйл байсан гэж хэлж болно. Хамгийн сүүлд нь тэрбээр “Яамдаас над руу “Бид сайдгүй боллоо. Сайд нарыг хурдан томилоод өг” гэж  ярихгүй байна. Харин ч “Тааруухан сайдыг нэг өдөр ч болтугай холхон байлгаарай” гэсэн хандлага байх шиг. Иргэд, байгууллагуудын зүгээс санал ирж байгаа. Энэ саналуудыг судлах ёстой. Хэвлэл мэдээллээр ажлаа хиймээргүй байна. Араас битгий мэдэгдэл хийгээд байгаарай. Би Өмнөговь аймагт ажиллаад ирэх даваа гарагт ирнэ. Ирээд миний хэлсэн зүйлс УИХ дээр яаж шийдэгдэх нь вэ гэдгийг харъя” гэсэн юм. Тиймээс түүний үгийг УИХ болон Ардын намынхан хэрхэн хүлээж авахыг харах л үлдлээ. Ерөнхийлөгчийн хувьд шинэ сайд нарыг томилох асуудлыг яарч сандралгүйгээр, нухацтай шийдэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа ажээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж