Гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын есөн гишүүний санаачилсан дээрх хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтэд авлигын талаар АТГ-т яаралтай мэдээлэх, төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг АТГ хадгалах, УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын Ёс үйн дэд хороонд хадгалах зэргийг тусгасныг гишүүн Р.Гончигдорж уншиж сонсголоо. АТГ-ын ажилтны ХОМ-ийг хянах үүргийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хүлээх юм байна.
Сонирхлын зөрчил, ёс зүй хоёрыг тусгайлан хуульчилдаггүй. Холбогдох хуулиудад заалтыг чангатгах зарчмаар үүнийг сахиулж болно гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байлаа. Гишүүн Э.Мөнх-Очир авлигыг өгсөн, авсан хоёуланг буруутгах биш, авсныг хатуу шийтгэх ёстой гэж байв. “Авлига авдаггүй бай л даа” хэмээн тэрбээр гишүүдэд хэлж байв. Гишүүн Ж.Сүхбаатар “Авлигын гол суурь нь сонирхлын зөрчил. Амьдрал дээр байнга сонирхлын зөрчил гардаг. Гэр бүл, найз нөхөд дунд ч ялгаагүй. Төрийн албыг авлигаас салгахад хуулийн гол зарчим оршино” гэж байсан юм.
Гишүүн Х.Тэмүүжин энэ хуулийг батлалгүй хоёр жил болсныг сануулж, хэрэгжүүлж эхлэх хугацааг хойшлуулахаас аргагүй болж долдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх, эсвэл баталсан өдрөөс нь мөрдөх хоёр хувилбар байгааг хэллээ. Гэхдээ сонгуулиас өмнө хуулийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэлээ. Гишүүн С.Бямбацогт Хууль зүйн байнгын хороо хуулийг хэрэгжүүлэгч болчихоод, хэтэрхий эрх мэдэл эдлэхээр болсон байна. Байнгын хороо журам гаргаж, ХОМ-ийн маягтыг гаргах нь зөв үү. Засгийн газар хуулийг хэрэгжүүлээд явдаг. Тэгэхэд УИХ-ын нэг бүтцийн байгууллага ийм эрх эдлэх нь зөв үү гэж байлаа. Үндсэн хуулиараа хууль хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Гэтэл УИХ-ын бүтцийн байгууллага ийм үүрэг хүлээх нь зөв эсэхийг тэрбээр лавлаж байсан юм.
Гишүүн Ж.Сүхбаатар гадаад орнуудад Хууль зүйн байнгын хороо хяналтын ажилд онцгой эрх эдэлдэг. Засийн газраас хараат бус байгууллага гэдэг утгаар Хууль зүйн байнгын хороо журам гаргах нь зүйтэй. Энэ байнгын хороо хамгийн нэр хүндтэй, хамгийн туршлагатай гишүүд тэнд ажилладаг. Журам болохгүй байна гэвэл бусад гишүүд засч залруулж болно. Засгийн газрыг хянаж, ташуурдах үүргийг оруулж ирсэн гэж байв. Х.Тэмүүжин гишүүн парламент хөгжихийн хэрээр мэргэшиж, мэргэшсэн хяналт тавьдаг болох тул Хууль зүйн байнгын хоронд эрх өгөхөд буруудахгүй. Парламентыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хийсэн гэсэн хариулт хэллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.