Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Засгийн газрын зургаан сайд өөрчлөгдөх гэж байгаа үйл яв­цыг тойрсон улс төр дэх чимээ, шуу­гиантай зэрэгцээд хэрэгжүүлэгч бо­лон тохируулагч зарим агентлагийн дарга нар нь ч “хөдөлгөөнд” ороод байна. ТӨХ, Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга нараар эхэлсэн жагсаалт өчигдөр л гэхэд Цөмийн энергийн газрын дарга, С.Энхбатыг албан тушаалаас нь чөлөөлснөөр үр­гэл­жилж байна. Он гарснаас хойш, Засгийн газрын хуралдаан бүрээр иймэрхүү халаа, сэлгээ хийгдэж бай­гаа. Энэ удаа С.Энхбатын ээлж ирэв. Өнгөрсөн жил Японы хэвлэлүүдээр манай улсад ураны хог, хаягдлыг  булах нууц тохиролцооны талаарх материал гарсны дараахнаас л түүний суудал ганхаж эхэлсэн гэхэд болно. Тэрнээс хойш хэвлэлийнхэн түүнд “Азгүй хүн” гэдэг нэр өгсөн юм. Дуулиан намжих хүртэл тэр эзгүй байсан. Сөүлд эмчлүүлж байсан болохоор эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж даргын суудалд нь үлдээсэн юм. Харин оронд нь даргагүй хэдэн сар явсан байгууллагаа удирдаж суусан, дэд дарга Р.Бадамдамдинг ажлаас нь чөлөөлж байв. Ерөнхийдөө цөмийн шаар, уран баяжуулах тухай асуудал бүхэлдээ энэ Засгийн газрын нүүрийг тахлах, ард түмнээс сайтар нууцалж чадсан бол бас ч гэж чамлахааргүй хэмжээний мөнгө босгох хөтөлбөр байсан гэдэг. Даанч тус газрын удирдлагууд энэ бодлогыг  ажил хэрэг болгох тал дээр тааруухан ажилласан тул толгой дараалан хариуцлага хүлээлгэж байгаа нь энэ  биз ээ. Түүнээс бус С.Энхбатад долларын ханшийн өсөлт, шатахууны үнийн хөөрөгдөл ямар ч хамаагүй, гагцхүү цаг үе нь ингэж таарсан хэрэг. Ялангуяа гүйцэтгэх засаглал хавиар уур амьсгал тааруухан байгаа ийм үед засаг толгойлж байгаа хэн ч байсан иймэрхүү цэвэрлэгээг хийх байсан нь тодорхой. Энэ удаа “Азгүй хүн” үүнд өртлөө.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж