”Хар дэвтэрт үндэслэж яллавал хэлмэгдүүлэлт болно”

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

”Хар дэвтэрт үндэслэж яллавал хэлмэгдүүлэлт болно”

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Долоодугаар сарын 1-ний үймээ­ний гол буруутан өнөөдөр цаг­даа нар болоод байгаа. Цагдаа­гийн албан хаагч, Ерөнхий газрын удирдлагын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ аймшигт хэргийг анхнаас нь зөв шалгах хэрэгтэй байсан.  Үүнээс болж одоо цагдаа нар тэр хэргийг үйлдчихсэн юм шиг нийгэмд ойл­голт төрүүлэх боллоо. Гэтэл тухайн үед эмх замбараагүй байдлыг бий болго­сон нөхдүүд Өршөөлийн хуульд хамрагдан чөлөөтэй явж байна.

-Та “Тэр нөхөр” гэж хэнийг хэлэв?

-Үүнийг хэлэх шаардлагагүй гэж бодож байна. Тэртээ тэргүй ард тү­мэн мэдэж байгаа шүү дээ.

-Үймээний үеэр  хэчнээн цагдаа бэртэж гэмтсэн бэ?

-Хот тохижуулах газар үймээний дараа зургаан мянган тонн мод, чулуу цэвэрлэсэн байдаг. Тэр их чулуун “мөндөр” дотор төрийн цагдаа нар нүц­гэн гараараа тулалдсан. Үүнд 400 гаруй цагдаагийн албан хаагч  хөнгөн, хүнд гээд ямар нэгэн байд­лаар гэмтсэн. Хоёр цагдаа маань тэр үймээний үеэр босогчдын гарт өртөж хүнд бэртэл авч сүүлд нь алтан амиа алдсан. Эцэст нь тэднийг хамгаалах хүн байхгүй байна. Уг нь ганц хамгаалах ёстой  байгууллага нь төр юм. Тиймээс цаашид төр цагдаа нарыг илүү анхаарах нь зүйтэй гэж боддог.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хар дэвтэр, сумны хонгио зэргийг хэвлэлийнхэнд үзүүлсэн. Тэр сум, хон­гио зэргийг цагдаагийн бай­гуул­лага шалгахгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Үүнийг манай байгууллага шалгахгүй гэсэн юм биш. Мөрдөн байцаалт хийж буй ажлын хэсэг нь  “шалгахгүй байгаа” гэсэн юм билээ. Хар дэвтрийг үндэслээд цагдаа нарт хэрэг үүсгэнэ гэвэл энэ нь шударга бус зүйл, жинхэнэ хэлмэгдүүлэлт болно. Үнэндээ энэ дэвтэр хэрэг явдлаас хойш гурван жилийн дараа гарч ирсэн. Үнэхээр үнэн юм бол хэргийг шалгаж эхлэх үед гаргаж ирэхгүй яасан юм бэ. Хэн ч тэр хар дэвтрийг нүдээрээ үзээгүй шүү дээ. Сонин, хэвлэлээр дотор нь өгүүлсэн зүйлүүдийг гаргасан байна лээ. Зарим мэдээлэл нь логик үндэслэлээр зөрж байгаа юм. Дэвтэрт нэр дурьдагдсан цагдаа нар өнөөдөр  амьд сэрүүн байна. Ганц  өдрийн тэмдэглэлээр хүнийг яллана гэж байхгүй. Тэгээд ч хар дэвтэр гэгч нь яагаад хаа хамаагүй хүний гар дамжаад явж байдаг юм.  Уг нь мөрдөн байцаалтын ажлын хэсэгт байх ёстой биз дээ. Тэр сум, хонгиог маш сайн шинжилж шал­гах хэрэгтэй. Энэ мэтчилэн олон ээдрээтэй асуудал  байна.

-Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил гишүүнд үймээний хэрэгт нэр холбогдоод буй цагдаагийн албан хаагчид хүсэлт гаргасан байна билээ. Үүнд танай байгууллага хамтарсан уу?

-Үгүй. Тэд өөрсдөө эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж байгаа. Энэ талаар хэвлэлээс үзэж байхад цагдаа нарын ар гэрээс илгээсэн хүсэлт юм шиг санагдсан.

-Үймээний үеэр зарим хүн улсын онц, тусгай обьект руу халдах гэж байсан талаар иргэдийн хэлсэн мэдээлэл бий. Энэ үед танай байгууллагад ямар нэгэн мэдээлэл ирж байсан уу?

-Мэдээлэл ирж байсан. Тухайл­бал, банк, Төрийн ордон, зарим онцгой обьект руу халдах гэж байгаа талаар хэд, хэдэн иргэнээс мэдээлэл ирсэн. Үүнийг тухайн үед Эргүүл хамгаалалтын газрын цагдаа нар зогсоож чадсан. 

-Долоодугаар сарын 1-нд таван хүний амь эрсэдсэн. “Цагдаа нар байлдааны зэвсэг ашигласан учир” тэд амиа алдсан гэх үндэслэлд та ямар хариулт өгөх вэ?

-Би хавтаст хэргийн материалтай танилцаагүй. Харин тухайн үед үүрэг гүйцэтгэн ажиллаж, хэвлэл мэдээлэлтэй ойр байсан хүний хувьд удирдлагын зүгээс галт зэвсэг хэрэглэх тушаал өгөөгүйг сайн мэдэж байна.

-Цагдаа нар буудаагүй гэх гээд байна уу. Тэгвэл хэн үймээнд галт зэвсэг хэрэглэж, хүний амь хөнөөсөн байж болох уу?

-Би хэн нэгнийг буруут­гах эрхтэй хүн биш. Хам­гийн гол нь “Тушаал шийдвэр өгөө­гүй байхад хэн, хаанаас галт зэвсэг гаргаж ирээд буудчихав”  гэдэг нь сонин. Хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн ярилц­лага, эх сурвалжуудын хэлсэн мэдээ­лэл олонтаа гарсан. Жишээлбэл,  хар машины талаар мэдээлэл бий. Тий­мээс маш сайннарийвчлан шалгах хэрэгтэй. Гэтэл одоо энэ хэргийн талаар нэг талд ажиллаад байгаа юм шиг санагддаг.

-Ч.Амарболд генералыг уг үймээн­тэй холбоотой гэдэг. Зүйлчлэлийг нь өөрчилж цэргийн гэмт хэрэг гэж үзсэн зүйл ангид шилжүүлсэн. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Өмнө нь мөрдөн байцаах ал­банд ажиллаж байсан хүний хувьд цэргийн гэмт хэргээр зүйлчилж байгаад эргэлзэж байгаа. Өөрөөр хэлбэл, цэргийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг биш юм. Яагаад гэвэл цагдаа, цэрэг хоёрын бүтэц зохион байгуулалт гээд бүх зүйл нь өөр өөр. Үймээний үед цагдаа нар болон холбогдох удирдлагууд нь цагдаа­гийн эрх үүргээр л оролцсон. Тийм учраас буруутай бол Цагдаа­гийн тухай хуулийн зүйл ангиар нь эрүү үүсгэх ёстой.

-Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очирыг албан тушаалаас нь чөлөөлөх гэж бай­гаа талаар мэдээлэл дуулдсан?. Энэ үнэн үү

-Тийм зүйл байхгүй. Дарга ажлаа хийж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж