Өнгөрсөн жил америкчууд Осама Бин Ладеныг олж устгасан билээ. Улмаар АНУ Ирак болон Афганистанаас цэргээ татах шийдвэр гаргасан. Харамсалтай нь АНУ-ын 20 гаруй цэрэг террорист халдлагын үеэр амиа алдсан. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай гэж ажиглагчид үзэж байгаа.
Хачирхалтай нь Иран улс уран баяжуулж дууссаны дараа АНУ-ын Персийн булан дахь усан флотыг яаралтай гаргахыг шаардсан мэдэгдлийг, удаа дараа хийж, цээжээ дэлдэж эхэлсэн. Энэ нь “Бид цөмийн зэвсэгтэй болсон учраас та нарын шаардлага тавьдаг байсан үе өнгөрсөн. Одоо бидний ноёрхлын ээлж” гэсэн утгыг илэрхийлж олны анхаарлыг татлаа.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир таалал төгсөж, хүү Ким Чен Ун төрийн эрхийг цэргийн хүчтэй гартаа атгасан. Улмаар энэ сарын эхээр БНАСАУ өөрсдийн сүр хүчийг дэлхий нийтэд харуулж, Өмнөд Солонгосыг шүүмжилж эхэлсэн. Яг энэ явдлын дараахан НАТО Туркийн нийслэлд пуужингаас эсэргүүцэх хамгаалах системийг байршуулах хэлэлцээр хийж буй талаар Туркийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд заралсан. Одоогийн байдлаар Турк улс нь НАТО-ийн гишүүн орон ба Ираны хөрш зэргэлдээ орон билээ. Үүнтэй холбоотойгоор НАТО-ийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байршуулах хэлэлцээрийг эсэргүүцэгчид Туркийн томоохон хотуудад жагсаал зохион байгуулсан байна. Хэрэв Туркт пуужин эсэргүүцэх системийг байршуулах хэлэлцээр амжилттай болбол Европын төв хэсэг аль, аль талаасаа пуужин нэвтрэхгүй системээр хамгаалагдах аж. Үүнийг ОХУ тууштай эсэргүүцсээр ирсэн. Энэ бүхний ОХУ-ын геополитикийн эрдэмтэн Сергей Константин “Хэрэв ОХУ-ын иймэрхүү байдлаар өдөөн хатгах аваас бидэнд цаашид энхийг сахиад байх сонирхол алга гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий хоёр хуваагдаж байна. Тэрхүү хуваагдлыг Исламын орнууд тодорхойлж байна” хэмээн мэдэгдсэн удаатай.
Хэдийгээр АНУ-ын зүгээс “Энэхүү пуужингийн хамгаалалтын систем нь болзошгүй террорист халдлагаас, тэр дундаа Ираны пуужингийн довтолгооноос Европыг хамгаалах зорилготой” хэмээн тайлбарласан боловч ч ОХУ үүнийг үл ойшоон тус улсын аюулгүй байдалд заналхийлсэн төлөвлөгөө хэмээн үзэж, эрс эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Анкарагаас зүүн өмнөд зүгт байрлах Малатиа хотын дэргэдэх пуужингийн хамгаалалтын төв станц манай гараг дээрх хамгийн чанга харуул хамгаалалттай газар болон хувирчээ. Энэхүү станцыг “Сансрын хиймэл дагуулыг ашиглан дэлхийн өнцөг булан бүр дэх томоохон шилжилт хөдөлгөөн, дулааны хэм, асар хурдтай хөдөлгөөн хийж буй биет зэргийг бага хугацаанд нарийн тогтоож хэдхэн хоромын дотор арга хэмжээ авах хүчин чадалтай” хэмээн Wikipedia сайтад онцолсон байдаг.
Судлаачид Ираны пуужинг хөрш орон болох Туркийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй байх гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Учир нь их хэмжээний хөрөнгө зарцуулсан Ираны бахархал ийнхүү хөрш орны хамгаалалтад дарагдсан талаар тэд онцолжээ.
Цагаан ордноос Ираны талд хэлэлцээрийн ширээнд суух санал тавьсан боловч хэсэг хугацаанд “оньсого” мэт авир гаргасан Иран саяхан хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хамгийн гол нь Иран одооноос эхлэн Туркийг анхааралдаа авах шаардлагатай талаар АНУ-ын гадаад бодлого хариуцсан мэргэжилтэн CNN агентлагаар онцолжээ.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Хэрэв Иран улс иргэний зориулалтаар уран боловсруулж байгаа бол бид шинжээчдийн баг илгээх саналтай байна. Шинжээчид бидний гаргасан Ираны цөмийн тухай баримтад тулгуурлан шалгалт хийж бодит байдлаа тайлагнана” хэмээн Ираны талд санал тавьжээ.
Түүний ярьснаар Тегераны цөмийн хөтөлбөр үргэлжилж байгаа аж. Улмаар Олон улсын атомын эрчим хүчний агентлагийнхан тус улсад шинжээчдийн баг илгээх асуудлаар албан бичиг Иранд илгээсэн байна. Гэвч өдийг хүртэл Ираны тал ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.
Мөн Ормузын хоолойд цэргийн сургуулилт хийж буй Ираны тэнгисийн цэргийн хүчний командлагч “Персийн булан руу нисэх онгоц тээвэрлэгч дахин илгээж болохгүй” хэмээн АНУ-д анхааруулсан.
Харин АНУ-ын эрх баригчид “Тегераны шаардлагаас татгалзаж байна” хэмээн уламжилжээ. Энэ мэтчилэн АНУ Ираны нөхцөл байдал улам ширүүсч байна. Үүнийг дагаад ОХУ одоохондоо нам жим байгаа нь саяхан болж өнгөрсөн Төрийн Думын сонгуультай холбоотой байх хэмээн ажиглагчид таамаглаж байна. Мөн ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, дотоодод нь болж буй эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотой байж мэдэх талтай юм.
"Улс төрийн тойм" сонин