Сая төгрөгийг энэ сард өгнө гэдэг худлаа боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Сая төгрөгийг энэ сард өгнө гэдэг худлаа боллоо

“Хүний хөгжлийн сан”-аас өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ирэх сараас эхлэн нэг сая төгрөгийг бэлнээр олгох тухай ярьсан. Чухам хэзээнээс олгох талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг олгож эхлэх үү?

-Ерөнхий сайдаар ахлуулсан Хүний хөгжлийн үндэсний хороо байгуулсан. Энэ хороо шинэ журам батлах ажлыг боловсруулж байна.

-Шинэ журмын талаар тодруулна уу?

-Нэг сая төгрөг бэлнээр олгох асуудлыг 21 мянган төгрөг олгох  журамд тусгаагүй. Тиймээс энэ тухай журам батлах хэрэгтэй. Жишээлбэл, цэргийн тэтгэврийн хүн, 60 нас  хүрээгүй байхдаа  тэтгэвэрт гарсан хүнийг ахмад гэх үү, залуу хүн гэж үзэх үү гэх мэтийн асуудал  гарна. Тэгвэл үүнийг нэгбүрчлэн тусгах нь зөв биз дээ.

-Тэгвэл эдгээр хүмүүсээс шал­гуурт тэнцсэн нь энэ мөнгийг авах боломжтой гэж ойлгож болох уу?

-Журам батлаагүй учир хэлж мэдэхгүй юм. Хүний хөгжлийн үндэсний хорооныхон энэ журмыг боловсруулж байгаа. Тэгэхээр надад тодорхой хэлэх зүйл алга.

-Журмаа батлаагүй болохоор хэзээ олгох нь бас тодорхойгүй гэсэн үг үү?

-Хэрэв энэ сардаа баталбал ирэх сараас өгч эхлэх боломж бүрдэнэ.

-Иргэд 21 мянган төгрөг авдаг банкнаасаа мөнгөө авна биз дээ?

-Тийм. Мөн Хаан банк үйлчлэх байх. Одоогоор гэрээ байгуулах шатандаа ажиллаж байна.

-Бусад иргэн ямар байдлаар дээрх мөнгийг хүртэх боломжтой вэ?

-Энэ жил орон сууцны төлбөр, эмнэлгийн үйлчилгээнд “Хүний хөгжил сан”-аас олгох нэг сая төгрөгийг шилжүүлэх боломжгүй болсон. Учир нь энэ жилийн төсөвт үүнийг тусгаагүй. Ямартай ч нэг сая төгрөгийг хэзээнээс бэлнээр олгох эсэх нь тодорхойгүй байна. Харин иргэд ямар байр суурьтай байгаа талаар сонирхлоо.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Л.Шилаа:

-Хөгшин настай хүмүүст цагаан сарын өмнө өгвөл сайхан л байна. Бизнес хийдэг хүмүүс бол өсгөж чадна. Энэ бол их мөнгө. Тэтгэврийн хүмүүст цагаан сараас өмнө өгвөл зүгээр санагдаж байна. Миний сонссоноор цагаан сарын өмнө өгнө гэхээс өөр мэдээлэл алга даа. Ядаж 500 мянгаар нь хувааж өгсөн ч болно шүү дээ. Хувьцаа эзэмшүүлнэ гэсэн нь ягаан, цэнхэр тасалбар шиг болох вий. Тиймэрхүү л юм болох байх.


Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн О.Болдхүү:

-Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тэгэхээр хүмүүст бэлэн мөнгө өгөөд эхлэхээр дахиад үнийн хөөрөгдөл болох вий гэж айж байна. Тиймээс баярын дараа нэг сая төгрөгийг тараавал арай дээр болов уу. Цагаан сар гэдэг чинь Монголын хамгийн том баяр. Гэтэл бэлэг сэлтээс эхлээд зардал их гардаг. Ууц гэхэд 250 мянган төгрөг. Үүнээс илүү нэмчихвэл бид яах билээ. Аятайхан шиг баярламаар л байна даа. Эсвэл чимээгүй, дуулиангүй өгчих хэрэгтэй. Бас хувьцаа өгнө гэсэн. Түүн шиг хэрэггүй зүйл байхгүй. Хувьцаагаар бид хувцас авч өмсөхгүй шүү дээ. Баячууд нь хуваагаад л авчих байх.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн н.Шинэхүү:

-Та сонгуулийн амлалтын нэг сая төгрөгийг олгох талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Бэлэн мөнгө өгнө гэж байснаа одоо 536 хувьцаа өгөхөөр болсон. Тэгээд л буцааж сая төгрөгөөрөө зараад л хувьцаанууд нь өнөөх хэсэг олигархиудын гарт орж, улам хөлжих арга нь болно биз.

-Энэ мөнгийг цагаан сарын өмнө ахмадууд, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд  олгох талаар юу гэж бодож байна?

-Урд хөрш рүү мөнгө гаргахгүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэвэл цагаан сарын өмнө өгөх хэрэгтэй. Инфляциа бодвол дараа нь өгөх нь зүгээр. Ер нь 536 хувьцааг  хориглох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн өөхнөөс, маргаашийн уушги дээр гэсэн зүйр үг байдаг шүү дээ. Эсвэл хүн бүр хувьцаагаа хадгалавал ирээдүйд хөрөнгөтэй болох боломжтой гэдгийг хүмүүст сайн ойлгуулах хэрэгтэй. Ер нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд энэ мөнгийг өгөх нь зөв л дөө. Хамгийн гол нь энэ хувьцаа эцэст нь хаачих вэ гэдэг надад их сонирхолтой санагдаад байгаа юм. Миний бодлоор олигархиуд л авах байх. Ингэхээр ашгийг нь хятадууд хүртэнэ. Энэ бол нууц биш. Хэнд ч ойлгомжтой зүйл. Хятадууд үүнийг яаж авах вэ гэсэн бодлогыг хийчихсэн байх гэсэн хардлага төрж байгаа юм. 10, 20 жилийн дараа бидний үр хүүхдүүд хувьцааг арилжаална. Тавантолгойн ихэнх хувийг авсан нь эзэн сууна. Тэгэхээр үүнээс сэрэмжилмээр байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн онд “Хүний хөгжил сан”-аас 733.1 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олгожээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 56.8 мянган хүн хамрагдсан гэх статистик тоо баримт байдаг. Түүнчлэн өнгөрөгч онд хийсэн нэгдсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг бүртгэсэн. Ингээд энэ жилийн “Хүний хөгжил сан”-ийн зарлагыг 892,1 тэрбум төгрөгөөр нэмэхээр төсөвт тусгасан байна. Төрийн сан энэ сарын 16-ны өдрөөс нээгдсэн учраас гэрээт банкуудад “Хүний хөгжлийн сан”-тай холбоотой санхүүжилт орж ирээгүй байв. Харин дээрх нэг сая төгрөгийг хэзээнээс, хэрхэн олгох талаар  иймэрхүү мэдээлэлтэй байна.

 Я.Хулан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж