Ардын намын дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх хоёр Тусгаар тогтнолын ордноос Төрийн ордон тийш улс төрийн ээлжит тоглолтоо хийж эхэллээ. Намын дүрэмд зааснаар, У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргын албаа ирэх сарын эхээр хуралдах Бага хурлын ээлжит хуралдааны үеэр хэн нэгэнд хүлээлгэн өгөх нь тодорхой болсон.
Учир нь тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшинэ. Эрх баригч хүчний хүн атлаа С.Батболдын танхимын хүн болж байгаа нь ч ийм шалтгаантай. Хэрэв У.Хүрэлсүх Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр үлдвэл… Ийм нэгэн асуулт хариултаа нэхэж байна. Гэхдээ үүнд хэдхэн үгээр хариулчихаж болно. “У.Хүрэлсүх ирэх сонгуульд нэр дэвшихгүй байх байсан” гэж. Энэ бол эрх баригч хүчинд тогтсон жишиг. С.Баяр, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр нарыг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үед тийм л байсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн орыг залгах эрхэм чухам хэн гэж. Улс төрийн хүрээнийхэн Ардын намын генсекийн албанд зүтгүүлж болох гурван эрхмийг нэрлэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. Харвардын их сургуулийг төгссөн энэ эрхмийг 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилж байсан. Яг энэ үед Японы “Марубени” корпораци Монголын Засгийн газраас 18 сая ам.доллар нэхэмжилж, Лондонгийн шүүхэд өгсөн тухай дуулиан дэгдсэн юм. Ц.Мөнх-Оргил энэ асуудлаар Монголын Засгийн газрыг төлөөлсөн нь залуу сайдын чансааг шалгасан хэрэг байлаа. Тэрбээр УИХ-ын 2004 оны сонгуулиар МАХН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан бол 2008 онд намын дарга С.Баяр барьцгүй зан гаргаж түүнийг огт “танихгүй” Баянгол дүүрэгт нэр дэвшүүлж байв. Гэхдээ л Ц.Мөнх-Оргил ялалт байгуулж чадсан. Харин 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Онц байдлын штабыг удирдсан юм. Тэр цагаас хойш мань эр ямар ч томилгоонд нэр дурьдагдахаа больсон билээ. Мэдээж хэрэг, С.Батболд ч түүнийг жагсаалтаас хассан. Гэвч Ц.Мөнх-Оргилын тухайд өөрийн гэсэн капиталтай улстөрч. Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсны хувьд Төрийн тэргүүнтэй зөвшилцөж чадна. МАХН-ын дарга Н.Энхбаяртай ч ойлголцох чадвартай. Хэрэв Ц.Мөнх-Оргил намын гол цөмийг зангиддаг генсекийн суудалд заларвал УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь түүнд ихээхэн эрсдэлтэй. Сонгогчид түүнээс долоодугаар сарын 1-ний үймээний үеэр Онц байдлын штабыг удирдаж явсных нь хувьд нэхэл хатуутай асуултууд асууна. Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвших УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотой сэдвээр түүнийг халз мэтгэлцээнд дуудна. Бүр үймээний үеэр баригдаж хоригдож байсан хүмүүсийг авчран нээлттэй сонсгол хийж ч магадгүй. Энэ бүхэнд Ц.Мөнх-Оргил найз С.Батболд, бас намынхнаасаа хамгаалалт хүсээд ч нэмэргүй юм. Учир нь С.Баяраас намын дарга, Ерөнхий сайдын албыг хүлээн авсан С.Батболд түүнийг хэд, хэдэн удаа “хуурсан” билээ. Харин Ц.Мөнх-Оргил намын “гал тогоо”-г сахих үүрэг хүлээвэл түүний оронд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тодорсон Д.Цогтбаатар Баянгол дүүрэгт нэр дэвших магадлалтай.
Дараагийн эрхэм бол Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар. Товчхондоо, тэр бол У.Хүрэлсүхийн үүсгэн байгуулсан МАСЗХ /Одоо НАМЗХ болон нэрээ өөрчилсөн/-оор хүмүүжигч. Намаар өвчилж, найзаа хөнөөж, нийлж мөнгө завшсан нөхөдтэй харьцуулбал арай дөнгүүр нь л дээ. Бас хэнтэй ч эв эеэ ололцчихно. Анд найз У.Хүрэлсүх нь түүнд албаа залгамжлуулсан тохиолдолд УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа сайд, аль эсвэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр үлдэх боломж түүнд бий. Тэгээд ч У.Хүрэлсүх саяхан Ерөнхий сайд С.Батболдтой томоохон тохиролцоо хийсэн сурагтай. С.Батболд генсектээ “Сонгуулиар нам ялсан ч, үгүй ч намын даргын албыг би чамд өгнө. Миний хувьд, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад албанаасаа бүрмөсөн чөлөөлөгдөнө” хэмээн хэлжээ. Тиймээс У.Хүрэлсүх сонгуулийн дараа намын дарга болбол Ерөнхий нарийн бичгийн дарга нь яах аргагүй МАСЗХ угшилтай Я.Содбаатар байж таарна.
Улстөрчдийн дэвшүүлж буй гурав дахь хувилбар нь хэн бэ. Тийм ээ, тэр бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай. Хотын фракцийн нөлөө бүхий лидер энэ эрхэм Шадар сайд М.Энхболдтой нэг бус удаа муудалцаж байсан. М.Энхболд Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг даргын албанд зүтгүүлж байх үед тэдний дунд үүссэн таагүй харилцаа нэгэнт ил болсон юм. Хадгаламж банктай холбоотой хэрэгт сэрдэгдэж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ тулж явсан үе Т.Бадамжунай гэдэг хувь улстөрчийн намтарт бий. Гэхдээ тэр маш сайн менежер. Үүнийг улс төрийн хүрээнийхэн ч, бизнесмэнүүд ч хүлээн зөвшөөрдөг. Үүнийг тэрбээр хөдөө аж ахуйн салбарыг хэрхэн удирдаж байгаагаараа нотолж чадсан юм. Товчхондоо, түүнийг С.Батболдын танхимын хамгийн чадварлаг сайдаар тодорхойлжээ. Гэхдээ Т.Бадамжунай Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо гэхэд Засгийн газар, бас яам нь яах билээ. С.Батболд багийн шинэ гишүүдээ тодруулах гэж, бас Ерөнхийлөгчөөс “виз” авах гэж багагүй хугацааг зарцуулж байна. Тиймээс арай гэж бүрэн бүтэн болгосон танхимаасаа дахиад нэг сайдыг “сугалах” гэж үү. Энэ л их эргэлзээтэй байгаа юм. Ерөөс Т.Бадамжунай генсек болох нь бараг худлаа биз ээ.
“У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайд болон Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хавсран гүйцэтгэнэ”. Эрх баригч хүчний удирдлагын хүрээнд өчигдөр ийм яриа өрнөсөн байх юм. Ямартай ч Ардын намын сонгуулийн төв штаб Төрийн ордонд “байрлаж”, У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдын суудлаас намаа удирдах сүүлчийн хувилбарыг С.Батболд дэвшүүлсэн нь энэ. Гэхдээ хэрхэхийг Ардын намын Бага хурлын үеэр шийднэ. С.Батболд, У.Хүрэлсүх хоёр бутарсан засгийг хамтран сэргээж, намаа сонгуульд ялуулахын төлөө хүчээ нэгтгэлээ. Хамгийн сонирхолтой нь тэдний хаяг Тусгаар тогтнолын ордон биш, Төрийн ордон.
"Улс төрийн тойм" сонин