Түүнчлэн Сургалтын төрийн санд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүргийн дагуу Төрийн сангийн санхүүжилтээр суралцагчдыг жилд гурван удаа ил тод, нээлттэй уралдаант шалгаруулалт явуулан сонгож байгаа тухай салбарын сайд хуралдааны үеэр танилцуулж байлаа. Цаашид үндэсний, урамшууллын, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын гэсэн тэтгэлэг олгохоор боллоо.
Үндэсний тэтгэлгийг аттестатчилагдсан их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчдад суралцах хугацаанд олгох юм. Урамшууллын тэтгэлгийг Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн шалгалтын дундаж нь 720 ба түүнээс дээш оноотой шинэ элсэгчид, 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид, мөн улсын хэмжээний олон улсын зэрэглэлийн олимпиадад эхний гурван байранд шалгарсан суралцагчид үндэсний тэтгэлгээс 50,70,100 хувиар тооцож олгох юм.
Түүнчлэн амьжиргааны зардлын тэтгэлгийг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэнд олгохоор болов. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид буюу эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 600 буюу түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо. Мөн хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, малчин, бага орлоготой өрхийн суралцагчид, гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно. Гадаад улсад суралцаж байгаа суралцагчид олгох сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг удаа, бакалавр, магистрт хоёр жил, докторантад гурван жил, докторын дараах сургалтад хамрагдагчид нэг жил хүртэл хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгоно хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.