“Нойрссон гүнж”-ийг сэрээнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

“Нойрссон гүнж”-ийг сэрээнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ирэх ням гаригт буюу энэ сарын 22-нд  “Нойрссон гүнж” балетыг тоглох гэж байна. Тус балетыг 1890 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Хаант Орос улсын өнөөдрийн Санкт-Петербург хотын Марийнскийн театрт амилж байсан түүхтэй. Зуун дамжин дэлхийн сонгодог урлагийн тайзыг чимсэн Пётр Ильич Чайковский агуу бүтээлээ 1889 оны намар бичиж дуусгасан байна. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский энэхүү алдарт балетаа Францын нэрт зохиолч Шарль Перрогийн “Нойрсч буй гоо үзэсгэлэн” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Энэ балет нь П.И.Чайковскийн хамгийн урт бүтээл бөгөөд бүрэн хэмжээгээрээ дөрвөн цаг гаруй үргэлжилдэг байна. Суут хөгжмийн зохиолчийн энэхүү гайхалтай бүтээлийг анх манай тайзнаа 1990 онд амилуулж байсан бөгөөд өнгөрсөн 2009 онд дахин сэргээн амьдруулсан юм. Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр сэргээн засварлан тоглож буй “Нойрссон гүнж” балет гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй. Цомнолыг И.Всеволожский, М.Петипа бичиж, М.Петипагийн хореографийг Т.Л.Соболева хувилан дэглэжээ. Харин манай тайзнаа гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьсан байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж