Цагдаагийн дарга нарт үнэгүй өмгөөлөл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нарт үнэгүй өмгөөлөл үзүүлнэ

Дөрвөн жилийн өмнөх  долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр амиа алдсан дөрвөн хүний хэрэгт тухайн үед цагдаагийн байгууллагыг удирдан ажиллаж, үүрэг гүйцэгэж байсан нэр бүхий цагдаагийн дарга нарыг яллагдагчаар татан прокурорын байгууллага хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн билээ. Яллагдагчаар татагдаад буй  цагдаагийн албан хаагч нарын ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид цагдаагийн ажилтнуудын хэргийг шударгаар шүүн хэлэлцэхийг хүссэн захидал илгээсэн юм.

Өчигдөр уг захидлын дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир болон холбогдох албаны хүмүүс Цагдаа ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл болон яллагдагчаар татагдаад байгаа цагдаагийн дарга нарын гэр бүлийн хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал уулзалтын эхэнд “Цагдаагийн байгууллага нь өөрөө манай яамны харьяаллын байгууллага учраас энэ хэрэгт тодорхой хэмжээгээр та бүхнийг дэмжих болно гэдгийг хэлмээр байна. Энэ хэрэгт хөндлөнгөөс оролцдог, гаргах шийдвэрт нь нөлөөлдөг байгууллага нь манайх биш болохоор энэ хэргийг нааштайгаар шийдүүлнэ гэж болохгүй гэдгийг та бүхэн ойлгох байх гэдэгт найдаж байна. Бид боломж бололцоо, хийж болох хүрээнийхээ төвшинд та бүхнийг дэмжих болно гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

Харин Цагдаа ар гэрийн хол­бооны тэргүүн Ж.Алтангэрэл дэд сайдын хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгаагаа нуулгүй хэлсэн юм. Прокуророос эдгээр цагдаагийн албан хаагчдын хэргийг хууль зүйн хүрээнд шалгаагүй, хилс хэрэгт гүтгэх гэж байна гэх байр суурьтай байгаа Цагдаа ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэлээс энэ талаар цөөн хэдэн зүйлийг тодрууллаа.

-Цагдаагийн дарга нарын хэргийг сэргээн шалгахдаа зүйлчлэлийг нь өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж та хэлээд байгаа нь хэр үндслэлтэй юм бэ?

-Эдгээр цагдаагийн алба хаагчдын хэргийг сэргээн шалгахдаа зүйлчлэлийг нь өөрчилж цэргийн гэмт хэрэгтэн болгосон. Цагдаагийн албан хаагчийг цэргийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь өөрөө үндэслэлгүй зүйл юм. Яагаад гэвэл эдгээр хүмүүс цагдаа болохоос цэрэг биш шүү дээ. Зөвхөн зүйлчлэл ч биш Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээн шалгаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм. Энэ хуулиар хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээн шалгаж болно гэсэн хуулийн заалт ямар ч хуулинд байхгүй. Прокуророос эдгээр хүмүүст хэргийг үүрүүлэх гэсэн, эдгээр хүмүүсийг улс төрийн золиос болгох гэсэн даалгаврыг авч ажиллаж байгаа нь энэ мэт олон зүйл дээр харагдаж байгаа юм. Үүргээ биелүүлж байсан хүмүүс  өнөөдөр улс төрийн золиос болж байна.

-Прокурор хэргийг хууль зүйн хүрээнд шалгаагүй гэсэн үг үү?

-Тийм гэж ойлгож болно. Прокуророос хэргийг шалгаж дуусаад хавтас хэрэгтэй танилцах хугацааг зургаахан хоногоор тогтоосон нь үнэхээр чамлалттай хугацаа гэж өмгөөлөгчид нь хэлээд байгаа. Өмгөөлөгч ч гэсэн бараг олдохгүй байгаа даа. Энэ цаанаа ямар нэгэн дарамт өмгөөлөгчдөд ирдэг гэсэн үг. Бид олон өмгөөлөгчид санал тавьж үзсэн. Энэ чинь улс төрийн айхтар шантаажтай хэрэг учраас өмгөөлж чадахгүй гэсэн хариуг олон сонссон. Өнөөдөр өмгөөлж байгаа өмгөөлөгч нар ямар нэгэн байдлаар дарамтанд байгаа нь үнэн. Юу ч хэлж чадахгүй, хэрэгтэйгээ ч олигтой танилцаж чадаагүй өмгөөлөгчтэй шүүх хуралд ороод яах юм бэ, ялагдаад л гарна шүү дээ.

-Тухайн үед жагсаал цуглааныг зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарын хэргийг дахин сэргээн шалгаж өгөх хүсэлтийг прокурорт гаргасан ч боломжгүй гэсэн хариултыг өгсөн гэсэн. Яагаад тэгсэн юм бол?  

-Бид иймэрхүү хүсэлтийг байнга тавьдаг шүү дээ. Харамсалтай нь, үр дүнд огт хүрэхгүй байна. Дандаа л боломжгүй гэсэн хариулт өгдөг. Жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй мөртлөө үүргээ биелүүлж явсан энэ хүмүүсийг ингэж яллах гэж байгаа нь үнэхээр харамсалтай  бас шударга бус явдал хэмээн хэлсэн юм. 

Өмгөөлөгчдийн хувьд үнэ­хээр асуудалтай байгаагаа хэлсэн цагдаагийн дарга нарын хэргийг шийдвэрлэхэд тус дэм болох үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайд В.Удвал Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран өмгөөллийн үйлчилгээг үнэгүй үзүүлэхээр болсон юм.

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж