-Монголын эдийн засгийн өнөөдрийн хамгийн халуун сэдэв бол үнийн өсөлт болчихоод байгаа. Тиймээс эндээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна. Өглөө сэрэнгүүт бараа бүтээгдэхүүн шнэ зохиомлоор өсчихдөг, хэн нэгэн дураараа үнээ нэмчихдэг “заншил” бүр гаарлаа?
-Эдийн засаг бол хүн болгоны амьдралд эерэг, сөргөөр , шууд ба шууд бусаар нөлөөлдөг учраас энэ олон нийтийн анхаарлыг байнга татаж байдаг л даа. Эдийн засагт баримталж байгаа төрийн бодлого, хэрэгжүүлж байгаа алхам бүрийг ард иргэд мэдэхийг хүсдэг. Сүүлийн үед эдийн засагт болж байгаа жижигхэн үзэгдэл ч энгийн иргэдийн амьдралд хүнд цохилт өгөх нь цөөнгүй болж. Өнөөдөр монголчууд үнэ хэзээ өсөх вэ, үнэ өсөөд байвал яах вэ гэдэг айдастай амьдарж байна. Үнэ нэртэй “мина” эдийн засагт хэзээ хэзээгүй дэлбэрчих вий гэж түгшиж байна. Мэдээж, хүн болгон өнөөдөр үнэ гэдэг зүйлтай харьцдаг. Нөлөөлөл нь хүн бүхний амьдралд хүрч үйлчилж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ бүхнийг зохицуулах арга зам байхгүй юм биш. Байгаа. Тэр зохицуулалт мэргэжлийн бус хүмүүсийн гарт орчихсон учраас л эдийн засаг савлагаатай, үнэ тогтворгүй байна. Мэргэжлийн хүмүүс хэзээ ч эдийн засгийг хорлох шийдвэр гаргахгүй. Харин мэргэжлийн бус хүмүүс шийдвэр гаргаад, өөрсдийнхөө тоглолтыг хийгээд, популист амлалт өгөөд байвал эдийн засаг хямарсаар л байх болов уу.
-Мэргэжлийн бус хүмүүс гэж яг хэнийг хэлээд байна вэ. УИХ-ын гишүүд үү?
-Тийм ээ, УИХ-ынхан. Эдийн засгийн наад захын онол мэдэхгүй нөхөд суучихаад буруу шийдвэр гаргаад, буруу зүйл яриад эхлэхээр нийгэм өөрөө хүлээлтийн байдалд орчихдог. Багш, эмч, хуульч хүн эдийн засгийн зөв шийдвэр яаж ч гаргах билээ. Яадаж мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод, мэргэжлийн багтай хамтарч ажиллахгүй байна. “Гай болохоор зай бол” гэж нэг үг байдаг шүү дээ. Эдийн засгийн талаар мэдэхгүй сэдвээ ярьж байснаас таг дуугүй байсан нь дээр байдаг юм. Тэгэхгүйгээр тэдний ярьсан болгон нийгэмд хүлээлт үүсгэж, инфляцийг эрчимжүүлээд байна. Нэг УИХ-ын гишүүн “машины татварыг нэмнэ” гээд л зурагтаар ярьчихдаг. Түүнийг нь сонссон нөхөр хөршдөө ярина. Хөрш цаашаагаа хэн нэгэнд дуулгана. Тэгсээр байгаад хүмүүс “Өө, машины үнэ нэмэгдэх гэнэ лээ. Татвар нэмэхээс нь өмнө машин авья” гээд эрэлтийг нь ихэсгэдэг, ченжүүд нь үнээ нэмдэг явдал ердийн үзэгдэл болчихоод байна шүү дээ. Мэргэжлийн бус хүмүүсийн гаргасан буруу зөрүү шийдвэрээс болоод үнэ өсөөд байгааг мэдэхгүй ч юм уу, мэддэг хэрнээ мэдэхгүй царайлдаг ч юм уу, хэн нэгэнд буруугаа тохох гээд л үзчихнэ. Ийм байж болохгүй. Хэрвээ эдийн засгаа зөв бодлогоор хөгжүүлье гэвэл мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдог, тэдэнтэй хамтарч ажилладаг, үнэ ханшид судалгаа хийдэг, дүгнэлт гаргадаг мэргэжлийн баг бүрдүүлж ажиллах хэрэгтэй байна.
-Нэг хэсэг нь төр хувийн хэвшлийн ажилд хутгалдсанаас болоод ийм байдал үүслээ гээд байдаг. Нөгөө хэсэг нь төр заавал оролцох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Эдийн засагч хүнийхээ хувьд та юу гэж бодож байна?
-Төр оролцох асуудалдаа оролцох ёстой. Зөв бөгөөд ухаалаг бодлогоор оролцох хэрэгтэй. Түүнээс бус “Хүний хөгжил сан”-гаас сар бүр тараадаг 21 мянга шигээ юм сэтгэвэл бүр хэрэггүй. Хавтгайруулсан халамж өөрөө эдийн засгийг хорлон сүйтгэгч болдог. Хэрвээ тиймгүйсэн бол дэлхийн өндөр хөгжилтэй, баян улсууд манайх шиг хавтгайруулсан халамж өгөөд яваад байх нь яасан юм бэ?
Одоо асуудал үүсгээд байгаа шатахууны үнэ, валютын ханшийн асуудал дээр ч төр оролцох ёстой. Ялангуяа дан ганц эх үүсвэртэй, гадаад зах зээлээс хамааралтай газрын тосны асуудлыг төр өөрөө хариуцсан нь дээр гэж бодож байна. Шатахуун үйлдвэрлэдэг болтлоо, энэ асуудалд төр оролцохгүй байвал өнөөдрийнх шиг л юм болно. Хэдэн худалдаачид үгсэн хуйвалдаж байгаад үнийг нэмчихдэг, ард түмний халаас руу дураараа гар дүрдэг асуудал намжихгүй. Шатахууны үнэ нэмэгдлээ гээд таксины худалдаачин, махны ченж, дэлгүүрийн эзэн бүгдээрээ үнээ нэмчихсэн хэрнээ, 50 төгрөгөөр буураад байхад яагаад чимээгүй байгаа юм бэ. Үүнийг төр зохицуулах шаардлагатай, бодит бусаар үнэ нэмчихсэн, түүнийгээ буулгахгүй байгаа нөхөдтэй хуулийн дагуу хатуу тэмцэх хэрэгтэй. Монополиудтай монополь аргаар л тэмцэхээс өөр аргагүй болчихож. Тэгэхээр газрын тосны салбар ч юм уу эдийн засгийн суурь бүтцэд нөлөөлдөг зарим салбаруудын “онцгой эрх”-ийг төр өөрөө авмаар байгаа юм. Урт удаан хугацааны гэрээ байгуулахад төр оролцоод, боруулалтад нь хяналт тавиад явбал монопольчлох байдал хумигдана. Манайх шиг жижигхэн зах зээлтэй, тэгээд ерөнхийдөө гадаадаас хамааралтай, үйлдвэрлэл байхгүй, импортын бараа бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангадаг орны хувьд төрийн оролцоо зайлшгүй байх хэрэгтэй. Харамсалтай нь, манайхан төрийн оролцоог мэргэжлийн үүднээс биш, улстөрийн тоглолт хэлбэрээр хэрэгжүүлээд байна. Төсвийн мөнгийг хэрэгтэй зүйл рүү зарцуулах биш, тойрог руугаа хэрэгтэй, хэрэггүй зүйл өгөхөөр хэрэлдэцгээж байна шүү дээ. Энийгээ ядаж больчихвол эдийн засагт үүсэх асуудал багасна.
-Шатахуун импортлох эрхийг төр өөртөө авья гэсэн саналыг та дэмжиж байгаа хэрэг үү. Үгсэн, хуйвалдаж үнээ нэмлээ гээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогчдыг 10 тэрбум хүртлэх төгрөгөөр торгохоор болсон шүү дээ?
-Торгох шийтгэл оногдуулж болно. Бурууг хэн нэгэнд тохож, ямар ч шийтгэл ногдуулж болно. Хамгийн гол нь түүнийгээ хэрэгжүүлэх. Торголоо гээдзарлаад өнгөрөх бус торгож чаддаг байх л хэрэгтэй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үнэндээ олигтой ажил хийхгүй, хяналт тавьж чадахгүй байна. Энэ байгууллага маш хүчтэй, импортлогчид, бизнесийнхэн тэднээс айдаг байх ёстой. Тийм байгууллага болгохын тул, мэргэжлийн сайн хүмүүсийг авч ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Бас эрхийг нь олгоод, баазыг зузаатгах шаардлагатай байна. Шатахууны үнийн өсөлт үнэхээр шалтаг болсон, зарим бизнесийнхэнд. Гэхдээ монголчууд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй болчихож. Юу вэ гэвэл газрын тосны ганц нийлүүлэгчтэйгээр хол явахгүй юм байна гэдгээ ойлгох цаг нь болж . Өнгөрсөн жилийн хавар яалаа. Шатахууны хомсдол үүсээд бөөн асуудал дэгдсэн биз дээ. Ганц, хорёхон удаа ийм зүйл болоод байгаа юм биш. Учир нь энэ салбар монополь зах зээл рүү аль хэдийнэ орчихсон байна.
-Хүмүүст хүлээлт төрүүлж инфляцийг хөөрөгдөөд байна гэж эдийн засагчид эрх баригчдыг шүүмжилдэг. Үнэхээр хүлээлтээс болоод үнэ өсөөд байна уу, тэгвэл үүнийг яаж ямар аргаар зохицуулах ёстой гэж?
-Нэгдүгээрт эрх баригчид популист амлалт өгөхөө больчих. Хоёрдугаарт, хавтгайруулсан халамж тарааж байхаар “Хөрөнгө оруулалтын сан”-г байгуулмаар байна. Гуравдугаарт, мэргэжлийн бус хүмүүс тэгнэ, ингэнэ гэж ярихгүй байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлмээр байна. Тэгвэл үнэ аяндаа зохицуулагдаад ирнэ. Инфляцийг барих гээд Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого барьж байна. Мэдээж, төв банкнаас барьж байгаа инфляцийг онилох бодлого одоохондоо зөв. Гэхдээ урт удаан хугацаанд ашиглах, хэрэглэх арга биш. Богино хугацаанд л авч хэрэгжүүлэх ёстой болохоос инфляцийг онилж байна гээд бодлогын хүүгээ нэмж, үйлдвэрлэлээ “жадлаад” байж болохгүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний хатуу бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлбэл, үйлдвэрлэл хумигдана. Тэгэхээр Монгол Улс цаашдаа мөнгөний хямдхан эх үүсвэр хайх хэрэгтэй байгаа юм. Тэр хямдхан эс үүсвэр нь хөрөнгийн зах зээл. Тиймээс Монгол Улс хөрөнгийн зах зээлээ асар хурдан хөгжүүлэх шаардлагатай байгаа. Хүмүүс үйлдвэрлэлээ өргөжүүлж, мөнгөтэй ганцхан банк гэдэг салбар гол роль гүйцэтгэдэг гэсэн ойлголтоосоо сална. Хөрөнгийн зах зээл зөвхөн Засгийн газраас хамааралтай асуудал биш. Компаниуд, иргэд үүнд идэвхтэй оролцмоор байна. “Хөрөнгө оруулалтан сан”-гийн тухайд гэвэл сар бүр тараадаг 21 мянган төгрөг, эсвэл оюутанд өгөх цалинг л энэ санд хуримтлуулаад байвал нэг хоёрхон жилийн дараа томоохон бүтээн байгуулалт хийх хөрөнгө болчих юм шүү дээ. Ер нь уул уурхайн олборлолтоос орж ирсэн мөнгөө бид дэмий зүйлд үрмээгүй байна.
-Та түрүүнд хэлсэн. Мэргэжлийн баг бүрдүүлж ажиллах хэрэгтэй байна гэж. Үнэ ханшид судалгаа хийдэг Үндэсний статистикийн хороо бий шүү дээ. Сар бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдалд судалгаа хийдэг?
-Мэднэ л дээ. Гэхдээ Үндэсний статистикийн хорооны судалгаа үнэхээр хангалтгүй. Мэргэжлийн төвшинд ашиглах боломжгүй юм билээ. Тэдний гаргасан судалгаа жинхэнэ, “амьд” байж чаддаггүй. Тийм болохоор л үнэ ханшид судалгаа хийдэг, бодит бас бодит бус өсөлтийг нь тооцож гаргадаг, адаглаад л нэг килограмм мах яагаад 6500 төгрөг байна вэ, эцсийн хэрэглэгчийн гар дээр очиход хэдэн ченжүүдийн дамжлага дамжиж байна вэ гэдгийг л гаргаад ирэх ёстой юм. За, тэгээд сая шатахууны үнэ өслөө шүү дээ. Шатахууны үнэ 270 төгрөгөөр өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ яг хэдэн төгрөгөөр өсөв, уг нь хэдээр өсвөл бодит, хэдээр өсвөл бодит бус байх вэ гэдгийг л судламаар байна.
-Оюутолгой, Тавантолгой гээд л бухимдаад байдаг эдийн засагчид яагаад шатахууны үнэ ингэж өсөх боломжгүй гээд бодит судалгаа, тооцоо хийгээд иргэдэд танилцуулж болдоггүй, энэ талаар юм дуугарахгүй чимээгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа?
-Манайхаас “Хэрэглэгчийн итгэлийн индекс” нэртэй судалгааг дөрвөн жил хийсэн. Өнгөрсөн оны судалгааг удахгүй олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Гартаа судалгаатай, тэр судалгаа нь бодитой байхгүй бол Н.Дашзэвэг шиг болсон болоогүй юм яриад байж болохгүй байна.
-Зарим хүмүүс үнийг зохиомолоор өсгөөд байна гэж хардаж байгаа?
-Хардах нь зүйн хэрэг. Зарим нөхдийн үнийн өсөлтөөр далимдуулан ахиухан ашиг унагах заль яваад байхыг үгүйсгэхгүй. Байрны үнэ өснө гээд зарлачихвал, иргэд байрны үнэ өсөх гэнэ. Үүнээс өрсөөд байртай больё гээд зүтгэчихнэ. Тэгээд л зохиомол эрэлт үүсээд, байрны үнэ өсдөг. Тэгэхээр Засгийн газраас байрны үнэ буурна, машины татвар нэмэгдлээ гээд тансаг хэрэглэлийн машиных л нэмэгдэнэ гээд байнга тооцоо судалгаатай сурталчилгаа явуулах ёстой. Тэгж байж хүлээлтээс гарна. Зарим хүний ахиухан ашиг олох гэсэн санаа бүтэлгүйтнэ шүү дээ. Би саяхан ажлаар Өвөрмонгол явсан. Тэнд очоод өвөрмонголчуудтай уулзахад нэг л зүйлийг ярьж байна лээ. Манайхан уул уурхайгаас орж ирсэн мөнгөө бүтээн байгуулалтдаа зарцуулсан гээд баахан орон сууц барьчихснаа харуулсан. ӨМОЗО арван сая хүн амтай гэсэн. Тэднээс дөрвөн сая нь өвөрлөгчид юм билээ. 10 сая хүн амтай хэрнээ Ордос гээд томоохон хотыг хэдхэн жилийн дотор барьчихсан, орон сууцны хорооллоор дүүрчихсэн байсан. Гэтэл манайхан том, том уурхай нээлээ гэдэг , хүн ам нь гэр хороололдоо амьдарсаар байна. Орон сууцны үнэ өссөөр байна. Өвөрмонголчууд “Танай монголчууд бидэнд нэг тонн нүүрсээ 200 юаниар өгдөг. Бид хадгалж байгаад 1000 юаниар цааш нь зардаг” гэж ярьж байсан. Надад харамсалтай л санагдсан.
-Монголын Засгийн газраас баахан бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ гээд зарлачихсан. Гэтэл бүтээн байгуулалтдаа зарцуулах хөрөнгө байхгүй гэсэн хэрнээ, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд чамгүй мөнгө цацах гээдбайна шүү дээ?
-Харин уул уурхайгаас орж ирсэн мөнгөө зөв зүйлд зарцуулмаар байна. Түрүүнд хэлсэндээ “Хөрөнгө оруулалтын сан” байгуулмаар байна гэж. Ганц нэгхэн ч биш бүх салбарт “Хөрөнгө оруулалтын сан” байгуулах хэрэгтэй. Хэрэгтэй зүйлд зарцуулдаг баймаар байна. Манай оюутнууд гэхэд 70 мянгаа бэлнээр авмааргүй байна, “Хөрөнгө оруулалтын сан” байгуулж, ирээдүйдээ хэрэгтэй зүйлд зарцуулья гэж хэвлэлийн хурал хийлгэсэн. Оюутнууд гэхэд зөв сэтгэж байна. Тэр 70 мянган төгрөгөөр оюутнууд ном худалдаж авна гэж итгэхгүй л байна шүү. Зарим нь Эрээний бараа болоод зарим нь баар саванд ороод дуусгах биз. Манай монголчууд “шинэ баян цээж өвчтэй” гэж ярьдаг даа. Тийм зан гаргаж , дэмийрэлд автсаар байтал ядуурал нэмэгдэж байна. Хавтгайрсан халамж бэлэнчлэх сэтгэлгээг төрүүлж байна.