Хятадад ажилгүйдэл нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Хятадад ажилгүйдэл нэмэгдэв

Хятадын эдийн засаг дэлхийд хоёрдугаарт бичигдэж, дотоодынхоо нийт бүтээгдэхүүнээр Азид ноёлж байна. Тэгвэл эх газрын санхүүгийн чадамж бага багаар доройтож буйг эрх баригчид санууллаа.

Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын төгсгөлд 8.9 хувьд хүрч буурсан бөгөөд энэ тоо өнгөрсөн гурван сарын хугацаанд 9.1 хувьтай байв. Статистик үзүүлэлтээр БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 10.3 хувьтай байсан. Гэвч энэ оны эхээр 9.2 хувьд хүрч доошилжээ. Шинжээчид үүнийг эдийн засгийн чөлөөт уналтын үе хэмээн нэрлэдэг.

Энэ оны эхний хагасын байдлаар БНХАУ-ын эдийн засаг хэдэн хувьд байх вэ гэдэг нь тодорхой болно. “HSBC” банкны зөвлөх Аржундран Махендран хэлэхдээ Азийн эдийн засгийг тодорхойлоход Хятадын санхүүгийн тайлан нэлээд чухал шаардлагатай гэжээ. Тийм учраас Хятадын санхүүгийн тайлан энэ оны эхний хагаст хэдэн хувьтай байх нь манай тивийн зах зээлийн хүрээг илтгэх аж.

Хятад улс үйлдвэрлэл, худалдааны томоохон гүрэн. Сар бүр Шанхайн боомтоос эхлэн Тайванийн хилээр 100 гаруй их наяд ам.долларын импортын худалдаа эргэлддэг. Тиймдээ ч Хятадын эдийн засгийн хүрээ бүс нутагтаа тэргүүлсээр байна. Тус улс 1996 онд 12 жилийн дундаж төлөвлөгөө боловсруулсан нь эдүгээ биеллээ олж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 9.1 хувьд хүрсэн нь одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өссөн дүр зураг аж. Гэхдээ урд хөршийн эдийн засаг сүүлийн өдрүүдэд худалдааны болон үйлдвэрлэлийн салбарт үүсч буй доголдлоос үүдэж буурах хандлага ажиглагдаж байна.

Хэдийгээр Засгийн газар эдийн засгийн уналт анзаарагдмагц банкны кредит гүйлгээг хянаж, үйлдвэрлэлийн зардлаа танах бодлого барьсан ч санхүүгийн сулрал эрх баригчдаас хамаарахгүй бололтой. Өөрөөр хэлбэл, Хятадын гадаад зах зээл унаж эхэллээ. Тус улсын инфляци өнгөрсөн онд хамгийн тайван байсан. Гэвч энэ оны эхээр Статистикийн үндэсний газраас гаргасан судалгаагаар инфляцийн хөөрөгдөлт бүс нутгийн эдийн засгийн түншлэлээс үүдэж өсч болзошгүй. Хэнань, Сычуань, Гуанжоу мужид ажилгүйдэл 2.1 хувиар өсчээ. Энэ нь Бээжинд дарамт болж эхэлсэн. Сычуаньд үйлдвэр, бүтээн байгуулалтын концерн босгохоос өмнө буюу 1980-аад онд тус мужийн ажилгүйчүүд Шанхай, Бээжинг чиглэсэн нь асар их дарамт үүсгэжээ.

Нийслэлд хүн амын нягтшил нэмэгдэхийн хэрээр ажилгүйчүүдийн тоо өсч, бараа материалын индекс огцом нэмэгдсэн аж. Харин Бээжин тэрхүү асуудлыг тун болгоомжтой шийдэж, Сычуаньд томоохон үйлдвэрүүдийн шав тавьснаар хүн амын бодлого аяндаа шийдэгдсэн байна. Энэ бол 1980-аад оны үеийн “бага” эдийн засгийн тулгуур хэмээн Хятадын эдийн засагчид нэрлэдэг. Тэгвэл энэ оны эхээр БНХАУ дараачийн эдийн засгийн цогц бодлогоо боловсруулж эхлэх шаардлага тулгарчээ.

Үйлдвэрлэл, худалдааны нэлээд олон боомт бий болсон ч гэлээ Хятадад хүн амын зөв бодлого дахин тулгарсаар байна. Үүнийг Хятадын Ардын нам хэрхэн шийдэх вэ. Жил бүр өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдлийн тоог хэрхэн бууруулах ёстой гэж. Хэрэв ажлын байр шинээр нэмэхэд тулбал, ажилгүй иргэдэд боловсрол тулгарна. Одоогоор урд хөршид 1.6 сая иргэн дунд сургуулийн боловсролтойгоос дээд шатны албан тушаалд гологдов. Тэдэнд дунд шат болон нийгмийн ажилчин ангид хуваарилагдах цор ганц сонголт байна. Гэтэл Сычуаньд таван сая хүн барилга дээр ажиллаж, 30 мянган барилгын компани үйл ажиллагаа эрхэлж байна. Үүн дээр, уул уурхай, ашигт малтмалын салбар нэмэгдэнэ. Гэвч энэ салбарт мөн л хүний нөөцийн асуудал шийдэгдсэн.

Боловсролгүй иргэд дахин Шанхайг зорьвол яах вэ. Хуулиар шийдэж болох ч ард түмний урсгал нэгэнт тийш чиглэвэл эрх баригчид санаа зовнихоос аргагүйд хүрнэ. Гэхдээ эрх барих хүчний хамгийн гол шийдэх асуудал бол үйлдвэрлэл гэхээс илүү хүний нөөц болжээ.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж