Энэхүү багцад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Амьтны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, тэдгээртэй холбогдуулан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай байгаль орчны хуулийн төсөл гэсэн 10 төсөл багтаж байгаа юм.
БОАЖ-ын сайд Л.Гансүхийн танилцуулснаар бол Засгийн газраас өргөн мэдүүлж буй энэхүү багц хуулийн төслийг эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн өнөөгийн түвшинд улс үндэстнийхээ тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай, хариуцлагатай, байгаль орчиндоо зохистой хөгжлийг дээдлэх үүднээс эрхзүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, байгаль орчны аудитыг оолн улсын туршлагын дагуу нэвтрүүлэх, бохирдуулагч нь хохирлыг төлөх, нутгийн иргэд нь байгалиа хамагаалах, байгалийн нөөц баялгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах ажлын тогтвортой эх үүсвэр бий болгох нөөцийн тогтвортой менежмент төлөвшүүлэх зэрэг үзэл баримтлалд тулгуурлан боловсруулжээ.
Үүний дараа Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, уг төслийн талаар тус Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан 70 гаруй саналын томьёоллоор гишүүдийн дунд санал хураалт явууллаа. Энэ үеэр төслийн 4.1.6 дахь буюу “өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд орсон газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байх”, 30.5 дахь буюу гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд Монгол Улсын хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхтэй адил зарчим баримтална” гэсэн заалтууд дээр гишүүд нэлээд маргалдсан юм. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн “Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орохуйц том суурь хууль. Ашигт малтмалын хайгуулын зориулалтаар аль нэг компанид олгосон газарт газрын тос, нүүрсний компаниудын үйл ажиллагааг давхцуулахгүй гэхээр ихээхэн маргаан дагуулна. Үүнээс гадна бэлчээрийн газар, улсын нөөцийн газар зэрэгтэй давхцах асуудлууд ч гарч ирнэ. Тиймээс бусад байнгын хорооны нөхдийг ажлын хэсэгт оруул энэ асуудлыг нухацтай хэлэлцье” гэсэн саналтай байв. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Монголын аж ахуйн нэгжтэй адил зарчим баримтлах тухай заалтан дээр Ж.Энхбаяр, Г.Баярсайхан, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд болгоомжтой хандахыг сануулж байсны дотор Ж.Энхбаяр гишүүн энэ заалтыг эрс эсэргүүцэж “Энэ заалтаар гадаадын иргэдэд Монголд удаан хугацаагаар оршин суух эрхээс гадна газар эзэмших эрхийг нь нээчихлээ. Хөрөнгө оруулалтыг ямар салбарт хйихээ сайтар бодох хэрэгтэй. Үнэхээр томоохон барилга байгууламжийн асуудал яригдаж байгаа бол өөр хэрэг. Харин газартай холбоотой заалт бүрийн цаана эдийн засгийн том том агуулга, улс орны аюулгүй байдлын асуудал байгаа тул энэ асуудлыг эхлээд ЭЗБХ, АБГББХ –гоор хэлэлцүүлье” гэсэн саналаа датсан юм.
Г.Баярсайхан гишүүн түүнийг дэмжиж “Бид 20 жилийн турш гадны хөрөнгө оруулалтаар хөгжинө гэж ярилаа. Хайгуулын лицензүүдийн ихэнх нь, уул уурхайн гол том ордууд маань гадаадынхны гарт орчихлоо. Монгол хүн гадаадын аль нэг оронд 5000 доллар төлөөд газар эзэмшинэ гэж байхгүй. Ер нь заавал гадны компанид газраа өгч байж хөгжинө гэсэн юм байхгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа дийлэнх газраа гадаадынханд алдчихсан байхыг хэн мэдлээ, одоо ч гэсэн зарим үр дагавар нь цухалзаж л байна. Сэлэнгэд л гэхэд гадны компани нэг багийг нутгаас нь хөөсөн явдал гарсан шүү дээ” гэж анхааруулсан юм. Н.Ганбямба гишүүн ч дээрх санааг үргэлжлүүлэн “Газрыг гадаадынханд зөвхөн ашиглаж, монголчуудад эзэмшүүлэх тухай ярихгүй бол алдана. 1990-ээд онд Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж янз бүрээр оролдож, хууль гарган, Тогтвортой байдлын гэрээ хүртэл байгуулж байсан. Харин одоо бол манай газрын төлөө арааны шүлс нь асгарч байгаа гадаадын комданиудыг хязгаарлах механизм суулгаж өгөх хэрэгтэй” гэж байв.
Х.Наранхүү гишүүний хувьд “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд манай хуулиар явж байгаа. Хэрэв тэднийг ялгаварлавал Үндсэн хуулиа зөрчсөн хэрэгт орж Цэц рүү явах хэрэг гарна. Эсвэл ардчилсан орны тооноос гарна гэсэн үг. Ер нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийг давхар үзчихээд гэмгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн хувьд 1990-ээд онд гадны хөрөнгө оруулалтыг татах талаасаа сайн хууль байсан. Харин одоо дуудсан дуудаагүй гадны компаниуд орж ирэх тул эхлээд дотроо зарчмаа тохирч, гадаадын хөрөнгө оруулалтаас айхгүй болтлоо асуудпаа цэгцэлж аваад энэ талын эргэлзээтэй асуудлуудаа тусад нь ярья. Газар эзэмшлийг уул уурхайгаар дамжуулж байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг ч бас эргэж харах хэрэгтэй. Тэгэхдээ ардчилсан, чөлөөт эдийн засагтай орны хувьд ялгаварлан гадуурхах зүйл байж болохгүй” гэсэн юм.
Мөн “Аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийг дуудлагаар худалдана” гэсэн заалт дээр Ж.Энхбаяр гишүүн “Гадныхан орж ирээд зуу зуун га-гаар нь эзэмшээд эхэлбэл яах вэ? Сумын жирийн иргэн тэдэнтэй яаж өрсөлдөх юм бэ?” гээд АБГББХ-гоор хэлэлцүүлэх үндэслэлээ дахин тайлбарлалаа. Харин Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн:
“Үнэхээр ингэж болгоомжлох зүйл бий болсон бол зарчмын зөрүүтэй саналаа ирүүлж болно. Газрын хууль хэрэгжээд бараг 20 жил болж, газар 2 дахь эргэлтэнд орж, аж ахуй, үйдвэрийн болон бизнесийн зориулалттай газар яригдаж байна. Жирийн иргэнд олдохгүй байгаа газрыг наймаалж, авилга, хээл хахуулийн хэрэгсэл болгож байгааг зогсоож, нээлттэй дуудлага худалдаагаар оруулах бодлого баримталсан. Ер нь гадны хөрөнгө оруулалттай заалт болгон дээр ингэж болгоомжлоод байх юм бол энэ хууль гарахгүй нь хэмээн цухалдлаа.
Гишүүд нэлээд маргалдсаны эцэст хуулийн төсөл дэх найруулгын чанартай засвар бүхий заалтуудыг хэлэлцэн дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргаантай асуудлуудаа тусад нь сайтар тунгаан ярилцахаар болсон юм.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн 3 дахь асуудал нь “Тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байсан бөгөөд төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуудлын гол утгыг танилцуулсны дараа гишүүд түүнийг хэлэлцэхийг дэмжлээ.
Тусгай хамгаалалттай газар нутагт байрлах сум, хороо зэрэг засаг захиргааны нэгжид он удаа жилээр оршин сууж буй иргэд Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэг, хариуцлагатай байх зарчмын хүрээнд газар эзэмших, өмчлөх хууль ёсны эрхээ бүрэн эдлэх боломжтой гэсэн үндэслэлээр энэ төслийг боловсруулжээ. Төсөл батлагдвал Монгол Улсын засаг захиргааны нэгж байрлаж байгаа төрийн тусгай хамгаалалттай газар нутаг дахь 296 га газарт үе дамжин амьдарч суурьшсан 566 өрхийн 1500 гаруй иргэний газар өмчлөх эрх нээгдэх аж. Дэлхийн олон улсын байгаль орчныг хамгаалах бодлогод ч орон нутгийн иргэдийн оролцоонд үндэслэсэн “Зохистой ашиглалт нь хамгийн сайн хамгаалалт болдог” гэсэн зарчим баримталдаг байна.