Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарыг өнөөдөр хүлээн авч уулзан Эзэн хаанд өргөн барих итгэмжлэх жуух бичгийг нь гардуулан өгч амжилт хүслээ.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Япон Улс бол манай их чухал түнш. Шилжилтийн үед хамгийн их тусламж үзүүлсэн орон. Стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бүх талаар харилцаагаа хөгжүүлэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Иймээс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг онцлон анхаарч, хэлэлцээг ойрын үед эхлүүлмээр байна. Өнөө жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болно. Энэ ойгоор Японы хамгийн өндөр дээд хэмжээний зочин ирнэ гэж хүлээж байгаа. Туршлагатай дипломатчийн хувьд таныг тавигдаж буй зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн сайн ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Япон Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав
Эх сурвалж: www.president.mn