Монгол судлалыг төрөөс онцгой анхаарч дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Монгол судлалыг төрөөс онцгой анхаарч дэмжинэ

Сүүлийн жилүүдэд дэлхийн Монгол судлал мэдэгдэхүйц саарч, анхаарал сонирхол буурахын хэрээр судлаачдын тоо ч цөөрч, монголч эрдэмтдийн залуу халаа тасрахад хүрээд байна. Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд монголын түүх, үндэсний соёлын баялаг өв сангаа системтэй судлах, нээн илрүүлэх, баталгаажуулах, судалгааны эргэлтэд оруулах, энэ ажилд гадаад орны шилдэг эрдэмтдийг татан оролцуулах, тэдэнтэй нягт хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын монголч эрдэмтдийн X их хурал дээр Монголын төрөөс монгол судлалыг онцгой анхаарах, дэмжих цаг болсныг онцлон тэмдэглээд, монгол судлалыг дэмжих сан байгуулах санал дэвшүүлсэн билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай” зарлиг гаргалаа.

Зарлигтаа Монгол Улсад болон гадаад оронд монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлалыг хөрөнгө санхүүгийн хувьд ивээн тэтгэх замаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх, залуу судлаачдыг урамшуулах, тэдний бүрэлдэхүүнийг бэлтгэх, чадавхжуулах, монгол судлалын үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхий дахинд сурталчлах зорилгоор Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.

Түүнчлэн гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор докторын судалгаа-сургалтыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэд зохион байгуулахыг зөвлөмж болгожээ.

Монгол судлалыг дэмжих сан нь юуны өмнө монгол судлалыг олон улсын түвшинд тал бүрээр хөхиүлэн дэмжих, монголын түүх, хэл, соёлын өвийг хамгаалах, судлах, дэлхий дахинд таниулах, залуу монгол судлаачдыг бэлтгэх, дадлагажуулах зорилготой юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж