Will.i.am: Би видео тоглоомчин

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Will.i.am: Би видео тоглоомчин

Ихэнх хүмүүс Will.i.am-ийг Black Eyed Peas хамтлагын дуучин, реппер гэдгээр нь мэддэг. Гэвч тэрээр технологийн хорхойтон гэнэ шүү. Тэрээр НАСА-г пуужингаа нисгэх болгонд нь хүрэлцэн ирж сонирхдог бөгөөд FIRST хэмээх хүүхдүүдийн шинжлэх ухаан технологийн төвд ирж тэдэнд урам зориг өгдөг байна.

Түүний CNN-д өгсөн ярилцлагаас товчхон хүргэж байна.

-Бага байхдаа видео тоглоом тоглож байсан сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?

-Манай гэр бүл тэр үед ядуу байсан болохоор өөрсдөө видео тоглоом худалдан авах боломжгүй байсан л даа. Тийм учраас би найз Калвинийхаа гэрлүү явж Нинтэндо, эсвэл Маркигийн гэрлүү очиж Алтари 2600 тоглодог байсан. Марки тэр үед тагтан дээрээ байрлуулаад бид нарыг хөлсөөр тоглуулдаг байлаа. Нэг тоглоомыг 15 центээр тоглодог байж билээ. Очоод Понг ч юмуу Комбат тоглодог байсан. Тэр үеийн тоглоомын графикийг одооны тоглоомуудтай харьцуулаад үздээ. /дуу алдав/

-Тэр үеийн тоглоомуудын дууг юу гэж боддог байв?

-Би Донкей конг, Пак-мэн тоглож байхдаа “хөөх, хэн нь энэ тоглоомын дууг зохиосон юм бол доо” гэж бодож байснаа санадаг юм. Одоог хүртэл тоглоомын дууг зохиож байхдаа зохиогч нь юу бодож бичсэн бол гэж гайхаж явдаг.

-Тоглоомын аянууд танд санаа өгч байв уу?

-Супер Нинтендо гарч ирэхэд тоглоомын графикт шинэчлэл оруулаад Супер Марио тоглоход Мариог өөр өөр өнцөгөөс харж болдог болсон доо. Тэр үе гайхалтай байсан. Би түүнээс сэдэвлэн хэмнэл зохиож байлаа. Надад түүнээс хэсгийг нь авсан нэг хип хол ая байгаа.

-Та ойрд юу тоглож байна?

-Миний дуртай тоглоом бол Мадден. Тэгээд л болоо. Би бол Мадденчин. Өөрийн багаа зохиож байгаад тоглодог. Онлайнаар тоглоход хүмүүс “Би чамтай тоглохгүй ээ, чи булхайцаад байна” гэдэг. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ. Чи ч гэсэн өөрийн багаа байгуулж болно шүү дээ” л гэдэг.

-Тэгвэл таны Маддены чинь багт хэн хэн байдаг вэ?

-Аан, би өөрөө шинэ хүн зохиогоод л нэрлэчихдэг. “Жижиг хурдан” ч юм уу, “жижиг гөвөгч” ч юм уу. Намхан хүн зохиогоод түүнийг хурдан гүйлгэдэг болно. Би том хүмүүст дуртай тийм учир 180 өндөртэй хагас хамгаалагч энэ тэр зохиогоод л. Тийм учраас би Мадден тоглох дуртай.

-Өөр ямар тоглоом тоглодог вэ?

-Би GTA-д дуртай. Тэгэхдээ даалгавар биелүүлэх гэж энэ тэр биш. Цагдаа нарт хөөгдөж тэднээс мултарч чадах эсэхээ л үзэх гэж тоглодог юм.

-Та түүнгүй бол амьдарч чадахгүй гэх технологи чинь юу вэ?

-Би уг нь утсаа гэж хэлмээр байна л даа. Гэхдээ яг үнэндээ бол лэптоп минь л байх даа. Яахав би утсаа ашиглаад Tweet-дэг бас хүмүүсийн хаяг дугаарууд байгаа. Утас минь харин Лэптопд back-up-тай тийм учраас би утсаа алдсан ч шинэ утас аваад лэптопоосоо суулгачихна. Тийм учир хамгийн чухал технологи бол миний Лэптоп.

-Тэгвэл та лэптопоороо хэрхэн бүтээлч ажилладаг вэ?

-Би нилээдгүй хугацааны турш лэптоп, компютер дээр дуу зохиолоо. Одоо би Ultrabook ашигладаг. Тэр лэптоп илүү хөнгөхөн тэгээд сайн үзүүлэлттэй л дээ. Үнэхээр сайхан шүү. Би түүн дээр DJ-дэж хөгжим зохиодог. Майкл Жексон ид дуу зохиож байх үед студид дуугаа бичүүлж радиогоор тэрийг нь цацдаг байсан бол харин одоо компьютэр дээр дуу хийж компютерээр түүнийгээ сонсож байна. Үнэхээр гайхмаар.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж