ОТ-г түшиглэн 3000 айлын орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

ОТ-г түшиглэн 3000 айлын орон сууц барина



Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болов. Оюутолгойн ордыг түшиглэн 3000 айлын орон сууц барих, Даланзадгад хотын дулааны цахилгаан станцыг хэвийн ажиллуулах, Сайн малчин, Улсын тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олон шалгаруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох асуудал байлаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гаргалаа. Оюутолгой ордыг түшиглэн цогцолбор хотхон байгуулах газрын байршлыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан ордыг түшиглэн 3000 айлын орон сууц бүхий цогцолбор хотхон байгуулахыг дэмжиж, бүтээн байгуулалтын ажлын явцыг тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. Засгийн газраас баримталж байгаа бодлогын дагуу “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчид болох “Айвенхоу Майнз” ХХК, “Рио Тинто групп”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК хамтран хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Хотхон ашиглалтад орсноор 12000 хүн шинээр амьдран суурьших боломж бүрдэх юм байна. Түүнчлэн уурхайтай холбогдох зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, соёл урлаг болон амралтын цогцолбор хүрээлэн, худалдааны төвийг ч барихаар төлөвлөжээ. Оюутолгой төсөлд ажиллаж байгаа иргэд цэргийн алба хааж байгаа мэт амьдрах биш, бүх орчин нөхцөлөөр хангагдсан орчинд амьдарч, ажиллах бололцоо ийн тавигдаж, орчин үеийн хоёр дахь “Эрдэнэт“-ийн шанг өмнийн говьд  тавих  нөхцөлийг Засгийн газар бүрдүүллээ. Оюутолгой ордыг нэн даруй эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэд болон төсөлд ажиллаж байгаа нийт ажиллагсдын хувьд таатай нөхцөлд ажиллаж, амьдрах бололцоог хангасан маш чухал шийдвэр боллоо хэмээн Засгийн газрын гишүүд үзэж байна.

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХЭВИЙН АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Станцын үндсэн тоноглолд үүссэн доголдлыг арилган хэвийн ажиллуулах, өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгөв. Энэ дагуу станцын турбогенераторт шинээр суурилуулах турбин, генераторын тоноглолыг яаралтай худалдан авч, гуравдугаар сарын 15-ны дотор угсарч дуусгах юм. Импортоор худалдан авах турбин, генераторын тоноглолын Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн станцын үндсэн тоноглолын ажиллагааг тогтворжуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний үйлдвэр, компаниудаас нарийн мэргэжлийн, чадварлаг инженер, техникийн ажилтныг станцад түр хугацаагаар ажиллуулах болов. Хэдийгээр Даланзадгадын дулааны цахилгаан станц “0” зогсолт хийгээгүй ч тоноглолын хүчин чадлаас хамаарч оройн их ачааллын үед эрчим хүчийг 2-2,5 цаг хязгаарлаж байна. Үүний зэрэгцээ Тавантолгой-Даланзадгадын чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг түргэтгэх зорилгоор гүйцэтгэгч компанийн барилга угсралтын ажлын графикийг шинэчлэн тогтоож, шугамыг тавдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулахыг  салбарын сайдад үүрэг болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

НӨӨЦИЙН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХУДАЛДАНА

2011-2012 оны мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй учир улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалж байгаа өвс, тэжээлийг худалдан борлуулж, борлуулалтын орлогоор энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод даалгалаа. Улсын нөөцийн бараа, материалыг сэлгэн шинэчлэх зорилгоор холбогдох хууль, журмын дагуу улирал тутам 20 хүртэл хувийг худалдан борлуулж, борлуулалтын орлогоор нь тоо хэмжээг нь бууруулалгүй буцаан нөхөн бүрдүүлдэг юм. Өвс, тэжээлийн хувьд хэрэгцээний шаардлагаас хамаарч 1-5 дугаар сард худалдан борлуулж, сэлгэн шинэчлэх нөхцөл бүрддэг байна.

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнээс үзвэл энэ сард Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 30-39 градус, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голын хөндий, ялангуяа Идэр, Тэсийн голын хөндийгөөр 40-43 хэм хүртэл хүйтэрч байна. Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 10 см-ээс дээш зузаан цастай байгаа нутгуудад цас улам нягтарсан нь мал бэлчихэд хүндрэл учруулж эхэлжээ. Энэ нь 2011-2012 оны мал өвөлжилтөд  бэрхшээлтэй байдал үүсгэж болзошгүй учир нөөцийн өвс, тэжээлийг худалдах нь зүйтэй гэж үзэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА

Засгийн газрын хуралдаанаар “Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”, Монгол Улсын эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтыг тус тус баталлаа. Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг ирэх оны нэгдүгээр сарын нэгний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй сургуулийн суралцагчдад магадлан итгэмжлэлийн үр дүнгээр суралцагчийн тэтгэлэг, зээл олгох болсон байна.

Түүнчлэн Сургалтын төрийн санд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүргийн дагуу Төрийн сангийн санхүүжилтээр суралцагчдыг жилд гурван удаа ил тод, нээлттэй уралдаант шалгаруулалт явуулан сонгож байгаа тухай салбарын сайд хуралдааны үеэр танилцуулж байлаа. Цаашид үндэсний, урамшууллын, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын гэсэн тэтгэлэг олгохоор боллоо.

Үндэсний тэтгэлгийг аттестатчилагдсан их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчдад суралцах хугацаанд олгох юм. Урамшууллын тэтгэлгийг Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн шалгалтын дундаж нь 720 ба түүнээс дээш оноотой шинэ элсэгчид, 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид, мөн улсын хэмжээний олон улсын зэрэглэлийн олимпиадад эхний гурван байранд шалгарсан суралцагчид үндэсний тэтгэлгээс 50,70,100 хувиар тооцож олгох юм.

Түүнчлэн амьжиргааны зардлын тэтгэлгийг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэнд олгохоор болов. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид буюу эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 600 буюу түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо. Мөн хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, малчин, бага орлоготой өрхийн суралцагчид, гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно. Гадаад улсад суралцаж байгаа суралцагчид олгох сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг удаа, бакалавр, магистрт хоёр жил, докторантад гурван жил, докторын дараах сургалтад хамрагдагчид нэг жил хүртэл хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгоно.

 

САЙН МАЛЧИН, ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛНА

Энэ онд 50 хүртэл малчныг “Сайн малчин”, 20 хүртэл иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”, 12 хүртэл аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ жил 21 аймгаас 72 малчин, 16 тариаланч хамт олон, 26 тариаланч, ногоочныг шалгаруулахаар материал нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд иржээ. Мал сүргийн тоо өмнөх оноос 10 хувиар нэмэгдэн, 36 сая болж өссөн, мал аж ахуйн салбар болон газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа зэргийг харгалзан сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олны тоог нэмэх нь зүйтэй гэж салбарын яам үзсэн байна.

Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн энэ онд 50 хүртэлх малчныг “Сайн малчин”, 20 хүртэлх иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”, 12 хүртэлх аж ахуйн нэгж, байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолын дагуу тухайн жилд 15 хүртэлх малчин, 8 хүртэлх аж ахуйн нэгж, байгууллага, 15 хүртэлх иргэнийг шалгаруулдаг байсан журамд өөрчлөлт орууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ДАРГЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсны улмаас Цөмийн энергийн газрын ажил удаан хугацаагаар цалгардаж, өгсөн үүрэг, даалгавар хэрэгжихгүй байгааг Засгийн газрын гишүүд шүүмжиллээ. Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас ажлаа танилцуулах үүргийг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад өгсөн боловч өнөөг хүртэл биелүүлээгүй, эрхэлсэн сайдын зөвшөөрөлгүйгээр удаа дараа гадаадад явж байсан тухай ч Засгийн газрын хуралдааны үеэр яригдсан байна.

ТОВЧ МЭДЭЭ

  • Улсын төсвийн алдагдал, төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 300 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг энэ оны төсвийн жилд гаргаж, арилжаалах тухай асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэх, үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, санхүүгийн зах зээлд дэх суурь хүү тогтоох, санхүүгийн захын хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Улсын төсвийн 2012 оны нийт орлого 4,630.7 тэрбум төгрөгт хүрч нийт зарлага 4,865.9 тэрбум төгрөг болж төсвийн нийт тэнцэл 235.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна.
  • “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ыг батлахаар болов. Энэ нь төсөвт байгууллагууд, төр, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд хамаатай. Журмын дагуу дээрх байгууллагууд төсөв, санхүүгийн мэдээллээ ил тод болгон, төсвийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулж, танилцах боломжоор хангах боломжийг бүрдүүлэх юм байна. Нийтэд хамааралтай үйл ажиллагаа явуулдаг сангууд, тухайлбал “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сургалтын төрийн сан”, “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” зэрэг байгууллагын мэдээллийг цахим хэлбэрээр иргэд, олон нийтэд хүргэж байх нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байлаа. Энэ асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгов.   
  • Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2011 оны 12 дугаар сарын 8-9-ний өдөр Бүгд Найрамдах Индонези Улсын Балид болсон Ардчиллын төлөөх Балийн дөрөвдүгээр чуулга уулзалтад оролцсон дүнтэй танилцан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
  • “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, холбогдох байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Байнгын ажиллагаатай зөвлөл” болон  Засгийн газраас хийж гүйцэтгэсэн ажлын явцын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах болжээ. Нийт төлөвлөсөн 27 ажлын 15 нь бүрэн хэрэгжиж, 12 нь хэрэгжих шатандаа байгаа бөгөөд 87.8 хувийн биелэлттэй байна гэсэн тоо гарчээ.
  • Засгийн газар өнгөрсөн онд иргэдээс 1458 санал, өргөдөл, гомдол хүлээн авч 1252-ыг нь холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж, 206-г нь судалж байна. Иргэдээс ирүүлсэн санал 2010 онтой харьцуулахад 48.7 хувиар, хүсэлт 12.7 хувиар буурч, гомдол 6.2 хувиар өсчээ. Мал аж ахуй, газар тариалангийн салбартай холбоотой санал, хүсэлт өмнөх оноос долоо дахин буурсан нь 2011 онд энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн, иргэн, аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө шинэчлэн, хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ явуулсантай холбоотой байна. Түүнчлэн хишиг, хувиа бөөнөөр авах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх онтой харьцуулахад  хоёр дахин өсчээ. Энэ нь иргэд орон сууцны зээл, сургалтын төлбөр төлөх, малчид хоршиж аж ахуй эрхлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэх гэсэнтэй холбоотой байжээ.
  • Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хянах зорилгоор хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлтийг хавсралтаар баталлаа. Шалгуур үзүүлэлтийн мэдээллийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан мэдээллийн санд төвлөрүүлж, харьцуулсан дүн шинжилгээ хийж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 38 шалгуур үзүүлэлтээр сум, дүүрэг, аймаг, нийслэлийн мэдээллийг жилд нэг удаа нэгдсэн санд төвлөрүүлэх юм байна.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж